ХДХВ-ын шинжилгээг өсвөр насныхан өгөх нь нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

ХДХВ-ын шинжилгээг өсвөр насныхан өгөх нь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ДОХ-ын вирус биедээ тээгч 66 дахь тохиолдол илэрлээ. Энэхүү вирусээр халдварласан хүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүйгээс гадна хөгшин залуу гэж хэн нэгнийг ялгадаггүй болохоор халдвар авсан хүн хэд байгааг хэлэх боломжгүй юм. Иргэд  Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиж, сайн дураараа шинжилгээ өгөхөөсөө илүүтэй эмнэлэгт хэвтэх, ажилд орох, гадаад явах зэрэг зайлшгүй шаардлагатай үед зорьж очдог нь үнэн билээ. Иймд иргэд өөрсдийн оролцоогоор халдвараас сэргийлж, шинжилгээнд хамрагдах зайлшгүй шаардлагын талаар ХӨСҮТ-ийн сэтгэл судлаач, ДОХ/ХДХВ/БЗХӨ-ийн тандалт судалгааны мэргэжилтэн Ч.Урантүлхүүртэй ярилцлаа.
-Танай эмнэлгийн сайн дурын зөвөлгөө, шинжилгээнд иргэд хэр их хамрагддаг вэ?
-Сүүлийн үед иргэд сайн дурын шинжилгээ өгөхөөр ирэх нь харьцангуй нэмэгдсэн.  Гэхдээ сайн дураараа шинжилгээ өгдөгөөсөө илүүтэй өгдөггүй хүмүүс ихэнх нь байдаг. Учир нь би яалаа гэж тэр аюултай өвчинг тусах  вэ?. Биеэ үнэлэгчид болон гей залуус л тэр өвчинг тусах магадлалтай гэж боддог тул ирдэггүй. Гэтэл  би эрсдэлтэй бүлгийнх биш гэсэн хүмүүс илүүтэй эрсдэлд амьдарч байгаагаа анзаардаггүй. Яагаад гэвэл эрсдэлтэй  бүлэг гэдэгт насанд хүрсэн бүх л хүмүүс багтдаг. Хүн бүхэн ХДХВ –ийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байдаг боловч баяр ёслол, шоу цэнгээн, төрсөн өдөр, анги хамт олны уулзалт зэрэгт оролцож байх үедээ сэтгэлийн хөөрлөөр таалагдсан хүнтэйгээ тохиолдлын бэлгийн харилцаанд  ордог. Хэрвээ ийм харилцаанд орсон л бол зайлшгүй шинжилгээнд хамрагдах шаардлагатай.  Харин манайд шинжилгээ өгдөг хүмүүсийн дийлэнх нь 18-25 насныхан байдаг бол сүүлийн жилүүдэд өсвөр насныхан буюу дунд сургуулийн 8-11 дүгээр ангийн хүүхдүүд нэмэгдэх хандлагатай байна.
-Дунд сургуулийн сурагчид шинжилгээ өгдөг гэлээ. Энэ талаараа тодруулаач?
-Шинжилгээнд хамрагдах нь сайн дурын үндсэн дээр явагддаг тул хэн  ирж, шинжилгээ өгөх нь хувь хүний асуудал. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай судалгааны төвийн ажиглалтаар шинжилгээнд хамрагдсан иргэдийн нилээдгүй хувийг дунд сургуулийн сурагчид эзлэх болсоныг тогтоосон. Мэдээж тэд өөрсдийн эрүүл мэнддээ санаа тавьж байгаа мэт боловч ихэвчлэн БЗХӨ-тэй гэсэн хариу их гарч эмчлүүлдэг. Зарим нь хоёр, гурав дахь удаагаа давтан эмчилгээ хийлгэж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. Энэ нь тэдний ирээдүйд буюу нөхөн үржихүйн эд эрхтэнийг гэмтээхээс гадна ХДХВ- ийн халдвар авах эрсдлийг нэмэгдүүлнэ.
-Өсвөр насныхан бэлгийн харилцаанд эрт орох болсоны шалтгааныг юу гэж бодож байна вэ?
-Эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдээс судалгаа авахад охинтой юм уу хөвгүүнтэй  унтаж үзээгүй бол хэн ч тоодоггүй гэсэн яриа гарна гэж айгаад гэсэн бол   зарим нь сонирхоод, эсвэл орой баранд танилцсан охинтой юмуу хөвгүүнтэй унтсан гэж байсан. Ер нь өсвөр насныхан их сониуч байдгаас гадна хүүхдүүдийн дунд амнаас ам дамжсан мэдээлэлээр бие биендээ зөвлөгч болдог.  Учир нь эцэг эхчүүд нь хүүхдүүдтэйгээ харилцах цаг хангалттай гаргадгүй тул хүүхдүүд мэдсэн сонссоноо ам дамжуулж, ярин ташаа мэдээлэл их тархдаг нь ажиглагдсан. Тийм болохоор дунд сургуулиудад  эрүүл мэндийн хичээлийг эмч хичээл заадаг, тулгамдсан асуудлаа ярих сэтгэл зүйчтэй байх шаардлагатай  гэж боддог юм. Хүүхдүүд тэр болгон эцэг эхтэйгээ илэн далангүй байж чаддаггүйгүйгээс гадна багш, нийгмийн ажилтан нэг бүрчлэн тулж ажиллах боломжгүй. Нийгмийн ажилтантайгаа сэтгэл зүйн асуудлуудаа ярьж болох ч гэлээ тэд ихэнхдээ сургуулийн нийт хүүхдүүдийн дэг журам, зөв хувцаслалт, төлбөр мөнгө гэсэн асуудлуудад илүүтэй анхаарч ажилладаг юм байна лээ. Гэтэл орчин үеийн хүүхдүүдийн хүсэл сонирхол, амьдралын хэв маяг, дадал зуршил нь бүгд өөрчлөгдөж байна. Энэ нь хөгжил дэвшил, даяаршилтай шууд холбоотой.
-Тэгвэл  өсвөр насныханы энэ бэлгийн амьдралд эрт оруулахгүй байхын тулд ямар арга хэмжээ авах вэ?
-Хүчээр хориглож болохгүй л дээ. Хүний эрх, эрх чөлөөнд халдсан хэрэг болох байх. Гэхдээ дан ганц өсвөр насныханд анхаарал тавих нь өрөөсгөл. Нэгэнт л нийгэм хөгжиж, өөрчлөгдөж байгаа болохоор гадаадын орнууд шиг цэцэрлэгт байхаас нь эхлэн нас насанд нь тохирсон бэлгийн боловсрол, мэдлэг олгох хэрэгтэй. Ингэж байж л багаасаа зөв мэдлэгтэй болж, бэлгийн амьдралыг ухаалгаар шийдэх чадвартай болно. Эмэгтэй хүүхдийн сарын тэмдэг ирсэн бол эх болоход бэлэн болсон байдаг бол хөвгүүдийн хувьд ч мөн адил. Иймд эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ илэн далангүй харилцах, боломжгүй бол сэтгэл зүйчид хандан асуудлыг зөвөөр шийддэг болоход нь туслах хэрэгтэй. Магадгүй нэг өдөр таны охин өсвөр насандаа жирэмсэн болсноо, хүү тань эцэг болсоноо дуулгавал та яах вэ? гэж бодон тэдэнтэй ярилцаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь энэ нийгмийн зайлшгүй шаардлага болсон байна.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж