Айлчлалын талаар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Айлчлалын талаар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 16-19-нд Сингапур улсад, 19-24-нд Австрали улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Айлчлалын үр дүнгийн талаар дөнгөж сая Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Сингапур улсын хувьд боловсролын чанараараа дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэх болсон байна. Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт шинэчлэл хийхээр зорьж, Кемөрижийн сургалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Тиймээс Сингапур улсаас суралцах зүйл олон байсан тул Монголын багш нарыг Сингапур улсын туршлагаас суралцуулахаар хоёр тал харилцан тохиролцжээ. Одоогоор Сингапур улсад Монгол Улсаас хувийн зардлаараа 400 гаруй оюутан суралцаж байгаа гэнэ.

Сингапур улстай хамтран ажиллахаар тохиролцсон хоёр дахь томоохон ажил нь орон сууцжуулах хөтөлбөр аж. Сингапур улсын хувьд 50 гаруй жилийн өмнө хүн амынх нь найман хувь орон сууцанд амьдардаг байсан бол одоо 94 хувь нь орон сууцанд амьдрах болжээ.  Ийм амжилтанд хүрэхэд нөлөөлсөн гол хөшүүрэг нь урт хугацаат, бага хүүтэй зээлийг иргэддээ олгосон явдал аж. Иргэдээ орон сууцтай болгохын тулд 30 жилийн хугацаатай, жилийн 2.6 хувийн хүүтэй зээлийг олгож ирсэн байна.  Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа энэ үед Сингапур улсын бодит жишээнээс суралцах боломжтой гэж үзжээ. Тиймээс тус улсын судалгааны багийнхан энэ оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсад хүрэлцэн ирж, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар болжээ.

Австрали улсад хийсэн айлчлалын хүрээнд Ерөнхий сайд мөн олон зүйл дээр нааштай шийдвэрүүдийг гаргуулж чадсан байна. Тухайлбал, Австрали улс нь 2011 онд багтаан Монгол Улсад худалдааны төлөөлөгчийн газраа байгуулахаар болсон. Энэ нь Монгол Улсад Австрали улсын Элчин сайдын яам байгуулагдах хөрс нь болно гэж албаныхан хэллээ.

Хоёр дахь чухал асуудал нь Австрали улсад суралцах Монгол оюутны визийн нөхцлийг хөнгөвчлөх тал дээр хоёр тал ярилцаж, нааштай шийдвэрийг гаргуулж чадсан байна. Тодруулбал, оюутны визийн зэрэглэлийг ахиулж, Япон, Хятад, БНСУ-ын оюутнуудад тавьдаг нөхцлийн дагуу Монгол оюутнуудыг виз хүсэхэд нөхцлийг нь хөнгөвчлөх бололцоотой талаар яриа хэлэлцээрийг хийжээ. Гэхдээ энэхүү нөхцлийг хөнгөвчилхөд цаг хугацаа бас шаардана. Тиймээс одооноос эхлээд Австрали улс руу суралцах оюутны визийн нөхцөл хөнгөвчлөгдлөө гэж ойлгож бас болохгүй аж.

Айлчлалын хүрээнд амжуулсан бас нэг чухал шийдвэр нь Австрали улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэхээр болсон явдал аж. Монгол Улсаас тус улсад жил бүр 28 оюутан тус улсын зардлаар суралцдаг. Энэ тоог 38-д хүргэхээр болсон байна. Түүнчлэн Австрали улс уул уурхайн мэргэжлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг тул энэ дагуу Монгол залуусыг сургах, улмаар тус улсын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг Монгол Улсад байгуулах боломжтой талаар ч ярилцсан байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж