Зөөлөн зайд үйлс бүтээх гэж ирсэн хүн

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Зөөлөн зайд үйлс бүтээх гэж ирсэн хүн

ЗӨӨЛӨН ГЭДЭГ ҮГИЙН ХАМГИЙН ЗӨӨЛӨН ЗАЙД ҮЙЛС БҮТЭЭХ ГЭЖ ИРСЭН ХҮН

“Шинэ гавьяат төрлөө” гэдэг мэдээллийг сонсоод хэн гэдэг дуучин жүжигчин болсон юм болдоо, за тэр ч яахав авах цаг нь ирсэн, эсвэл аргагүй ээ тэр даргын сонгуульд зүтгэсэн гэдэг бодол хэн хүний санаанд урсаад өнгөрдөг л байх.
Харин Үйчилгээний гавьяат төрж гэхээр юу хийж бүтээсэн хүн бэ гэдэг “хардлаганд” илүү наалдуулж  ойлгоно. Тэр тусмаа буяны газраас гэхээр бүүр ч сонин хачирхал төрнө. Ийм “ нэгэн сонирхол” дунд нэгэн эмэгтэй монголд анх удаа огт байгаагүй салбараас төрийн дээд шагнал цол хүртсэн нь шинэ цаг иржээ төр түмэн олон аливаа зан үйл, үйлчилгээнд “дасаж” зөв зүйтэй гэх дэлхийн чиг хандлагыг хэдийнээ ойлгох болжээ гэдэг ялимгүй “дэвшил” үнэртэв. Буяны  үйлчилгээг бий болгож хэдэн мянган хүнээс танд баярлалаа гэдэг үгийг сонсохоос илүү тодорхойлолт юу байх вэ. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг. Аливаад сургаар хандаж үргэлж сэжиг хардлагаар бие биенээ үгүйсгэж байдаг нь монгол хүний зан. Хагацал үзсэн хүн харин арай өөр өнгөөр хорвоог харж буянтан гэж хэн нэгнийг бахархан хэлж чаддаг болдог байх. Ийм л зөөлөн сэтгэлийн гүн хүндлэлд шинээр төрсөн гавьяат буюу Булган нутгийн анхдагчдын нэгэн Гаравсүрэнгийн Идэрмаа танаа “Нулимсгүй нүдээр баярлалаа, баяр хүргэе” гэж зовлон туулсан түмэн хүний өмнөөс талархан, Шинэ гавьяат хэн бэ  гэдгийг бусдад ойлгуулахыг хичээлээ.
    Би Идэрмааг их зөөлөн хүн гэж боддог юм. Гаднаас нь харахад эрс чанга алхаатай, чанга хатуу захирангуй  ч гэмээр дуу хоолойтой, туушхан зантай л даа. Тэр хэзээ ч бодсоноосоо няцдаггүй, зорьсондоо хүрэх гэж хатуу тэмцдэг. Би лав түүнийг “нялцгай” зан гаргаж байхыг нь хараагүй юм байна.
    Идэрмаа эдийн засагч мэргэжилтэй. Булган хангайн охин. Тэрбээр урт салаа гэзгээ жирийтэл сүлжиж унжуулан аавынхаа гараас хөтөлж их сургуулийн босго алхсанаа амьдралынхаа хамгийн сайхан мөч гэж дурсдаг. Их гүдэсхэн, дайчин оюутан байсан гэдэг. Намрын ажил, хаврын субботникт ангийнхаа залуусыг манлайлан зүтгэж “эрчүүдийн норм”-ыг ч хийх шахна. Түүний энэ махруу, хөдөлмөрч чанарт андууд нь хайртай байсан биз ээ. Бас ийм л хөдөлмөр ч чанар нь түүнийг бусдаас “өөр” харагдуулдаг байсан нь лавтай. Дөнгөж л нэгдүгээр курст ордог жилээ хичээл ном зааж зөвлөн, сайн дураараа тоогоо хуулуулах гэж гүйсэн нэгэн сайн “хотын ах”-тай боллоо. Кино үзвэрийн газраар гараас нь хөтлөж оюутны гуанзны хуушууранд даасаар “бултах газаргүй хөл” болгосон өнөөх шавилхан биетэй залуу нь насны хань Мэндбаяр байлаа. Оюутны ширээний араас ийнхүү амьдралынхаа ижлийг олж Сүхбаатар дүүрэгт нэгэн хашаанд гэр барин төвхнөлөө. Шалгалт шүүлгэндээ бэлдэх, давхар биетэй эхнэрээ асрах гээд Мэндбаярын хувьд насан туршийн ажил эхлэх нь тэрээ. Тэднийх 3 сайхан охинтой, хоёр “муухай” ач зээтэй. Тэднийгээ харахаар хоёулаа нураад уначихна. Морь болж мөлхөнө. Алиалагч болж бүжиглэнэ. За тэгээд хувирахгүй дүр, хийхгүй ажилгүй болно доо.
    Идэрмаа гурван охин “төрүүлсэн” гэвэл худлаа. Тэрбээр олон, бүүр хэтэрхий олон ч байж болох охидод ээж, эгч нь болсон хүн. Идэрмаагийн удирдлаган дор олон сайхан охид бүсгүйчүүд гар сэтгэл нийлэн ажилладаг. МАСЭХ-ны дэд Ерөнхийлөгчийн холч бодол, ухаалаг шийдвэр хүмүүжил, араншин ондоонтой олон олон эмэгтэйчүүдийг нэг халуун бүлд нэгтгэж хүчирхэг хамт олон болгон зохион байгуулж чадсан юм. Харин Монголын нийгмийн ачааны хүндийг үүрэлцэж яваа эмэгтэйчүүдийн ертөнцийг ойлгож, хүндлэх ухааны түлхүүр нь эх хүний нүнжигт зөөлөн сэтгэл юм. Ерөөс Идэрмаа хүнийг ойлгох, дэмнэж туслах, хатууг зөөллөх төрөлхийн халуун чанартай юм.
    Амьдралаа ярьж уйлсан, шинэ номоо гаргуулаад шүлгээ уншиж хөөрсөн, тэмцээн уралдаанд явах гэсэн юм дэмжээч гэж гуйсан олны хөл албан тасалгаанаас нь тасрахгүй. Дагаж уйлна, хөөрнө, ажилтай болгоод өгчих санаатай дагуулж гүйнэ. Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ дээ гээд байгаагаа барьчихна. Ийм л хүн ийм эрхэм чанар “Шинэ Монголын ганцаардалд”-д одоо л хэрэг болоод байгаасан. Мөн энэ гуйвсан төрийн хазайлтанд нуруу болох чанартай хүн юу юунаас ч хэрэгтэй байгаа. Зовлон мэдэх, ухаан сийрэг, үнэнд зорих гээд олон зөв чанарыг өөртөө шингээснээрээ тэр хэн хүний нүдэнд “итгэл даах хүн” л харагддаг байх. Хүн чанарын илэрхийлэл болсон энэ эмэгтэйг би зөөлөн бүхний мөн чанарт ойрхон яваа эмэгтэй гэж ойлгодог.

ҮЙЛС БҮТЭЭХ ГЭЖ ИРСЭН ХҮН
    Миний ажигласнаар Идэрмааг яриасаг хүн биш юм. Үнэндээ бол хийсэн бүтээснийхээ хавьгүй батыг ярина. Өнөр ам бүлтэй айлын дунд охин тэрбээр ажилсаг аав ээжийнхээ урмыг үл хугалан хэлэхээсээ хийхийг сурчээ. 1983 онд Булган аймгийн 10 жилийн сургуулийг төгсөөд МУИС-ын эдийн засгийн факультетийн нягтлан бодох бүртгэлийн ангид элсэж орохдоо Идэрмаа мөнгө гэгчтэй харьцаж, мөнгө гээчийг ойлгодог хүн болох юм байна гэсэн төсөөллөөс өөр хэт холын бодол агуулаагүй л явав. Харин одоо бол тэр өөр үзэлтэй болсон. Түүний мэргэжил улс оронд хичнээн хэрэгтэй мэргэжил болохыг, чадалтай боловсон хүчин гэдэг хүн арддаа хичнээн хэрэгтэй болохыг ойлгосон гэнэм. Тэрбээр их сургуулиа төгсөөд л нийслэлийн нийтийн тээврийн газарт ажиллаж эхэлснээр түм түжигнэж бум бужигнасан их хотын амьдралд хөл нийлэн орж явчихав. Хөдөө нутгийн тунгалаг сэтгэлт цайлган бор охинд бодож тунгаах юм олон байлаа. Цагийн салхи эргэж өөрчлөлт шинэчлэлийн агаар тэлсэн 90-ээд оны эхэн үеийн залуу сэхээтнүүдийн нэгэн адилаар Идэрмаа хэвшмэл сэтгэлгээнээс ангид, шинэ соргог үзэл бодлыг тархиндаа ургуулан явах болов. Эдийн засагчдын хэт хуучинсаг, нэгэн загварт баригдсан сэтгэлгээ ч бас өөрчлөгдөн шинэчлэгдэж байлаа. 1989 оноос авто тээврийн газарт нягтлан бодогч, хотын тээвэр зохицуулалтын газарт ерөнхий нягтлан бодогч, санхүүгийн хэлтсийн дарга гээд нийслэлийн байгууллагуудад 10-аад жил ажиллахдаа Идэрмаа хотын амьдралыг ёстой л таньсан шиг таньжээ. Их хотод хийхээр ажил маш их байлаа. Тухайн үеийн хотын хүн одоогийнхоос хавьгүй цөөхөн байсан ч ихэнх нь нийтийн автобусандаа уралдаж суудаг байлаа. Билетээ цоолно, шалгуулна гээд бөөн л асуудал байв. Хүндрэлүүд ар араасаа цуваатай. Өндөр настан, тахир дутуу иргэд, оюутнуудад хөнгөлөлттэй тасалбар олгох ажлыг эхлүүлсэн нь тухайн үед мөн л буяны ажил байлаа даа. Энэ ажилд Идэрмаа уг салбарын хүний хувьд зүтгэсэн. Одоо “тасалбарын буян” олон мянган хүнийг хамарсан, нийгмийн халамжийн хүнлэг илэрхийлэл болсоор байна.

    Идэрмаа ажлын бэрхээс шантардаггүй хэцүүг нь түрүүлж барьж авдаг хүн. Чухам тиймдээ ч нийслэлчүүдийн хувьд шийдвэрлэхэд хамгийн хэцүү асуудлын нэг болсон “чимээгүй хот”-ын хөндүүр цэгийг судалж эхэлсэн аж. 1998 оноос эхлэн нийслэлийн газар эдэлбэр, агаарын бохирдол, хүн амын эрүүл аж төрөх нөхцлийг бүрдүүлэх үүднээс Буяны цогцолбор байгуулах, дэлхийн стандартад нийцсэн буяны байгууллага бүтээх төсөл санаачлан хэрэгжүүлэхээр зүтгэж эхлэв. Энэ нь түүнд багагүй дарамт шахалт, эргэлзээ авчирч зарим үед “яах гэж ийм хэцүү ажил эхлүүлэв, хэний төлөө ингэж гүйж яваа билээ” гэж бодогдох үе ч байсан гэдэг. Зургаан жил янз бүрийн албан байгууллага, эрх мэдэлтний хаалга сахиж, гэр орон, үр хүүхдээсээ бусад өөртөө байгаа бүхнээ өрийн дэнсэнд тавьж зээл хууль гээд нойртой хоносон өдөр цөөхөн байлаа.
    Уул нь том улсын их нийслэлд чимээтэй чимээгүй гэж хоёр хот байдаг. Хоёр хотын захирагч бие биедээ тун их хүндэтгэлтэй ханддаг гэсэн нэгэн том санаатай онигоо байдаг юм билээ. Гэтэл манай чимээтэй хотын эзэд хөршийг нь ярьж яваа нэг муу эмэгтэйг доог тохуу хийж сэжиглэн зугтаж байлаа. Хүч оюун, сэтгэлээ баран байж зүтгэсэн энэ ажил нь олон түмний бас л нэг ажил байсан юм. Хэн нэг нь хийх л байсан энэ үйлийг Идэрмаа эхлүүлсэндээ буруу зөв хэлэгдсэн ч зовлон үзсэн хэн нэгний “Баярлалаа танд” гэдэг үнэн үг идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоордгын үлгэрийг сануулсан.
    Угаас Монголчуудын чин сүсэг, гүн хүндэтгэлтэй ханддаг буяны ажил нь айл гэр хувь хүний ч асуудал төдийгүй, өвөг дээдэс бурхан болоочоо хэрхэн хөдөөлүүлснээс улс орны хувь тавилан шалтгаалдаг гэж номлодог билээ. Буяны сүм төв байгуулагдсанаар олон мянган  бурхан болоочийн хойдын буяныг хийж, ариун чандарыг шүтээн болгож суварганд залсан. Эргэн тойрон оршуулгын газруудад хүрээлэгдэн цаашид өргөжин тэлэх боломжгүй болсон нийслэлийн газар эдэлбэрийн хүндрэлээс хөнгөлөхөд мөн тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан. Байгуулагдсан 6 жилийн хугацаанд 10 орчим га газрыг хэмнэсэн байна лээ. Мөн агаар хөрсний бохирдол гээд хүн амын эрүүл аж төрөх орчинд нөлөөлөх сөрөг үр дагаваруудаас салах боломжийг нээж өгсөн. Ер нь буяны зан үйлийг буруу хийх, түүнд саад хийх нь машид их алдас гэдэг тул би сэтгэлийн сүжиггүй ажиллахыг хичээдэг. Одоогоор байдал үнэхээр хүнд байгаа. Оросын зан заншлыг даган сүүлийн 50 жилийн дотор нийслэл хотыг тойроод 1000 гаруй га оршуулгын газар бий болсон. Зарим нь ашиглах боломжгүй хаагдан хог хаягдлын цэг болон хаагдсан байхыг харахад элэг эмтэрмээр. Үүнээс үүдээд Улаанбаатар хот ч цаашид хүрээгээ тэлэх боломжгүй болсон. Харин дөрвөн жилийн өмнө манай “Улаанбаатар Буян” ХХКомпани байгуулагдсанаар дээрх үүссэн хүнд нөхцөл байдлыг өөрчлөх нөхцөл бүрдсэн юм. Бид Америк улсад төвтэй олон улсын холбоо, Авсралид төвтэй Азийн холбоонд гишүүнээр элсэн ажиллаж маш их зүйлийг сурч байна. Бид орчин үеийн техник технологийг ашиглан Монголын зан үйлд нийцүүлэн буяны зан үйлийг өөрчлөх, олон улсын чиг хандлагад нийцүүлэн шинэлэг түвшинд хүргэх зорилготой. Цаашид бурхан болоочийн дурсгалыг хүндэтгэх цэцэрлэгт хүрээлэн бүхий амар амгалангийн орныг бүтээхийг зорьж  эхлүүлсэн  ажил маань нааштай байгаа хэмээн Идэрмаа өгүүлж сууна.
    Бүсгүй хүнд ахадсан гэмээр энэ л ажлыг санаачлан, хийж чадсаных нь төлөө Идэрмааг өөрийн эрхгүй хүндлэх сэтгэл төрдөг юм. Чухам энэ ажлаа хийлгэх гэж л буяны садан олныхоо дотроос сүжигт гэгээн бурхадын үл үзэгдэх шид совин Идэрмааг сонгосон байх гэж би хааяа боддог юм даа.

ӨНӨӨГИЙН “ЦАРЦМАЛ” НИЙГМИЙГ ГЭГЭЭРҮҮЛЭХЭД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО ЧУХАЛ
    Монгол эмэгтэйчүүд их хөдөлмөрч цартай сэтгэдэг, чанга талдаа хүмүүс. Ямарч ажлыг “халтуурддаггүй” сэтгэл зориулж чаддаг онцлогтой. Тэгсэн хэрнээ улс орны амьдралын эгзэгтэй чухал асуудлыг шийдэх шийдвэр гаргах түвшинд тийм ч голлох үүрэгтэй байж чадахгүй байна. Ер нь эмэгтэй хүн хариуцлага хүлээх тал дээр эрчүүдээс хавьгүй илүү, нийгмийн эд эс бүрийг нарийн мэдэрдэг чимхлүүр хүмүүс. Тэгээд ч алхам бүрдээ хариуцлага алдсан, итгэл алдарсан, нэг л ойлгомжгүй улс төр бизнес хутгалдсан “царцуу” цаг үеийг өөрчлөх өнөөгийн нийгмийн захиалга байна. Энэ цаг үед үнэн үг, зөв түвшин сэтгэл ус агаар шиг хэрэгтэй юмсан.
Ийм л сэтгэл зоргийг илүүтэй мэдэрсэн цөөхөн хүүхэн “нөхөрийн гэр”-ээс гарч амьдран буй улс гэрийнхээ төлөө зүтгэж хэл ам хэрүүлийн галд толгой гудайхгүй зүтгэж  яваа санагддаг. Тэдний нэг нь гарцаагүй Идэрмаа. Нийслэлчүүдийн олон зовлонг зүгээр харж суухыг тэрээр тэвчээгүй харин ч дахиад санаж сэдэж хийж бүтээхийн төлөө хамцуй шамлан  Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч хэмээх  сайн ”зарц”-ийн буулганд зүтгэж явна. Сүхбаатар дүүрэг түүний эрт мэдэх хот айл. Тиймдээ ч тус дүүргийн иргэд төлөөлөгч болгон ”илгээсэн”. Их гэрийн ажил их л байдаг. Сонгогчид ам сайтай байгаа дуулдана лээ. Хийснийг дүгнэдэг цаг хугацаатай тул эдүгээ дүн тавих нь илүүц бизээ.
Харин ингэж Идэрмаа хэмээн түмэнтээ учирлахын утга нь Монгол Улсын төр түүнд хэдхэн хоногийн өмнө  Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан эрхэм цол хүртээсний гаргалгааг өгүүлэхэд оршсон билээ. Уул ус нураасан хүнд үйлчилгээ хийлээ гэж хааяа эндүүрдэг төр улс амьтанд ач хүргэж, эх орныхоо ариун шороог “алтан хэвлий” хэмээн дээдлэх, энэрэхийн төлөө түмэнтээ хийсэн буянд нэг удаа ийнхүү “тэргүүн өргөсөн нь” чухамдаа гавьяа шагнал  нүдээ олжээ хэмээн бодогдлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж