
Ажлын зав чөлөө гарсныг ашиглаж, дүүргийнхээ аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр өглөө эртлэн тавдугаар сургуулийн талбайг зорилоо. Өмнөх жилүүдийн тэмцээн энэ сургуулийн шороон талбайд болдог байсан. Харин тус талбайг өнгөрсөн намар хиймэл зүлгээр хучиж, ихээхэн тохижуулсан л даа.
Тэмцээн Монголын хүүхдийн спортын наадмын удирдамжийн дагуу 17 хүртэлх насны ангилалд болсон юм. Анхны тоглолт 72, 24 дүгээр сургуулийн хооронд болох байсан тул дотроо ихэд олзуурхлаа. Учир нь эдгээр багууд яг энэ насандаа (хоёр жилийн өмнөх 15 хүртэлх нас) алтан медалийн төлөө тоглож байсан билээ. “Энэ жилийн тэмцээн сайхан болох нь ээ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. Харин “Жилийн жилд шүдний өвчин болдог зохион байгуулалтын асуудал хэрхэх бол” гэсэн бодол мөн давхцаж байсан ч “Сүүлийн үеийн ихэнх тэмцээн цаг нарийн барих болсон тул гайгүй биз” гэж өөрийгөө тайтгаруулж байлаа. Гэвч бүх зүйл бахь байдгаараа. Өглөөний 08:00 цагт эхлэх ёстой тэмцээн 60 минут өнгөрсөн ч эхэлсэнгүй. Эхний тоглолтод таарсан багууд хэдийнэ хувцсаа сольж, бие халаалтаа хийсэн ч зохион байгуулагчдаас ганц ч хүний бараа үзэгдсэнгүй. 09:00 цаг өнгөрч байж зохион байгуулагч бололтой нэг залуу хоёр бөмбөг сугавчилсаар ирсэн. “Одоо л эхлэх нь дээ” гэж бодтол андуурчээ. Шүүгч нар нь уван цуван ирснээр тэмцээн цагаасаа нэлээд хожуу эхэллээ. Өглөөний хүйтэн жаварт цаг гаруй зогссондоо багагүй бухимдсан би зохион байгуулагч залуугаас тэмцээн яагаад цагтаа эхлэхгүй байгаа талаар тодруултал “Би бүх шүүгчийг гэрээс нь авчирч чадахгүй” хэмээн хэгжүүн хариулав.
Тоглолт нэг юм эхэллээ. Тоглогчид зохион байгуулагчдын авчирсан бөмбөгийг голж байна. Хөлбөмбөгчдийн ярьдгаар “цаас” авчирсан байв. Бүхэл бүтэн дүүргийн БТСГ байж ийм ч байх гэж. Арга буюу тавдугаар сургуулийн дасгалжуулагч өрөөнөөсөө арай дөнгүүр зүйл авчирлаа. Энэ жилийн тэмцээн талдаа 15 минутаар үргэлжлэх болжээ. Басхүү багууд хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Энэ нь дэвшил юм. Учир нь өмнөх жилүүдэд Чингэлтэй дүүргийн БТСГ-аас тэмцээн зохион зохион байгуулсан нэр төдий зүйл л хийж байв. Дасгалжуулагчдын эсэргүүцлийг үл хайхарч, багуудыг шууд хасагдах системээр тоглуулдаг байв. Орчин үед ямар ч тэмцээн ийм дүрмээр (олон тоглолттой лигийн гаднах цомын тэмцээнийг эс тооцвол) болдоггүйг гадарладаг ч тэмцээнээ болж өгвөл бушуухан дуусгах гэсэн санаа. Тоглолтын хугацаа нь бүр ч инээдтэй. Нэг талдаа долоон минут. Ёстой л “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгч болж, тэмцээн явуулсан болоод өнгөрдөг байсан даа. Гэвч энэ жилийн тэмцээний 15 минут бас л тоглогчдод хүрэлцсэнгүй. Бөмбөг хашаа даваад алга болно. Түүнийг нь олж авчиртал хоёр минут өнгөрнө. Уг нь манайд болдог бусад тэмцээн дээр зориуд бөмбөг зөөгч хүүхдүүд бэлтгэж, бөмбөг тоглолтоос гарсан үед дараагийнхийг нь шууд өгч, тоглолтын ашигтай цагийг нэмэгдүүлэхийг хичээдэгсэн. Багийн дасгалжуулагч нар энэ тухай ам нээсэн ч зохион байгуулагчид урьдын адил сонсоогүй болоод өнгөрлөө. Нээлтийн тоглолтод 72 дугаар сургуулийн баг өрсөлдөгчөө 3:2-оор хожсон.
Тоглолтын дараа багийн дасгалжуулагчид дараагийн тоглолтын хуваариа мэдэхээр зохион байгуулагчид хандлаа. 24 дүгээр сургуулийн дараагийн тоглолт уг нь 12:00 цагт эхлэх учиртай байж. Харин зохион байгуулагчид “13:00 цаг өнгөрөөгөөд тоглох боллоо” хэмээсэн. Тэмцээн цагаасаа нэлээн хоцорсон тул ингэсэн хэмээн тайлбарлав. Миний бие шүүгч нарын ард зогсч байсан юм. Тэдний гаргасан хуваарийг харвал тоглолт бүрийг 30 минутын хугацаатай хийжээ. Тоглолт талдаа 15 минутаар үргэлжилж, нийтдээ хагас цаг болно. Үүн дээр завсарлагааны таван хором болон бие халаалтын цагийг тооцмоор. Зарим баг ганц нэг минут хоцорч ирж болно. Хоёр баг тоглох гээд жагсахад тоглолтын өмсгөлийн өнгө давхцах нь түгээмэл. Нэг нь хувцасны эрэлд гарч, хэсэг цаг хорооно. Энэ мэтийг тооцож үзмээрсэн. Гэвч тоглолт бүр цагтаа амжиж байсан нь гайхалтай. Үүний учир тун энгийн. Шүүгч нар тоглолтын нэг үеийг 15 бус, 10 минут гаруй явуулаад л шүглээ дуугаргаж байв. Харин тав, 72 дугаар сургууль зэрэг тогтмол тэмцээн уралдаанд оролцдог багийн тоглолтын үеийг 13-14 минут үргэлжлүүлсэн. Үүнийг бичигч миний бие эргэлзээгээ арилгахын тулд гар утасныхаа электрон цагийг тоглолт эхлэхтэй зэрэг гүйлгэж мэдсэн билээ. Ингэсээр байтал тэмцээн хоцорсон цагаа дорхноо нөхөх нь тэр. “13:00 цаг өнгөрөөж эхэлнэ” гэж байсан 24 дүгээр сургуулийн тоглолт урагшилж, 12:30-д эхлэх болжээ. Тэр цаг болоход тус сургуулийн тамирчид байсангүй. Хоёр, гурван цагийн хичээлдээ суухаар сургууль руугаа явсан юм чинь, яаж байх билээ. Тэгтэл зохион байгуулагчид тухайн багийг тэмцээнээс хасч орхив. Үүнээс 15 хормын дараа 24 дүгээр сургуулийн баг ирсэн ч хачирхалтай мэдээ сонссон. Уг нь тэд 13:00 цагт тоглоно гэж бодоод 15 минутын өмнө ирсэн ч төдий хугацаагаар хоцорсонд тооцогдов. Багийн дасгалжуулагч нь үүнийг учирласан ч зохион байгуулалт муутай зохион байгуулах хорооныхон үл хэрэгссэн билээ.
Тэд нэг л зүйлээрээ бамбай хийнэ. Түүнийг нь сонсоход тун өрөвдмөөр. “Тэмцээнд оролцож байгаа бүх баг энэ талбайд хүлээж байгаад тоглоно. Тэгэхэд танайх явж, тэмцээний дүрэм зөрчлөө” гэх. Тэднийхээр шороо тоос бужигнасан хаврын өдөр дараагийн тоглолтоо хүлээгээд, 3-4 цаг халтайгаад гадаа сууж байх юм гэнэ. Зохион байгуулагч залууд “Тухайн баг тоглох цагтаа л бэлэн байж байвал тэмцээнээ хүлээгээд сууна уу, хичээлдээ явна уу, хоол эргүүлээд алга болох нь огт хамаагүй” гэдгийг ойлгуулах гэж хичээсэн ч илжигний чихэнд алт хийсэнтэй ижил зүйл болсон.
Ийнхүү дүүрэгтээ амжилттай тоглож, улмаар дөрвөн жилд нэг болдог Монголын хүүхдийн “олимп”-д оролцох гэсэн нэгэн багийн мөрөөдөл, олон жилийн хөдөлмөрийг зохион байгуулагч нэртэй спорт мэддэггүй шахуу хэдэн нөхдийн хариуцлагагүй үйлдэл баллахыг биеэр үзлээ. Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд Б.Чин-Оргил дасгалжуулагчтай тавдугаар сургууль түрүүлж, Д.Чулуунболд дасгалжуулагчтай 72 дугаар сургууль үзүүрлэв.
Зөвхөн нэг өдөр болсон тэмцээн үзэхэд энэ. Үүнээс өмнөх жилүүдэд үзэгчийн хувиар очиж байсны хувьд өгүүлэх зүйл олон. Чингэлтэй дүүргийн БТСГ-аас тэмцээний удирдамждаа “МХБХ-ны шүүгч шүүнэ” гэсэн байдаг ч энэ нь бодит байдалтай огт нийцдэггүй. Хөлбөмбөгийн дүрмээ ч мэдэхгүй нэгэн ирж шүгэл үлээснээр бөөн будлиан тарьдаг. Өнгөрсөн жилийн намар болсон тэмцээнийг санах юм. Нэгэн багийн тоглогч бөмбөгөө хажуугаас гаргах гээд шидсэн нь шууд хаалганд орчихож билээ. Тоглогч хүрсэн ч, хүрээгүй ч үүнийг гоол хэмээн тооцно гэж хөлбөмбөгийн дүрмэнд бичсэн байдаг. Алаг бөмбөгтэй нөхөрлөсөн хэн ч үүнийг мэддэг. Гэтэл шүүгч үүнийг тооцоогүйгээс хоёр баг хамарсан маргааныг эхлүүлж билээ. Заримдаа согтуу хүн ч ерөнхий шүүгчээр ажиллаж л байдаг. Ганц Чингэлтэй дүүрэгт, зөвхөн хөлбөмбөгийн тэмцээнд ийм зүйл тохиолддог юм биш. Бусад дүүргийн, өөр спортын тэмцээн ч иймэрхүү маягтай болдог. Монгол Улсын БТСГ-ын анхан шатны байгууллагуудын ажил өнөөдөр ийм л байна.
Спортод чин зүрхнээсээ сонирхолтой, түүний төлөө цаг зав, хөлс, хөдөлмөрөө зориулдаг залуусын хичээл зүтгэлийг төрийн албаны суудал бөглөж, мөн төрийн байгууллагын сүр хүчээр далайлгадаг, юу ч мэдэхгүй байж түүнийгээ хүлээн зөвшөөрөх иргэний зориг, албан хаагчийн ёс зүй байхгүй нөхдүүд хэдий болтол балласаар байх вэ.