“Төрийн мэдээлэл” эмхтгэл хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхтгэл хэвлэгдлээ

Эмхтгэлийн шинэ дугаарт Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай болон түүнийг дагалдан гарсан хуулиудыг нийтэлсэн байна. Энэхүү хуулиар улс төр, эрх зүй, эдийн засаг,нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендерийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм. Жендерийн ялгаварлан гадуурхалтыг хуулиар хэрхэн хориглосон, эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хангах тусгай арга хэмжээ, улс төр, эдийн засгийн хүрээ, төрийн алба, хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дахь жендерийн тэгш эрхийн баталгааг хангах талаар хуульд хэрхэн заасныг эмхтгэлийн хуудаснаас мэдэх боломжтой. Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн талаархи гомдлыг хаана гаргах, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл багтсан байна.
Мөн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хуулийг нийтэлжээ. Энэхүү хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг 2011 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хориглосон байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ. УИХ-ын нэгдсэн чуулганы намрын хуралдаанаар баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг мөн нийтэлсэн байна. Гуравдугаар сарын 18-ны өдрийг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэдэг байсан бол энэ хуулиар “Монгол цэргийн өдөр” болгон өөрчилж байгаа юм.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж