Боксчид Европын цувралаас 15 медальтай ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Боксчид Европын цувралаас 15 медальтай ирлээ

Буурал тивийг “дайлаар мордсон” Монголын ширэн бээлийтнүүд Европ дахь “тулаан”-аа хос алтан медалиар өндөрлүүлснээр өчигдөр эх орондоо ирсэн билээ. Харин өнөөдөр Монголын олимпийн боксын холбооны тэргүүлэгчид, тамирчин, дасгалжуулагчид Европын цуврал тэмцээнүүдээс 15 медальтай ирсэн амжилтаа танилцуулж, мэдээлэл хийлээ.

Монголын олимпийн боксын холбооны нэгдүгээр шигшээ багийнхан Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг нарын удирдлага дор Албани, Польш, Сербийн рингэнд тулалдаж, хоёр алт, долоон мөнгө, есөн хүрэл медаль хүртжээ. Европын цувралын хамгийн сүүлийн тэмцээн болох Сербийн нийслэлд болсон “Бельградын ялагч-2011” тэмцээнээс П.Сэрдамба /52 кг/, У.Мөнх-Эрдэнэ /64 кг/ нар алт, Г.Ариунболд /49 кг/, Б.Жавхлан /60 кг/ нар мөнгөн медаль хүртсэнээр багийн амжилтаар түрүүлж, цомын эзэн болсон юм. Түүнчлэн тус тэмцээний “Шилдэг техниктэй тоглогч”-ийн шагналыг Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба хүртсэн нь мөн л бахдам амжилт.

Харин Ардын багш Д.Банди, дасгалжуулагч Д.Батсүрэн нарын хамт Армяны Ереван хотноо олон улсын тэмцээнд оролцсон хоёрдугаар шигшээ багийнхнаас З.Энхзориг хүрэл медаль хүртсэн юм. Армяны олимпийн хорооны ерөнхийлөгч Гагик Царукьяны ивээл дор зохион байгуулсан тус тэмцээнд ОУХМ З.Энхзориг 60 кг-ын жинд өрсөлдөж, хүрэл медаль, түүнийг дагалдах 2000 ам.долларын эзэн болсон билээ.

Дашрамд сонирхуулахад, “Дэлхийн лиг” гэгдээд буй “World Series of Boxing” тэмцээнд амжилттай оролцсон дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт мөн өчигдөр эх орондоо ирсэн юм. Тэрбээр өнөөдрийн хуралд хүрэлцэн ирсэн байлаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж