Ч.Наранбаатар: “Лондон-2012”-т 30-аас доошгүй тамирчнаа оролцуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Ч.Наранбаатар: “Лондон-2012”-т 30-аас доошгүй тамирчнаа оролцуулна

БТСГ-аас Монголд биеийн тамир, спорт үүсч хөгжсөний 90 жилийн ойг хэрхэн тэмдэглэж буй талаар болон долдугаар сард Улаанбаатар хотноо зохиогдох Азийн спортын ме­нежментийн VII их хурлын ту­­хай сэтгүүлчдэд мэдээлэл хий­сэн. Энэ үеэр Засгийн газрын хэ­рэг­жүү­лэгч агентлаг БТСГ-ын дарга Ч.Наран­баатартай уулзаж, ярилцсан юм.

-Биеийн тамир, спорт үүсч хөгж­сөний 90 жилийн ой 2011 онд тохиож байгаа. Түүхт ойн хү­рээнд ямар ямар ажлууд хийж, хэрэгжүүлж байгаа вэ?
-Эрүүл мэндийн сайдын өнгөрсөн оны 440 дүгээр тушаалын дагуу 90 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө батлаад ажлын хэсэг гарган ажиллаж байна. Шинэ оны анхны өдрөөс эхлээд л бид цөөнгүй бүтээлч ажлууд зохион байгуулаад байна. Тухайлбал, арга хэмжээ Хүүхдийн спортын өвлийн наадмаар эхэлсэн. Долдугаар сарын 6-10-нд нэгдсэн томоохон арга хэмжээ нь болох юм. Гол арга хэмжээ нь гэвэл Тамирч­дын баярыг өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж, Азийн спортын ме­нежментийн их хурлыг зохион байгуулна. Үүнд аймаг, нийслэлийн дүүргүүдийн төлөөлөгчдийг өргөнөөр хамруулж, алдарт тамирчдадаа хүндэтгэл үзүүлж, Биеийн тамир, спортын салбарт ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, ахмадууд, ал­бан хаагчдаа шагнаж урамшуулан ажил үйлсийг нь алдаршуулах гурван үеийн уулзалтыг зохион байгуулах юм. Түүнчлэн ойн хүрээнд эрдэм шинжилгээний зургаан ажлыг зохион байгуулаад байна. Спортын хөгжлийг дэмжих төв, Олимпийн медальтнуудын холбоотой хамтран “Хүүхдийн спорт өнөө ба ирээдүй” олон улсын форумыг “Чингис” зочид буудалд, “Бидний бахархал” нэртэй үзэсгэлэнг Уран зургийн галерейд зохион байгууллаа.
Түүхт ойн хүрээнд улсын аварга шалгаруулах 26 тэмцээн зохиогдож, Засгийн газрын тогтоолоор Хүүхдийн спортын IV наадам спортын 24 төрлөөр болж байна. Одоогоор 12 төрлийнх нь дүн гарсан. Энэ тал дээр Орхон аймгийн БТСГ, Засаг даргын тамгын газар, “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон туслалцаа үзүүлсэнд талархаж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран хүн амын бие бялдрын хөгжлийн түвшинг то­дорхойлох сорилыг оновчтой болгох хэлэлцүүлгийг зохиосон. Энэхүү нээлт­тэй хэлэлцүүлэгт маш олон хүн орол­цож, санал бодлоо уламжилсныг дурдах нь зүйтэй. Бас саяхан 450 төлөөлөгч оролцсон Үндэсний спортын улсын зөвлөлгөөнийг Tөрийн ордонд зохион байгууллаа. Чухамдаа үндэсний спорт дээр түшиглэж Монгол оронд орчин үеийн спортын төрлүүд үүсч хөгжсөн түүхтэй. Тийм ч учраас үндэсний спортоо нандигнан хайрлаж, хөдөө, орон нутагт эрчимтэй хөгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

90 жилийн ой угтаж бүх шатны байгууллагуудад биеийн тамир спор­тын бүтээлч есөн ажлыг зарлаад байгаа. Аймаг, нийслэлийн дүүргүүд энэ талаар нэлээд ажил хийж байна. Түүхт ойн жилд зохиогдож буй тивийн наадам, ДАШТ-ээс манай тамирчид одоогийн байдлаар 14 алт, 22 мөнгө, 26 хүрэл медаль аваад буй. Хэд хэдэн тамирчин маань олимпийн эрхийн болзлыг хангалаа. Хамгийн сүүлд л гэхэд манай хөнгөн атлетикч Б.Сэр-Од томоохон сорил болох Лондоны марафонд өөрийн хувийн рекордоо нэг минут долоон секундээр ахиулан IX байр эзэлж, олимпийн “А” категорийн эрхийг авлаа. Ийнхүү урьд нь цагаан хуудсаар л олимпод оролцдог байсан хөнгөнийхөн маань олимпийн эрхийг гуйж бус гуядаж авдаг боллоо. Удахгүй чөлөөт, жүдо, бокс, буудлагынхан сайхан амжилт гаргаж, эдгээр эрхийг арвижуулна гэдэгт найдаж байна. Ер нь XXX олимпод 30-аас доошгүй тамирчнаа оролцуулж, алтан медаль авах зорилтыг дэвшүүлсэн. 

Мөн ойн хүрээнд Алтанбулаг-Улаанбаатар чиглэлд холын зайн гүйл­тийг зохион байгуулж, долдугаар сарын 7-нд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт бариаг нь хийнэ. Тэрчлэн үзэсгэлэн гаргаж, “Лондон-2012” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохионо. Мөн түүхт ойгоо угтаж уулчин Б.Гангаамаа 8848 метрийн өндөр Эверестийн оргилд авирахаар явсан. Тэрбээр 3000-6000 метрт да­сан зохицох бэлтгэлээ хийж эхэлсэн сурагтай. Хэрэв ОУХМ маань дэлхийн дээврийг байлдан дагуулж чадвал 90 жилдээ барьж буй том бэлэг болох нь дамжиггүй. Ойн хүрээнд зохиож буй томоохон ажлын нэг нь Азийн спортын менежментийн холбооны VII их хурал. Энэ оны долдугаар сарын 6-10-нд Улаанбаатар хотноо “Чингис” зочид буудалд болох тус хуралд зөвхөн Азийн гэлтгүй Америк, Австрали, Италийн шилдэг эрдэмтэд ирж, илтгэл тавьж, туршлагаасаа хуваалцана.

-Дээрх арга хэмжээнүүдийг зо­хион байгуулахад зардал чамгүй гарах нь ойлгомжтой. Засгийн газраас хэчнээн сая төгрөг гаргаж байгаа вэ?
-Нийтдээ 20-иод сая төгрөгийн зардал гарна.

-Тантай нэгэнт уулзсаных зарим зүйлийн талаар тодруулмаар байна. БТСГ маань шинэ спорт цогцолбор руу нүүх үү?
-Ийм асуудал яригдаж байгаад больсон. Яагаад гэвэл шинэ ордонд төрийн ажил үйлчилгээ явуулах асуудал хүндрэлтэй учраас нүүх шаардлагагүй гэж үзсэн. Ихэнх өрөөнүүд нь спор­тын уралдаан тэмцээн явуулах зориулалттай, агуулах хэлбэрээр баригдсан барилга л даа. Одоо тэнд ажилладаг 62 хүний ихэнх нь цонхгүй өрөөнд сууж байгаа.  

-Сүүлийн жилүүдэд ма­найхан тив, дэлхийн чанартай тэмцээ­нүүдийг хүлээн  авах нь олширсон. 2011 онд ямар ямар тэмцээн зохиогдох вэ?
-Мэдээж жил бүр Ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн “Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээн уламжлал ёсоор зохиогдоно. Тэмцээнийг шинэ спорт цогцолбортоо хийнэ. Мөн бууд­лагын олон улсын тэмцээн, Монгол туургатан хүүхдийн өвлийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөсөн.    

-Төр засгаас онцгой ан­хаарал халамж тавьж, багагүй хөрөнгө хүч зарцуулсны хүчинд Бээжингийн олимпод тамирчид маань бахдам сайхан амжилт гаргасан. Тэгвэл “Лондон 2012”-т хэр зэрэг анхаарал тавьж байна. Өмнөх олимпийн мөчлөгтэй харьцуулбал?
-Төр засаг, түмэн олноороо дэмж­сэний хүчинд манайхан Бээжингийн олимпод өндөр амжилт гаргасан. Эхэндээ тө­сөв үнэхээр чамлалттай байс­ныг нуух юун. 275 сая төгрөгтэй, түүгээрээ шигшээ багаа арайхийн барьж цалин, витаминжуулалтыг нь хангаж, зарим нэг тэмцээнд явах төдий л зардал байсан. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхболд тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцан ан­хаарал тавьсны хүчинд төсөв мөнгө огцом нэмэгдэж, тамирчид маань хүссэн тэмцээндээ графикийн дагуу орол­цох болсон юм. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч ихээ­хэн дэмжлэг туслалцаа үзүүлс­нийг тэмдэглэх нь зүйтэй байх.

“Лондон-2012” олимпод ч манай тамирчид бэлтгэлээ сайн базааж, муугүй амжилт гаргаж байна. Бээжингийн олимпод бид Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа, Б.Наранбаатар гээд тоотой хэдэн тамирчдаасаа медаль хүлээж суудаг байсан бол одоо тухайн спор­тын зай, төрөл жинд нэг байтугай тамирчин маань дээгүүр өрсөлдөх чадвартай болж. Зөвхөн чөлөөт, жүдо, бокс гэлтгүй буудлагад олон сайхан залуу тамирчид төрөн гарч, хүндийг өргөлтийнхөн маань ч үсрэнгүй амжилтуудыг гаргах боллоо. Б.Сэр-Одын хувьд уяа сойлгоо зөв тохируулж, 2 цаг 10 минут руу орчихвол медалийн төлөө ч өрсөлдөх боломжтой.

Төсвийн тухайд гэвэл Бээ­жингийн олимпийн дайтай хө­рөнгө мөнгө хуваарилсан. Өөрөөр хэлбэл 1 тэрбум 900 сая төгрөгийг шигшээ баг цалинжуулах, дотоодод зохиог­дох тэмцээн уралдааны мөнгөн шагнал, гадагшаа тэмцээнд явах зардал гээд олон зүйлд зарцуулна. Гэсэн ч үүнийг Бээжингийн олимптой харьцуулах ар­га­гүй юм. Ирэх олимп Европт болох учраас эрх авах тэмцээнүүд  нь ихэвч­лэн тус тив болон Латин Америкт зо­хиогдож буй. Энэ утгаараа зардал мөнгө их орж байна. Дээр нь бид шударга өрсөлдүүлэх журмыг баримталж нэг жинд 3-4 тамирчнаа явуулж байна. Ганцхан хүний төсөвтэй гээд бусдыг нь орхилгүй, сонголтоо зөв хийж, чансаагаа зөв гаргах учиртай. Энэ тал дээр жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Азийн боксын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Ганзориг, чөлөөт бөхийн удирдлагууд тун сайн ажиллаж байгаа. Оны хоёрдугаар хагасаас төсөв мөнгө жаахан хүндрэх төлөвтэй ч ойрын үед энэ асуудлаар хуралдах байх.  

-Спортын төв ордны “А” заалыг чөлөөт бөхийн холбоо авч байгаа гэсэн сурагтай. Тэгэхээр үүнээс хойш сагс, волейбол зэрэг спорт тоглоомын төрлүүдийн тэмцээн уралдаанууд дандаа шинэ ордонд зохиогдох уу?
-Ерөнхийдөө тэгж ойлгож болно. Чөлөөтийнхний бэлтгэл сургуулилтын орчин, нөхцлийг сайжруулах зорилгоор өгсөн. Эмнэлгийн байгууллагуудтай хамтарч, төрийн өмчийн хороотой ярилцаж шийдвэр гаргасан. Одоогийн жижиг заал агааржуулалт муутай, хүйтэн, дусаал гоождог, мөөгөнцөртөж байгаа гээд үнэхээр шаардлага хангахгүй байгаа. Үүнээс болоод тамирчид нь ханиад то­муу хүрч, хатгаа авах то­хиолдол нэг бус гардаг. Гэхдээ чөлөөтийнхөн бүр авч байгаа гэсэн үг биш. Лондоны олимп хүртэл түр хугацаагаар эзэмших юм.

Урин дулаан цаг ирж, гэрэл гэгээтэй болсон учраас бусад спортынхон шинэ ордонд тэмцээнээ зохиох боломжтой. Мөн чөлөөтийнхнийг гадагшаа тэмцээн уралдаанд явсан хойгуур ашиглаж болно шүү дээ.

-30 мянган хүний суудалтай шинэ спорт цогцолбор ордон хэзээ сүндэрлэх вэ?
-Аливаа улсын нийслэл заавал спорт цогцолбортой байдаг. Энэ утгаараа бид “5000 хүний ордонтой болчихлоо” гээд санаа амралгүй, спорт комп­лексийн асуудлыг даруйхан шийдэх ёстой. Ийм цогцолбортой болчихвол олон улсын тэмцээн, наадмыг нүүр улайхгүй зохиож, наадмаа ч уужуухан сайхан хийчихнэ. Нэг жишээ хэлэхэд лаосчууд Хятадын зээл тусламжаар спортын шинэ цогцолбортой болж, тэндээ Далайн орнуудын наадмыг хү­лээн авсан. Өмнөх наадмыг нь үзэж байсан хүний хувьд энэ удаагийн “Sea Games” зохион байгуулалтын өндөр түвшинд болсон гэдгийг хэлэх байна. Үр дүнд 25 алтан медаль авна гэж тооцоолсон лаосчууд 30 гаруй авар­гатай болсон гэсэн. Хамгийн гол нь энэ наадмыг үзсэн хүүхэд залуусынх нь биеийн тамир, спортоор хичээллэх сонирхол нэмэгдсэн гэнэ лээ. Өөрөөр хэлбэл спортын барилга байгууламж эдийн засаг, бизнесийнхээ талаас илүү хүн амын эрүүл мэнд, бие бялд­рын хүмүүжилд онцгой нөлөө үзүүлдэг юугаар ч орлуулшгүй ач холбогдолтой.

Энэ асуудлыг Засгийн газраас дэмжиж, концеccийн хуулийн жагсаалтад оруулсан. Мөн Шадар сайдын тушаалаар ажлын хэсэг нь байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгийнхэнтэй ярилцаж байгаад 2017 оны Зүүн Азийн наадмыг зохиох эрхийн төлөөх шалгаруулалтад оролцох эсэ­хээ шийднэ. Шалгаруулалт энэ оны зургадугаар сард болох юм. Хэрвээ Зүүн Азийн наадмыг зохиох эрхийн төлөө өрсөлдөх шийдвэрт хүрэх юм бол 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 50 метрийн усан бассейны ажлыг түргэвчлэх нь тодорхой. Энэхүү цогцолборыг барихад зориулж Буянт-Ухаа дахь шинэ ордныхоо дэргэд 50 га газар авчихаад байна.  

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

Р.Манлай
Зохиогчийн эрх: "Спортын шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж