Үндсэн хууль өөрчлөхийг хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль өөрчлөхийг хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин,  Д.Лүндээжанцан,  Ч.Сайханбилэг,  Ц.Мөнх-Оргил,  Д.Одбаяр,  С.Оюун,  Ж.Сүхбаатар,  Х.Тэмүүжин,  Д.Энхбат нарын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг 2010 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр баталсан юм.  

          Нийгмийн зайлшгүй тулгамдсан асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг Үндсэн хуулийн 68, 69 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хянан шийдвэрлэх үйл  ажиллагааны зарчим, журмыг энэ хуулиар зохицуулсан болно. Хуулиар тодорхойлж өгсөн гол асуудлуудыг танилцуулъя.  Үүнд:

    1. 3 бүлэг, 17 зүйлтэй энэхүү хууль нь Үндсэн хуулийг бүхэлд нь хянан үзэж шинээр батлахтай холбогдсон харилцааг зохицуулахгүй.

        2. Дараахь тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулж үл болно:

        1/Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно.

             2/Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  Улсын Их Хурал  ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно.

        3/Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол энэ тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно.

             4/Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн бол түүнийг Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 18 дахь заалт болон мөн зүйлийн 2, 3 дахь хэсэгт  зааснаар онц болон дайны байдал тогтоосныг цуцалтал түдгэлзүүлэн зогсооно.

    3.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

        4.Улсын Их Хурал, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд дараахь үндсэн зарчмыг баримтална:

            1/Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах;
            2/ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах;
            3/бодитой, ил тод байх.  

        5. Улсын Их Хурал,  хууль санаачлагч нь Үндсэн хуулийн Нэг, Хоёр, Гурав, Дөрөвдүгээр зүйл, Тавдугаар зүйлийн 1 – 4 дэх хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөв, Арван тав, Арван ес, Хорьдугаар зүйл, Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэг, Дөчин долдугаар зүйл, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран найм, Жаран есдүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно. /хуулийн 5.2.2 дахь заалт/

        6.Ерөнхийлөгч нь төрийн тэргүүний хувьд энэ хуулийн 5.2.2-т  зааснаас болон дор дурдсанаас бусад асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачилж болно:

            1/Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон бүрэн эрхийг өргөтгөх, хязгаарлах, эрх хэмжээг нэмэгдүүлэх;

            2/Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн болон үлдсэн бүрэн эрхийн хугацааг сунгах, бусад байдлаар өөрчлөх;

            3/Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлагыг сулруулах, өөрчлөх.
        
    7.УИХ-ын гишүүн энэ хуулийн 5.2.2-т зааснаас болон дор дурдсанаас бусад асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачилж болно:

        1/Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн болон бүрэн эрхийн хугацааг сунгах;

        2/Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг өргөтгөх, үүрэг, хариуцлагыг сулруулах;

        3/гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тодорхой бүрэн эрхийг олж авах.

        8.Засгийн газар нь энэ хуулийн 5.2.2-т зааснаас болон дор дурдсанаас бусад асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачилж болно:

            1/Улсын Их Хурал,Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах, өөрчлөх;
            2/Шүүх эрх мэдлийг хязгаарлах, өөрчлөх;
            3/Засгийн газрын гишүүний эрх хэмжээг нэмэгдүүлэх.

        9.Улсын Их Хурал төслийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ. Төслийг батлахдаа гурван хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав, түүнээс дээш хувь нь “батлах” санал өгсөн бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанд тооцно.

    10. Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн уг эхийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын долоо өдрийн дотор хянан үзэж хэрэв уг хууль бүхэлдээ буюу түүний аль нэг зүйл, хэсэг, заалт, нэр томъёоны агуулга нь Үндсэн хуульд харшилсан гэж үзвэл Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар хориг тавьж болно.

        11. Улсын Их Хурал төслийг энэ хуульд  зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана.

    Ард нийтийн санал асуулгад сонгогчдын нэрийн жагсаалтад хууль ёсоор бичигдсэн нийт иргэдийн олонхи нь оролцож, тэдгээрийн олонхи нь уг хуулийг “зөвшөөрнө” гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  хууль батлагдсанд тооцно.

        12. Ард нийтийн санал асуулгаар батлагдсан хуульд Улсын Их Хурал ямар нэгэн засвар, өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхийг  хориглоно.

    Ард нийтийн санал асуулгад  иргэдийн олонхи нь оролцоогүй бол санал асуулгыг хүчингүйд, санал хураалтад оролцогчдын олонхи нь “татгалзана” гэсэн санал өгсөн бол уг хуулийг батлагдаагүйд тооцно. Санал  асуулгыг хүчингүйд тооцсон, хуулийг батлахаас ийнхүү татгалзсан бол санал асуулгын дүн гарсан  өдрөөс хойш Улсын Их Хурал найман жилийн дотор дахин авч хэлэлцэхгүй хэмээн заажээ.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж