Мөнгөн усны хордлого гарсан уу?

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Мөнгөн усны хордлого гарсан уу?

Өмнөговь аймагт мөнгөн усны хордлого гарсан эсэхийг судлах баг ажлаа эхэллээ.

ЭМ-ийн сайд, БОАЖ-ын сайд нарын хамтарсан тушаалын дагуу Өмнөговь аймгийн 0-5 насны хүүх­дүүд болон эхчүүдийн дунд мөн­гөн усны нөлөөлөл бий эсэхийг судлах зорилготой ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг Даланзадгад, Булган, Цогт-овоо, Хүрмэн, Ханбогд сумдад хоёрдугаар сарын 21-нээс ажиллаж эхэллээ. 2008 онд БОЯ-ны хийсэн судал­гаагаар алтны орд ихтэй Өмнө­говь, Сэлэнгэ, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд цианит натри, мөнгөн ус тархаж, 53.5 га талбайд химийн бодис гамшигт ул мөрөө үлдээснийг тогтоосон.

Үүнээс Өмнөговь аймагт ургийн гаж төрөлттэй хүүхэд төрсөн тохиолдлууд бүртгэгдэх болсон юм. Үүний шалтгааныг мөнгөн усны хордлоготой холбон тайлбарлах хандлага байгаа учир Өмнөговь аймагт хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх мөнгөн усны нөлөөллийн түвшинг нарийвчлан тогтоох судалгааг нөхөн үржихүй болон хүүхдийн оюун ухааны хөгжлийн байдалтай уялдуулан судлахаар болсон байна. Ингэхдээ хүний цус, шээс, үсэнд мөнгөн ус тодорхойлох, генетикийн шинжилгээг хийж байгаа юм.

Уул уурхай, үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас хүн органик бус мөнгөн усны нөлөөлөлд өртөх бөгөөд хүний биед нэвтрэн орсон органик, органик бус мөнгөн ус нь цусанд шимэгдэж бөөр, нөхөн үржихүй, мэдрэлийн тогтолцоонд хортойгоор нөлөөлдөг.

Гадаадын орнуудад хийгдсэн зарим судал­гаанаас харахад жирэмсэн эмэг­тэйчүүд метил мөнгөн усаар хорд­сон тохиолдолд ургийн мэдрэлийн тогтолцооны эрхтнүүдэд гаж хөг­жил үүсэх төдийгүй зарим тохиол­долд ургийн үхэлд хүргэдэг байна. Түүнчлэн зарим туршилт судал­гаагаар мөнгөн усны органик болон органик бус аль ч хэлбэр нь эхийн сүүгээр ялгардаг болохыг тогтоосон бөгөөд ургийн мэдрэлийн хордло­го үүсгэх гол шалтгаан болдог. Мөн­гөн усны өртөлт нь ургийн жинд нөлөөлдөг байна.

Монгол Улсад мөнгөн ус хэрэг­лэн хууль бусаар алт олборлож байгаа иргэд хэрэглэж байгаа химийн бодисынхоо (мөнгөн ус, циа­нид) хор аюулын талаар мэдэх­гүйгээс гадаад орчныг бохирдуу­лаад зогсохгүй өөрсдийн болон үр хүүхэд, хүн амын эрүүл мэндэд аюул учруулж байна.

Ажлын хэсэгт Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ЭНЭШТ, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Шастины нэрэмжит клиникийн 3-р эмнэлгийн мэд­рэл, арьс, хүүхэд, эмэгтэйчүүд, хорд­логын эмч нар болон лабораторийн шинжээчид оролцож байгаа бөгөөд ирэх долоо хоногт нийслэлд ирж, судалгааныхаа дүнг гаргах юм.

Н.Гантуяа
Монцаме агентлаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж