
Төрийн байгуулалтын байнгын хорооноос хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд хуулийн төслийг танилцуулж, хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй 197 санал гарсаны эхний 30-ийг хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулсан юм.
Ажлын хэсэг дээр сонгуулийн холимог систем байх нь зүйтэй гэх хувилбарыг дэмжиж хуралдаанд оруулж ирсэн ч асуудлыг хэлэлцэх болоход зарим гишүүдийн асуулт, байр суурь эргэлзээ төрүүлж орхив.
МАН-ын бүлгээс энэ хуульд орж буй тогтолцоотой шууд хамааралтай бус зохион байгуулалт, процедурын заалтууд дээр санал хураагаад явья гэх санал гарсныг гишүүн Ж.Батсуурь “Гэр, эсвэл байшинтай болохоо мэдэхгүйгээр материал авах гээд байгаатай адил юм. Хэрвээ хувилбараа ярилгүй зохион байгуулалтаа ярьж байгаад сүүлд нь хувилбараа өөрчилчихвөл энд хуралдсан нь наргиа болоод өнгөрөх хэрэг үү” хэмээн Байнгын хорооныхонд асуулт шидэв. Үүн дээр нь гишүүн Д.Энхбат “Асуудлыг ойлгомжтой тавих ёстой. МАН-ын сүүлийн их хурлаар сонгуулийн тогтолцоонд ач холбогдол өгсөн. Үүнд олон нийтийн саналыг орхигдуулахгүй байх чиглэл өгөгдсөн. Энд ороод ирсэн хоёр хууль аль аль нь пропорциональ шинжтэй. Хийж байсан улс төрийн намуудын мэдэгдлүүд ч пропорционалийн тухай. Ингэхээр МАН-ын бүлгээс “хоёр замаар битгий зэрэг яваач” гэж хүсмээр байна хэмээн хүч нэмэв. Намын асуудал ярихгүй байхыг анхааруулсан Байнгын хорооны даргын үгний араас ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд “Ярьж байгаагаас нэг алхам ухарч холимог дээр яваад байгаа” гэдгээ хүлээн зөвшөөрөөд хувьдаа пропорциональ тогтолцоог явуулах боломжтойг хэлэв. Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар ч “тэгвэл Байнгын хороо холимог тогтолцоог дэмжихгүй гэж шийдвэл өргөн барьсан төслийн дагуу пропорциональ тогтолцоогоор явах болно” гэх тайлбарыг хийж санал хураалт явуулж орхив. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх холимог тогтолцоог дэмжихгүй байгааг илэрхийлж санал өгсөн тул пропорциональ тогтолцоогоор хэлэлцүүлэг үргэлжлэх болов.
Үүнд нь Д.Лүндээжанцан эсэргүүцэж буйгаа илэрхийлж “Ингэж болохгүй. МАН-ын бүлгээс сонгуулийн санхүүжилт, нэрсийн дараалал, тойрог, хэсгийн хороо байгуулах, сонгуулийн санал тоолох зэрэг асуудлыг явуулах нь зүйтэй гэж шийдээ биз дээ. Гэтэл багаас нь дээш нь оруулж ирнэ гэж тохирсон байтал тогтолцоог шийдэх гээд байна шүү дээ” хэмээн уурлав.
Эцэст нь Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Би энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулахаас өөр арга алга” хэмээн алхаа цохисон нь асуудлыг урагшлуулах үүрэг хүлээсэн АН-ыханы уурыг улам ч хөдөлгөж, Ч.Сайханбилэг “Ингэх юм бол жинхэнэ намын асуудал ярина шүү. Тэгж яривал Су.Батболд өчигдөр ярилцлага өгөхдөө “МАН-ыг гацаагаад байна гээд ярихаа болиорой” энэ тэр гээд ярьсан байсан. Байнгын хорооны хуралд намын бодлого шийдвэр ярихгүй, ажлаа л хийе гэж байхад Ардын намынхан өөрсдөө ингээд байх юм. Тийм л юм бол Бүлгийн дарга нь мэдэгдлээ хийгээч. Ам ажил хоёр чинь алд дэлэм зөрөөд байна шүү дээ. Ардын намын бусад гишүүн ингэсэн бол хамаа алга. Бүлгийн дарга, дэд дарга нь ингээд байхаар яах юм болж байна” гэв. Пропорциональ дээр буухыг эсэргүүцсэн МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцангийн шахалтаар ийнхүү асуудал буцаагдаж буйд гишүүн Х.Тэмүүжин “Тойрог тойглочихсон түүнийгээ алдана гэж бодоод байгаа юм бол түүнийгээ хэл л дээ. Тэгээд Даваанямтайгаа дахиж тойрог дээрээ очоод ноосоо шатаа л даа” гэсээр босч ирэв. Гэвч нэгэнт алх цохиж хуралдаан өндөрлөсөн тул гишүүд амандаа үглэцгээсээр танхимаас гарцгаав. Энэ удаагийн хуралдаанаар сонгуулийн хуулийг урагшлуулаагүй ч МАН-ынхан дотроо зөрчилтэй байгааг ил болгож, пропорциональ тогтолцоог зүтгүүлэх сонирхол олон гишүүдэд байгааг ч нотоллоо.