
Европын дийлэнх орнууд өөрсдийн орон зайд “шенгенийн” гэж бидний тодорхойлдог ганцхан “виз”-ээр чөлөөтэй зорчиж болдог байсан уламжлалт зохицуулалт монголчууд төдийгүй бусад олон орны иргэдийн хувьд тун ч таатай зүйл байсныг нуух юун. Гэтэл дээрхи хоёр орны тэргүүн нарын санаачилга идэвхээр энэ таатай зохицуулалт цаашид орших эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм.
Асуудлын учиг нь нөгөө л бослого тэмцэлтэй холбоотой аж. Африкийн орнуудад гарсан бослого тэмцлийн “шуурганаар уруудагсад” болох Тунис зэрэг орны олон мянган дүрвэгсэд Италиар дамжин Франц руу нэвтрэхийг оролдсоноос болж зөвхөн энэ хоёр орны төдийгүй Европ тивийн хэмжээнд томоохон асуудал үүсэхээр болж эхлэв. Итали улс энэ оны эхэн үеэс өдийг хүртэл нийтдээ 25 мянга гаран африкийн дүрвэгсдэд виз олгон өөрийн хилийг нэвтрүүлээд зогсолгүй хөрш Францад нэвтрэх боломж олгосон нь францчуудын уур унтууг хүргэсэн байна.
Учир нь Европын ихэнх орнуудад үйлчилж байгаа Шенгенийн гэрээгээр бол тус гэрээнд нэгдсэн аль нэг улс виз олгосон л бол бусад нь ч мөн чөлөөтэй нэвтрүүлэх үүргэ хүлээдэг билээ. Харин Франц улс тэдгээр олон мянган дүрвэгсдийн аялалых нь гол зорилго болж байгаагаас ийм асуудал гарчээ. Дүрвэгсдийн дийлэнх болж байгаа тунисчууд гэхэд л тэдний хамаатан садан нь гээд түшиж тулахаар зорьсон цагаач “холбоо хэлхээ” нь үндсэндээ Францад л төвлөрөн амьдарч байгаа юм.
Иймээс уурлаж бухимдсан Францын ерөнхийдөгч Саркози Италийн ерөнхий сайд Берлусконитой уулзаж, үүсээд байгаа асуудлыг хэрхэн зохицуулах талаар өчигдөр зөвлөлдсөн байна. Энэ уулзалтын дараагаар тэд Европын холбооны удирдах албан тушаалтнуудад хандаж хамтран захидал бичиж илгээжээ. Тэдний илгээсэн захидлын агуулга нь үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдплыг харгалзан Шенгенийн гэрээний дагуу мөрдөж байгаа зохицуулалтыг эргэн харахыг хүсчээ. Мөн дүрвэгсэдтэй холбоотой асуудал хүндэрвэл Шенгенийн гэрээнд хамрагдсан орнуудын хилийн дагуу түр хугацааны хилийн шалган нэвтрүүлэх хяналтын харуулыг дахин бий болгож “Шенгенийн виз” эзэмшигчдийг хянаж зохицуулдаг болох асуудлыг ч захидалд дурджээ.
Саркози болон Берлускони ч тэр нэг зүйл дээр маш сайн санаа нийлэн бусад Европын орнуудад ойлгуулахыг хичээж байна. Энэ нь Франц Итали зэрэг Газар дундын тэнгисийн дагуу байрлалтай Европын улсууд чинээлэг тивийг зорьсон “хямралт” тивүүдийн цагаачдын хөлд бусдаасаа илүү нэрвэгдсээр байгааг Европын холбоо болон түүний гишүүн орнууд хараагүй юм шиг өнгөрч яасан ч болохгүй гэсэн шаардлага юм. Тиймээс Шенгенийн гэрээг эргэн харж өөрчилж шинэчлэхэд хөгшин тивийнхэн бүгдээрээ санал нийлэн нэгдэнэ гэж итгэж байгаа ажээ.
Өнөөдөр Саркози ч тэр Берлускони ч тэр аль аль нь хэт их цагаачдын урсгалыг бараг л үзэн ядаж эхлээд байгаа франц, итали иргэдийн төдийгүй улстөр дэх барууны хүчнүүдийнхээ шахалтад орж арай л гэж амьсгаа авч байгаа бололтой. Тиймээс ямар нэг байдлаар цагаачдын урсгалыг тогтоон барих бүх л арга бололцоог хайсаар байгаа юм.Харин “мянган үхрийн эвэр доргихоор” гэдэг шиг энэ түйвээн дунд нь монголчууд бид л жаахан хэлмэгдэх вий дээ гэж л …