
-Танай гэрт цагдаагийнхан дайрч орж ирээд байна гэж О.Магнай twitter-тээ бичсэн байгааг сая олж харлаа. Гэртээ байна уу, хүүхдүүд нь сайн уу. Чухам юу болсныг тодруулах гэж холбогдлоо?
-Өнөөдрийг хүртэл их сайн байлаа. Гэхдээ өнөөдөр цагдаагийн ажилтнууд манай гадаа машинтай ирчихээд намайг албадан авч явна гэж айлгалаа. Хоёр нь гэрт дайрч орж ирээд, 3-4 цаг намайг сахиж сууж байгаад сая явлаа. Би тэдний шаардсанаар хамт явах ямар ч боломж алга. Хүүхэд нярай, би өөрөө сайн тэнхрээгүй… Иргэний хөдөлгөөнийхөн ирж байж намайг авч үлдлээ. Одоо ч манай гэрт сууцгааж байна.
-Ямар шалтгаанаар тэр вэ?
-Л.Гансүхийн гомдол гаргасан хэрэг. Ухаахудаг, Гашуунсухайтын хооронд зам тавих зөвшөөрөл олгосныхоо дараахан сайд Л.Гансүх өндөр үнэтэй байшин авсан гэж хэлснийг тэрээр үгүйсгэн цагдаад өгөөд байгаа. Намайг Баянгол дүүргийн, Баатархуягийг Сүхбаатар дүүргийн цагдаад өгөөд байгаа юм. Л.Гансүх ямар ч байсан хувьдаа байшинтай болсон нь үнэн, гэхдээ Зайсанд биш Сэлбийн эрэгт юм билээ. Өөрөө тэр байшингийнхаа үнийг 120 сая төгрөг гэж мэдэгдсэн байсан. Байшин нь тийм хэмжээний үнэтэй байхаар эд биш. Энэ асуудалтай холбогдуулан Баянголын цагдаагаас надтай хүн ирж уулзаж байсан. Өлсгөлөн зарлаад байх үед юм. Би ийм нөхцөлд байна, одоо уулзаж, мэдүүлэг байцаалт өгөх боломжгүй гэж хэлэхэд, “Ойлгож байна” гээд явсан. Тэгсэн дараа нь надтай уулзаж, мэдүүлэг авсан болгоод яллагдагчаар татсан байна. Манай нөхөр Баатархуягт холбоотой гомдлыг хэрэг биш гэж үзэн хоёр ч удаа хэрэгсэхгүй болгоод прокурор руу явуулсан. Намайг тулгар биетэй байхад цагдаагаас утасдаад, ирж уулз гэж хэд хэдэн удаа хэлсэн л дээ. Гэхдээ би учир байдлаа хэлж л байсан. Гэтэл өнөөдөр дайрч орж ирлээ.
-Хэн гэж цагдаагийн албан хаагч байсан бэ?
-Баянгол дүүргийн мөрдөн байцаагч ахмад Баттөмөр.