Нэрт зураач Аи Вэйвэйг суллахыг шаардан уриалсныхаа төлөө Хятадын рок хөгжимчин Зуо Шио Шанхайн цагдаагийн газарт 12 цаг саатуулагдаад гарчээ. Тэрбээр Facebook-ийнхээ хуудсанд “Би суллагдсан. Бүх зүйл хэвийн” гэснээс өөр зүйл бичээгүй байна. Хятадын зүүн мужид болсон нэгэн урлагийн наадмын үеэр тэрбээр том дэлгэцэн дээр “Аи Вэйвэйг сулла” хэмээсэн бичиг гаргасан гэнэ. Мөн “Аи Вэйвэйд хэн хайргүй вэ?” нэртэй өгүүлэл бичсэн нь хэд хэдэн сонинд хэвлэгджээ. Тэрбээр энэ сарын 3-наас хойш шоронд хоригдож байгаа алдарт зураачийн дотны найз юм.
Хонконгод төвтэй Хүний эрх, ардчиллын төвийн мэдээлж буйгаар энэ хоёрдугаар сараас хойш олон тооны хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгчид баривчлагдаж, сураггүй алга болсоор байгаа гэнэ.