Иргэний мэдэх эрхээр аюулгүй байдлаа хангах ёстой

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Иргэний мэдэх эрхээр аюулгүй байдлаа хангах ёстой

Иргэдийнхээ мэдэх эрхийг баталгаажуулах нь аюулгүй байдлаа хангах алхам

2010 оны хаврын чуулганаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал шинэчлэгдэн батлагдсан. Энэ үзэл баримтлалд анх удаа Монгол улсын мэдээллийн аюулгүй байдлын цогц бодлогыг тусгасан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтран “Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт онол-практикийн бага хурал зохион байгуулахаар болоод байгаа юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэгтэй ярилцлаа.

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Мэдээллийн аюулгүй байдал ямар байдлаар тусгагдсан болон мэдээллийн аюулгүй байдал гэж юуг хэлж байна вэ. Энэ талаар нэгдсэн ойлголт олон нийтийн дунд байхгүй байна?

-Үндэсний аюулгүй байдлын хангахад мэдээллийн үүрэг асар их болж байна. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалт тодорхой тусгагдсан. Юуны өмнө, төр засаг ч, хувийн хэвшил ч, иргэд ч үнэн бодитой, шуурхай мэдээлэлтэй байж л улс орныхоо хөгжил, дэвшил, аюулгүй байдлын асуудлаар зөв байр суурин дээр байж, зөв шийдвэр гаргах боломж бүрдэнэ. Ингэж чадсанаар улс орны үндэсний аюулгүй байдалд үр дүнтэй, зөв алхам хийнэ.  Мэдээлэлтэй, мэдлэгтэй иргэн хүн улс орноо, хөгжүүлж, хамгалж чадна гэдэг үзэл санааг шинэ үзэл баримтлалд хүчтэй туссан. Тиймээс иргэдийнхээ мэдэх эрх чөлөөг баталгаажуулах нь улс орны аюулгүй байдлын нэг баталгаа болох юм. Хоёрдугаарт, мэдээллийн технологи хөгжсөнөөр мэдээллийг ашиглаж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх, улс үндэсний аюулгүй байдалд нөлөө үзүүлэх боломж хэзээ хэзээнээс илүү нэмэгдсэн. Тухайлбал, гадаад, дотоодын гэмт этгээд, бүлэглэлүүд худал мэдээлэл тарааж Хөрөнгийн бирж дэх хувьцааны үнэ унагах, эдийн засагт нөлөөлөх, байгуулага, хувь хүний эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулах,  цаашлаад нийгмийн эв нэгдлийг хагарган бутаргах гэх мэт олон жишээ хэлж болно. Гадаадын зохион байгууллалттай бүлэглэл, албадын зүгээс янз бүрийн ажиллагаа явуулахад ч амар нөхцөл бүрдсэн. Ийм нөхцөлд мэдээллийн үйлдвэрлэж, дамжуулж байгаа манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын аюулгүй байдалд гүйцэтгэх үүрэг нэн өндөр болсон. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид хариуцлагатай, ёс зүйтэй, нийтлэлийн бие даасан бодлоготой байх, өөрийн сонор сэрэмжтэй байх асуудал чухал болж байна. Гуравт,  нийгэм, улс орон бүхэлдээ мэдээллийн технологоос их хараат болж байна. 

-Компьютерыг хэлж байна уу?

-Өнөөдөр компьютер ашигладаггүй байгууллага, айл өрх гэж бараг байхгүй болж,  интернетийг хот хөдөөгүй ашиглаж байна. Үүнээс үүдэн жирийн иргэн хүн хүртэл  мэдээллийн технологоос асар их хараат, энэ хэмжээгээрээ аюулгүй байдал нь эмзэг болсон байна. Тухайлбал, УБМТ-д л гэхэд манай улсын бүх иргэний хувийн мэдээлэл, хурууны хээ, гарын үсэг байгаа. Санхүүгийн мэдээлэл нь банкны компьютерт байгаа. Тэнд халдаж ямар ч иргэний мэдээллийг авч ашиглах, хохироох боломж, магадлал байгаа. Иймээс мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангах нь мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой нэн чухал асуудал. Энэ бүхнийг хамгаалахын тулд мэргэжлийн ажиллах хүчин, тоног төхөөрөмж, мөнгө санхүү гээд олон зүйл шаардагдаж байна. Эцэст нь төрөөс мэдээллийн аюулгүй байдлыг хангах бодлого, эрх зүйн орчин, хангах тогтолцоо, боловсон хүчин, хөрөнгө мөнгөний асуудлаа цогцоор нь шийдэх асуудал чухал. Тухайлбал мэдээллийн нууцлалтай холбоотой хуулийг жишээ татъя. Төр хамгаалах шаардлагатай мэдээллээ хуульчилж, хамгаалсан шиг хамгаалдаг болох, нөгөө талд хуулиар хориглоогүй мэдээллийг иргэддээ өгсөн шиг өгдөг байх сэтгэл зүй, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Маргаашийн /өнөөдөр/ болох хурал дээр энэ бүхнийг голчилж ярина.

-Аливаа зүйлийн хэм хэмжээ тэнцвэргүй болохоороо аюултай болдог. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэм хэмжээг зөрчсөн хүмүүст ямар хариуцлага хүлээдэг вэ?

-Аливаа харилцааг хуулиар л зохицуулах ёстой. Тухайлбал гадаадын зарим оронд мэдээллийн хэрэгслээр цацагдах гадаадын агуулгатай нэвтрүүлгийн хэмжээг хуулиар хязгаарладаг жишиг байдаг. Энэ мэт үндэсний ашиг сонирхлоо хамгаалахтай холбоотой асуудлыг мэдээлэлтэй холбоотой олон төрөлжсөн хуулиудаар зохицуулалт хийх хэрэгтэй. Энэ ажил манайд их хоцрогдсон.

-Төрийн ордны мэдээллийн сүлжээг гадны халдлагаас хамгаалах хамгаалалтын прогромм нь бидний өдөр тутам ашигладаг вирусын программтай адил байдаг гэсэн. Саяхан нэг удаа гаднаас халдсан гэсэн мэдээлэл цацагдсан. Улс орны олон чухал мэдээлэл хадгалагдаж байгаа энэ сүлжээг хэрхэн хамгаалдаг юм бэ?

-Ганц манай улсад ч биш өнөөдөр аль ч улс орны хувьд төрийн мэдээллийн сүлжээ рүү гаднаас халдахыг оролдох, халдах явдал байнга гарч байдаг түгээмэл  зүйл болсон.  Хамгийн гол нь тэнд хамгаалалт байна уу, ямар түвшинд байна вэ гэдэг чухал. Манай хувьд энэ тал дээр манай мэдээлэл технологийн мэргэжилтнүүд их бодитой зовлон ярьдаг. Манайд хууль эрх зүйгээ боловсронгуй болгох, техник технологио сайжруулах, мэргэжилтэн бэлтгэх, шаардлагатай хэмжээнд хөрөнгө мөнгө зарах гээд олон ажил хүлээгдэж байгаа. Энэ талын хууль байхгүйгээс юунд үндэслэж мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой  төсөв мөнгө хуваарилах вэ гэдэг асуудал хүртэл гарна.  Үүнээс болоод хямдхан вирусын программ худалдаж авахаас хэтрэхгүй байх нөхцөл ч зарим төрийн байгуулагад үүсч байгаа.

-Сүүлд wikileaks сайт нэлээд шуугиан дэгдээлэй. Дээрх сайтад нийтлэгдсэн мэдээллүүдийн дунд манай улстай холбоотой мэдээлэл ч цацагдсан. Манай улсын нэр хүндтэй холбоотой энэ асуудал дээр манай улс ямар нэгэн арга хэмжээ авсан уу?

-Wikileaks сайттай холбоотой хэргийг дэлхий дахин мэдээлэл технологийн салбарт тохиолдсон  9 дүгээр сарын 11, цунами гэх мэтчилэнгээр тодорхойлж байна. Ерөнхийдөө энэ хэрэг мэдээллийн технологийг ашиглаж, улс орнуудын хооронд болон улс орны дотоод байдалд ямар том давалгаа үүсгэж болох вэ гэдгийг харуулсан айхтар том үйл явдал боллоо. Мэдээж үүн дээр манай төрийн байгууллагууд өөрийн дүгнэлтээ гаргаж, иргэд ч мэдээллийн аюулгүй байдалд анхаарах явдал тодорхой түвшинд нэмэгдсэн. Цаашид бодитой арга хэмжээнүүдийг шуурхай хэрэгжүүлэх л чухал байна.

-Аюулгүй байдал гээд ярихаар ГХЯ-ны ажилтан гадаадын улс орон руу улсын нууцад хамаарах баримт дамжуулсан. Сая АТГ-ын мэдээллийн санд халдлаа гэж байна. Төрийн энэ гол байгууллагуудаас мэдээлэл алдагдахгүй байх баталгааг хуулиар энэ бүхнийг зохицуулах боломж байна уу?

-Энэ талаарх хууль тогтоомжуудаа боловсронгуй болгож мөрдөх, байхгүйг нь буй болгох асуудал тулгамдаж байгааг дахиад хэлье. Тухайлбал, Ц.Жаргалсайхантай холбоотой асуудал дээр холбогдох энэ асуудлыг хүмүүс их сөхөж байсан. АТГ-ын мэдээллийн санд халдлаа гэж байгаа нь эргээд мэдээллийн технологийн аюулгүй байдалтай холбоотой, энэ талын чадавхиа олон талаар бэхжүүлэх болсныг хэлээд байгаа хэрэг.

-Кибер гэмт хэрэг гээд л яриад байдаг. Иргэд ийм төрлийн гэмт хэрэг манайд байдаггүй гэж үздэг. Харин хууль хяналтынхан ийм төрлийн хэрэг нэлээд гарч байна гэдэг. Ийм хэрэг манайд хэр их гардаг вэ?

-Тухайлбал, дэлгүүрээс шинэ компьютер худалдан авахад түүнд нь мэдээлэл дамжуулах бичил чип суулгасан байх технологийн боломж өндөр, ийм явдал ч түгээмэл гэдгийг манай мэргэжлийнхэн их хэлдэг.  Хувь хүн гэртээ ийм компьютер авчихсан бол түүгээр дамжуулаад мэдээллийг нь хулгайлах боломжтой болсон гэсэн үг. Үүнийг тогтоосон тохиолдлууд ч байдаг. Өнөөдөр интернетийн орчинд ажиллаж байгаа л бол та байнга халдлагад өртөх магадал өндөртэй байна гэсэн үг. Интернээр дамжуулан ямар ч зорилготой хорлон сүйтгэх вирус илгээх боломжтой. Тэр битгий хэл вирусын программынхаа борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд ч интернетрээр вирус тараадаг, шинэ төрлийн вирус тараадаг бизнесийн арга ч байдаг.

-Маргааш /өнөөдөр/ болох хурлаас та ямар үр дүнг хүлээж байна вэ?

-Мэдээллийн аюулгүй байдлын үзэл баримтлалтай болчихлоо. Энэ удаагийн хурал энэ бодлогыг нийтэд таниулахад тус дөхөм болно. Хууль эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд зохих үр дүнгээ өгнө. Мөн төр, байгууллага, хүмүүс энэ асуудалд анхаарал хандуулаад ирэхээр мэдээллийн аюулгүй байдлаа хангах,  төсөв мөнгө хуваарилах, бүтэц зохион байгуулалт, тоног төхөөрөмж, боловсон хүчний зэрэг тодорхой асуудлаа шийдэх эрмэлзэл нэмэгднэ гэж найдаж байна.

С.Энхзаяа

Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж