Л.Гансүх Г.Дашрэнцэнг шүүхэд өгөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Л.Гансүх Г.Дашрэнцэнг шүүхэд өгөөгүй гэв

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх “Өдрийн сонин”-ы сэтгүүлч,
нийтлэлч Г.Дашранцэнг шүүхэд өгсөн тухай “Улс төрийн тойм” сонины
өнөөдрийн дугаарт мэдээлсэн байна. “Өдрийн сонин”-ы саяхны нэгэн дугаарт
нийтлэгдсэн “Намаа ялагдуулбал сайд болно” гарчигтай нийтлэлд ”Байгаль
орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Дундговь аймагт очихдоо аймгийн
Ардчилсан намын хорооны хурлыг зохион байгуулан намд нь таван сая,
гишүүн бүрт нь 500 мянган төгрөг өгч, намын даргаар Х.Наранхүү гишүүний
бие төлөөлөгч С.Од-Эрдэнэ хэмээх залууг намын даргаар сонгуулсан” тухай
мэдээлсэн билээ. Үүний төлөө сайд Л.Гансүх сэтгүүлч Г.Дашрэнцэнг
Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн талаар “Улс төрийн тойм” сонин
мэдээлжээ. Тиймээс БОАЖ-ын сайд Л.Гансүхээс энэ талаар тодрууллаа.

-Та Дундговийн намын хуралтай холбоотой мэдээллийн мөрөөр Г.Дашрэнцэн сэтгүүлчийг шүүхэд өгсөн гэж үнэн үү? Ямар үндэслэлээр?

-Би Г.Дашрэнцэн гэж сэтгүүлч танихгүй. Харин энэ асуудлаар Дундговь
аймгийн Ардчилсан намын дарга асан н.Хүүхэнбаатар гэж хүнийг шүүхэд
өгсөн нь үнэн. Сонинд нийтлэл гарсны дараа “Өдрийн сонин”-ы
сурвалжлагчаас “Ямар эх сурвалж, ямар үндэслэлээр ийм ташаа мэдээлэл
гаргаснаа тайлбарлана уу, огт болоогүй явдлыг болсон мэтээр бичсэн байна
аа” гэж асуусан. Гэтэл “Аймгийн намын дарга асан н.Хүүхбаатар гэдэг хүн
энэ мэдээллийг өгсөн. Би санаанаасаа зохиож бичээгүй” гэдэг хариултыг
надад өгсөн. Мэдээлэл өгсөн эх сурвалж нь тодорхой байгаа учраас
сэтгүүлчтэй зарга хийгээгүй. Харин тэр н.Хүүхэнбаатар гэдэг хүний эсрэг
шүүхэд гомдол гаргасан нь бол үнэн.

-Таныг Дундговь аймагт болсон “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээр
Дундговь аймагт ажиллаж байхад тань аймгийн намын хорооны хурал болсон
гэсэн. Та тэр хуралд нь оролцсон юм уу?

-Би хагас сайн өдөр очиж, “Монгол хүн 2020” хэлэлцүүлэгт оролцоод, бүтэн
сайны өдөр иргэдтэй хийх уулзалтад оролцчихоод үдээс хойш нь хот руу
гарсан. Тэгж хурал энэ тэр зохион байгуулаад, оролцоод явж байх цаг ч
надад байгаагүй. Аймгийн намын хурал нь биднийг буцсанаас хойно болж,
намынхаа даргыг сольсон юм билээ. Тэр бол надтай огт хамаагүй зүйл.

-н.Хүүхэнбаатар даргыг та аль шүүхэд өгсөн юм бэ?
-Сүхбаатар дүүрэгт.

-Яагаад? н.Хүүхэнбаатар дарга хотод амьдардаг юм уу?
-Үгүй. “Өдрийн сонин” дээр гарсан нийтлэл учраас сонины харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн.

-Тэгвэл Г.Дашрэнцэн сэтгүүлчийн нэр дээр шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэсэн үг үү?
-Үгүй. Гэвч тэр мэдээллийг нийтэлсэн гэдэг утгаараа шүүхэд гэрчээр оролцож мэдүүлэг өгөх шаардлагатай болох байх л даа.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж