Хөгжим бүжгийн коллежийнхон тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Хөгжим бүжгийн коллежийнхон тоглолт хийнэ

Хөгжим
бүжгийн коллежийн оюутан, сурагчид жил бүрийн хичээлийн жилийн төгсгөлд
уран бүтээлийн тайлан тоглолт хийдэг юм. Нэг сургуулийнхны тайлан мэт
сонсогддог ч үүн шиг үзүүштэй, сайхан тоглолтыг сонирхохгүй байх нь
харамсалтай хэмээх хүн цөөнгүй бий. Энэ жилийн тоглолт ДБЭТ, Улсын
филармони, ҮДБЭЧ-ын тайзнаа ирэх тавдугаар сарын 2-5-нд болно.

Дөрвөн
өдрийн турш Монголын соёл, урлагийн ирээдүй үеийнхэн хөгжмөөр, бүжгээр,
дуугаар амьсгалж, сурсан мэдсэнээ үзэгчдэд хүргэхээрээ энэ удаагийн
тоглолт онцлогтой. Өнгөрсөн жилээс эхлэн тайлан тоглолтынхоо хугацааг
уртасгасан нь ХБК-ийнхны амжилт тэр хэмжээгээр арвин байгаатай
холбоотой. Энэ утгаараа энэ нь тайлан тоглолт төдий биш хөгжмийн наадам
юм. Тус сургуулийн багш, оюутан, сурагчид 2010- 2011 оны хичээлийн жилд
сурлага, уран бү тээлийн амжилт дүүрэнтэй, шагналын хуртай байлаа.

Тухайлбал,
2010 оны намар БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын циркчдийн
тэмцээнээс циркийн тэнхимийн сурагч Л.Тэлмэн гурван давхар хүнтэй,
тулгууртай сандал дээр гурван эргэлтийг хамгаалалтгүй хийж дэлхийн дээд
амжилт тогтоосон нь монгол хүүхдүүдийн авьяас чадварын илэрхийлэл юм.
Ийм амжилтаар хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн нь булган сүүлтэй байж,
есдүгээр ангийн сурагч Б.Билгүүн, I дамжааны оюутан Г.Тамир нар алдарт
Карнеги холлд урилгаар тоглож, гран при өвөртлөн ирсэн.

Францад
жил бүр зохион байгуулдаг Милош Магины нэрэмжит олон улсын төгөлдөр
хуурчдын уралдааны С ангилалд Ш.Ариунаа багшийн шавь Ө.Анхзаяа нэгдүгээр
байр эзэлж, Д.Бурмаа багшийн шавь Ж.Ариун заяа В ангиллын мөн байрт
орсон нь амжилтын буухианы үргэлжлэл байсан. Тэдний амжилтыг
Ш.Дуламсүрэн багшийн шавь Чингүүн үргэлжлүүлэн Чехэд болсон Хераны
нэрэмжит олон улсын виолончель хөгжимчдийн уралдааны нэгдүгээр байр,
Францад бол сон олон улсын уралдааны гран при шагналыг тус тус авсан.

Мөн
Москва хотод өнгөрсөн сард болсон Лидия Абра мовагийн нэрэмжит олон
улсын сонгодог дуулаачдын уралдаанд ардын жүжигчин Х.Уртнасан багшийн
шавь IV дамжааны оюутан Дэлгэрбаяр хоёрдугаар байр эзэлсэн гээд тоочвол
нэлээд урт жагсаалт болно. Түүнчлэн өнгөрсөн жил тус сургуулийнхан олон
улсын төгөлдөр хуурчдын уралдааныг эх орондоо анх зохион байгуулсан нь
“Ф.Шопен ба XXI зууны Монгол” юм. Энэхүү уралдаанаар Монголын төгөлдөр
хуурчдын дэг жаягийг олон улсад харуулж чадсан нь бахархалтай.

Эх
орныхоо нэрийг олон улсад түгээсэн авьяаслаг тэдгээр баатрыг ХБК-ийн
захиргаа хүлээн авч баяр хүргэсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Дээр дурдсан амжилтаа аав ээждээ, эх орон нэгтнүүддээ хүргэх тоглолтод
хүрэлцэн ирж, сэтгэлээ хөглөж, монгол хүүхдүүдээрээ бахархаарай хэмээн
ХБКийнхон урьж байгааг дуулгая. Дашрамд өгүүлэхэд, Монгол Улсын
Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлгээс гадна DHL, “Асомон” зэрэг компани
тус сургуулийн авьяаслаг зарим хүүхдийг ивээн тэтгэж байгаад талархлаа
илэрхийлж буйг дамжуулъя.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж