Н.Энхбаяр, Г.Уянгын нөхөрлөл

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр, Г.Уянгын нөхөрлөл

Сонин юм, нүүр нүүрээ үзэхгүй хонь, чоно шиг байсан хүмүүс өнөөдөр дотны андууд болжээ. Сүх жанжны талбайд хөөрхий бухимдсан иргэд эсэргүүцлийн жагсаал хийж, эрх ашгаа хамгаалж тэмцэж байгаагийн ард дээрх дүр зураг харагдаж байгаа юм. 2008 оны үеийн жагсаал цуглааны үеийн эсрэг, тэсрэг хоёр талын баатар өдгөө “Эх орон-тусгаар тогтнол-шударга ёс” хөдөлгөөнд нэгдэж, ашиг сонирхол нэг болжээ.

Хэдхэн жилийн өмнө Н.Энхбаяр Төрийн ордны дээд давхарт Ерөнхийлөгчийн тамга барин сууж байх тэр үед гадаах гудамжинд Г.Уянга иргэний хөдөлгөөнд оройлон оролцож, түүнийг огцрохыг шаардаж байлаа. Тэмцэгч эмэгтэйнхээр бол авлигын загалмайлсан эцгээр тодорсон Н.Энхбаяр эрх мэдэл, эзний суудлаас унах учиртай байв. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэгчлэн Н.Энхбаяр цагийн саалтаар тамгаа өгч Төрийн тэргүүнээс буусан. Иргэний хөдөлгөөний шахалт шаардлагаар биш ч гэлээ тэдний зорилго нэг л өдөр биелсэн юм.

Харин өнөөдөр юу болж байна. Монголын томоохон хүчний нөлөө бүхий эрхэм явсан Н.Энхбаяр улс төрийн хаалганы гадна үлдсэнийг буцааж байранд нь оруулахаар өнөө иргэний хөдөлгөөнийхөн, сөрөг намынхан хүчээ нэгтгэж байх юм. Өмнө нь аанай л арцалдаж явсан М.Энхсайхантай үй зайгүй найзууд болж, түүгээрээ дамжуулан ҮШН-ыг байгуулсан нь төдийлөн явцгүй байгаа. Юутай ч түүний эрх ашиг, үзэл баримтлалтай энэ намд иргэний хөдөлгөөнөөр алдаршсан тэмцэгч эмэгтэй Г.Уянга Хариуцлагатай нарийн бичгийн даргын албыг нь гүйцэтгэх болсныг хэн хүнгүй мэдэх болов уу. Ингээд бодохоор “Эх орон-тусгаар тогтнол-шударга ёс” хөдөлгөөний ард Н.Энхбаяр, М.Энхсайханы ҮШН болон нэрээ авч чадахгүй яваа нам байгаа гэж харагдаж байгаа юм. Тэгэхээр аль нэг улс төрийн хүчинд томоохон алба хашдаг хүний тэмцлийг иргэний хөдөлгөөнийх гэж ойлгож болох уу, бид. Сүх жанжны талбайд төр засагт буруу шийдвэр булхайтай ажиллагааг нь эсэргүүцэн тэмцэж байгаа олон түмэн тэдэнд итгэж болох уу.

Н.Энхбаярын улс төрийн карьерыг цааш үргэлжлүүлэхэд нь УИХ-ын 2008 оны сонгуулийн үед байгуулагдсан Монголын ардчилсан хөдөлгөөний намын дарга, гишүүд, улс төр судлаач, Ардчилсан нам, МАН-ын өмнөх гишүүн гээд үхрийн бөөр шиг тэмцэгчид нэгдээд байна. Тэмцлээ зоригтойхон эхлүүлчихэж чадаагүй тэд ядарсан иргэдийн бухимдлыг ашиглан иргэдийн гэх нэр дор өөрсдийн сонирхлоо төр засагт тулгаж байна. Ялангуяа Г.Уянгад иргэд итгэснийг улс төрийн хүчин ашиглаж байгааг гэмгүй иргэд хараахан олж харахгүй байх шиг.

Үзэг гэх зэвсгээрээ төрийн тэргүүнийг ч түгшээж явсан сэтгүүлч эмэгтэй өнөөдөр түүний зэвсэг болж байгаа нь хачирхалтай. Н.Энхбаяр, Г.Уянга яагаад өнөөдөр  нэгдэж, нэг намд зүтгэх болов оо. Н.Энхбаярын улс төр дэх нөлөөгөө тогтоох хязгааргүй шуналд, жагсаал цуглаанаар хааяа гарч ирдэг Г.Уянгын сонирхолтой нэгэн цэгт давхацсан гэх нь байгаа бол алга эргүүлэх төдий өөрчлөгддөг үнэн гэж байдаг л юм байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж