
Яг л эрчүүд айл гэрийн санхүүг барьж өрх толгойлон бүсгүйчүүд удам залгуулж гэрээ өөднө татах ёстой гэсэн уламжлалт хийгээд тогтсон нийгмийн дийлэнх үзэл санаатай ижил.
Бүсгүйчүүдийн эмнэлэг, тусламж , хамгаалах төв гээд бүгд байвч эрчүүдэд юу байна , эрүүлжүүлэх гэдэг хошигнол цаанаа бас ч үгүй нэг хоржин санааг хэлээд байх шиг. Ихэнх эр хүйстэнгүүд багаасаа эхлээд хатуу хахир, тэвчээртэй байх, ноён нуруутай байх гээд л маш олон шаардлагын дунд өсж торнидог. Гэр бүлийн хүмүүжил хэдий хуучинсаг байна тэр тусмаа дарамт бүр л илүү байна. Хал нь гаднаа хайр нь дотроо гэж нэг сайхан ч юмуу санаанаасаа зохиосон ч юмуу үгээр өөрсдийгөө өмөөрцгөөнөө, амьддаа бие биенээ хайрлахгүй юм бол амьд явахын хэрэг юусан билээ… За тэр дэмийрэх ч яахав үндсэн сэдэв рүүгээ эргээд хазайя.
Эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн талаар бичсэн зүйлс элбэг байдаг тул эрчүүдийн тал дээр мэдлэг мэдээлэл хомс. Өнөөх л тэвчээртэй , буурьтай , үг цөөтэй гээд л бараг л чулуу шиг төсөөллийн цаана юу нуугдаж байдаг нь сонирхолтой. Ямартаа л монголд эрчүүд зүрхний өвчнөөр маш олон залуучууд энэ ертөнцийн хаалгыг хааж байна. Миний эцэг ч тэдний нэг. Сэтгэл дотроо хичнээн шаналж байсан ч түүнийгээ гаргах ёсгүй гүндүүгүй байх зарчим буюу бусдын хүлээлтэнд тааруулж уужуу аашлан дотроо багтарна, нэг л сайхан тайван, дуугай улс, эрт хальсаар л. Хөгжилтэй оронд бол ядаж сэтгэл зүйчид очдогсон. Монгол бол монгол шүүдээ, нийгмийн сэтгэл зүй бэлэн бус байна.
Би хувьдаа юм санаж цээжилж ирсэн буюу дурсамж хуримтлуулах чадвартай болсон үеэсээ эргээд бодохнээ нэг ч удаа нулимс дуслуулж үзсэнгүй, яагаад ч юм болдоггүй, уйтгар гуниг үхэл хагацал ирэхийн цагт юу ч мэдрэхгүй, мэдэрч байгаагаа ойлгодоггүй юм боловуу. Өнөөдрийг хүртэл амьдрахдаа чин сэтгэлээсээ уурлаж эсвэл инээж барагтаа л үзээгүй шиг. Хэний ч өмнөөс уурандаа гар далайж эсвэл баярласандаа үсчин цовхчиж байсан нь үгүй. Ямар ч хүнд эс бөгөөс баяртай мэдээг монотон хувьсалгүй тэр л мэдрэмжээр хүлээж авна. Гэхдээ мэдээж сайн тал бий, хэзээд өөрийгөө удирдах буюу контролтой байна, элдвийн зүйлд хэт уруу татагдахгүй, өөрийгөө хадгалж авч гардаг энэ л чадвар өдийг хүртэл яваагий минь нэг шалтгаан яалт ч үгүй мөн.
Тодорхойлоод энэ миний онцлог мэдрэмж, сэтгэлийн хөдлөл гээд хэлчих зүйл огт хайгаад олохгүй юм. Огцом уур , амархан гомддог, гүргэр гээд л хүн хүнээсээ ялгарч байдаг тэр л сэтгэл хөдлөлийн тогтмол илэрхийллүүд надад алга гэжүү?
Хэт контролтой байх нь сэтгэл хөдлөлөө гээхийн нэр бололтой. Цочроо алга,Уйлж үзэхсэн…..