Хатагтай Л.М.Берлинаг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Хатагтай Л.М.Берлинаг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн урилгаар манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Эрхүү мужийн Хууль тогтоох Хурлын дарга хатагтай Л.М.Берлина тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Монгол, Оросын ард түмний уламжлалт харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд Эрхүү муж онцгой байр эзэлдэг, ардын хувьсгал ялсны дараах үеэс эхлэн манай үндэсний сэхээтнүүдийг сургаж бэлтгэхэд тус муж ихээхэн үүрэг гүйцэтгэснийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглэв. Иймээс энэ жил тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойд Монголын тал ихээхэн ач холбогдол өгч өргөн тэмдэглэх бодолтой байгаагаа дурдав.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, Монгол Улс, Эрхүү мужийн хооронд олон талын уламжлалт харилцаатай, өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэн. Үүний нэг бодит жишээ нь Байгалийн чуулга уулзалт юм. Энэ жилийн чуулга уулзалтад манай УИХ, Засгийн газрын гишүүд гээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцох байх гээд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов энэ чуулга уулзалтын өмнөхөн Монголд айлчлахаар болсонд баяртай байгааг онцлов. Цаашдаа Эрхүү мужтай уламжлалт харилцаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдаад хатагтай Л.М. Берлинагийн энэ удаагийн айлчлал нь УИХ, Эрхүү мужийн Хууль тогтоох Хурлын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал алхам болж буйг тэмдэглэлээ.

Эрхүү мужийн Хууль тогтоох Хурлын төлөөлөгчдийг Монголд айлчлахыг урьж хүндэтгэн хүлээн авч уулзаж буйд хатагтай Л.М. Берлина УИХ-ын даргад талархал илэрхийлээд “Эрхүү муж бол Монголын сайн анд нөхөр, найдвартай түнш. Энэ онд хоёр орны харилцаанд онцгой ач холбогдолтой олон түүхэн ой тохиож байна. Эрхүү мужийн тухайд л гэхэд Эрхүүгийн эдийн засгийн академид Монголын боловсон хүчнийг бэлтгэж эхэлсний 85 жил, Эрхүүд Монголын консулын газар байгуулагдсаны 40 жилийн ойг удахгүй тэмдэглэнэ” гэлээ. Мөн ирэх сараас Улаанбаатар хотод Эрхүүгийн төлөөлөгчийн газрыг дахин сэргээхээр болсныг дурдаад Хууль тогтоох байгууллагынхаа талаар товч танилцуулав. Тус мужийн Хууль тогтоох Хурал нь улс төрийн дөрвөн намын төлөөлөлтэй 50 гишүүнтэйгээс 14 нь эмэгтэй депутат аж. Энэ сарын дундуур тус хурлын ээлжит хуралдаан болж, бүрэн эрхийнхээ өнгөрсөн хугацааны үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн байна.

Хоёр хурлын хамтын ажиллагаа боломжийн түвшинд байгаа ч аль аль талын иргэдийн эрх ашгийн үүднээс хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх нь чухал гэдэгт санал нэгтэй байгаагаа парламентын тэргүүн нар уулзалтынхаа үеэр илэрхийллээ.  

Уулзалтад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Балдан-Очир, УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч, албаны бусад хүн байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.               

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж