Б.Баттулга: Тамирчдаа туршлага судлуулах гэж л ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Б.Баттулга: Тамирчдаа туршлага судлуулах гэж л ирлээ

Гавьяат тамирчин Б.Наранбаатар, олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат, Э.Ням-Очир, Д.Энх-Амгалан гэх мэт манай чөлөөт бөхийн шилдгүүд “Арслан” клубээс гаралтай. Харин тэднийг Б.Баттулга багш дасгалжуулж байсныг спорт сонирхогчид андахгүй мэдэх биз. Харин одоо тэрээр Тайванийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж, өөрийн мэдлэгээ тус улсын тамирчдад харамгүй хайрлаж байгаа юм. Түүнийг улсынхаа нээлттэй тэмцээнд оролцохоор ирэхэд нь уулзаж, ярилцлаа.

-Багагүй хугацаанд гадаадад байлаа. Юун түрүүнд эх орондоо ирсэн сэтгэгдлийг тань сонсмоор байна?
-Эх орондоо ирээд сайхан байна. Монгол найзууд, хуучин багийнхаа андуудтайгаа уулзаад их гоё байна. Сэтгэл их хөдөллөө. Тайваньд 2010 нэгдүгээр сараас эхлэн гэрээгээр ажиллаж байгаа. Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн нээлттэй болж байгаа учраас ирж оролцооч гэсэн урилгыг чөлөөт бөхийн холбооноос ирүүлсэн. Энэ дагуу хоёр тамирчнаа дагуулаад ирлээ.

-Хоёр тамирчинтай ирсэн шалтгаан нь юу байв?
-Олуулаа оролцох бололцоо байсан. Гэхдээ удахгүй Узбекистанд Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тиймээс үүнд гол хүчээ нөөх хэрэгтэй гэдгийг дээрээс зөвлөсөн. Миний бодол бол улсынхаа нээлттэй тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэй ирэх санаатай байсан ч болсонгүй. Тэгээд хоёр тамирчинтай л ирлээ.

-Таны авчирсан хоёр тамирчны амжилтыг харсан. Боломжийн үзүүлэлттэй юм билээ?
-63 кг-ын жингийн тамирчин маань 2008 онд Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан. Харин нөгөөх нь дэлхийн аваргад VII, Азийн аваргад V  байр эзэлсэн.

-Улсынхаа нээлттэй тэмцээнд оролцож байгаа болохоор тодорхой зорилго өвөртөлсөн биз дээ?
-Яг үнэнийг хэлэхэд медаль авна гэсэн зорилго байхгүй. Хамгийн гол нь Монголынхоо тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхийг хүссэн юм. Монголын бөхчүүд ямар байгааг харуулахыг зорьж байна. Яагаад гэвэл манай бүсгүйчүүд нэг үеэ бодвол дэлхийд эн тэнцэхүйц өрсөлдөхөөр болсон байна. Тийм болохоор шилдэг бөхчүүдийн барилдааныг харж туршлага судлуулах зорилгоор хоёр тамирчнаа авчирлаа.

-Яагаад гэнэтхэн Тайванийг зорих болов оо?
-2007 онд гавьяат тамирчин Б.Наранбаатарыг дэлхийн аваргаас медаль авахад Тайванийн талаас санал тавьсан. Гэвч нэг жилийн дараа олимп болох гэж байсан учраас би тухайн үед татгалзсан. Миний гол зорилго бол ирэх онд Лондонд болох олимпийн эрх авахын төлөө л зүтгэж байгаа юм. Өмнө нь эд нар чинь чөлөөт бөхийн төрлөөр олимпод оролцож байгаагүй улс шүү дээ. Тийм болохоор энэ тал дээр гол анхаарлаа хандуулж байна. Хамгийн гол Тайванийн бөхчүүд олон улсын тэмцээнд оролцдоггүй юм билээ. Зөвхөн дэлхийн аварга болон Азийн аваргад тамирчнаа оролцуулах бодлого баримталдаг. Манай хоёр тамирчны хувьд Монголын нээлттэй тэмцээн анхных нь болж байгаа юм. Олон улсын тэмцээн чинь хоёр кг-ын жин хэлбэлзэлтэй. Харин тив, дэлхийн аварга бол ямар ч хэлбэлзэл байхгүй. Тийм болохоор тамирчдаа олон улсын тэмцээнд оролцуулдаггүй юм билээ.

-Хоёр орны тамирчдын хувьд бэлтгэл сургуулилтын ялгаа байдаг уу?
-Яг одоо бол би Тайванийн шигшээ дасгалжуулж байгаа болохоор ялгаа бараг байхгүй. Монголынхоо дасгалжуулагч нартай байнга холбогдож зөвлөгөө авдаг. Ер нь бол монголдоо тамирчдаа яаж бэлтгэдэг байсан. Тэр дагуу л бэлтгэл хийлгэдэг. Гэхдээ хамгийн зовлонтой нь бэлтгэл хангах тамирчин цөөтэй учраас бэрхшээл их гарна.

-Яагаад цөөхөн гэж. Чөлөөт бөхөөр хичээллэгсэд бараг байдаггүй гэсэн үг үү?
-Тэгж хэлж болно. Цөөн тооных л байдаг. Тайванийн тамирчид 25 нас хүрсэн л бол шууд спортоо орхидог. Ажил хийж, ар гэрийн асуудлаа боддог. Гэтэл манайд өөрийн хүсэлтээр зодог тайлах хүртлээ барилдана шүү дээ.

-Улсын аварга гэж болдог байх. Нэг жинд дунджаар хичнээн тамирчин оролцох вэ?
-Бололгүй яах вэ. Гэхдээ оролцох тамирчид нь цөөн л дөө. Нэг жинд 10 орчим бөх л барилдана. Тэгэхээр өрсөлдөөн бараг байхгүй болж байгаа биз. Манайд бол өөр. Чөлөөт бөх чинь манай гол спортын төрлийн нэг шүү дээ.

-Анх Тайваньд очиход ямар байв. Хүндрэл гарсан уу?
-Эхэндээ мэдээж тодорхой хэмжээний хүндрэл гарсан. Хаана ч гэсэн тийм л байдаг. Харин одоо бол дажгүй сайн байгаа. Миний Тайванийг сонгосон нэг шалтгаан нь эхнэр маань тэнд сурдаг. Тийм болохоор гэр бүлээрээ байхыг илүү эрхэмлэсэн. Одоо эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт байгаа болохоор сэтгэл санаа хоёрдохгүй сайхан л байна.

-Хэлний бэрхшээл хэр их байв?
-Тэр тал дээр бол гайгүй ээ. Би анх очихдоо л тамирчдадаа хэлсэн. Сайн тамирчин болмоор байвал англи хэл сайн сур. Хэл сурахгүй бол шилдэг тамирчин болж чадахгүй гэдэг байсан. Манайхан ч өөрсдөө хичээл зүтгэл гаргасан болохоор хэлний тал дээр бэрхшээл нэг их гараагүй. Миний авчирсан хоёр тамирчин манайхан дундаа л англиар хамгийн сайн ярьдаг нь.

-Нууц биш бол цалин мөнгөний хувьд хэр байдаг юм бол?
-Ер нь манайхтай л адилхан шүү дээ. Миний хувьд одоогоор 2000 ам.долларын цалин авч байна. Олимпийн эрх авбал нэмэх гэрээтэй. Шагнал урамшууллын систем бол манай жишгээр байдаг. Тив болон дэлхийн аваргаас медаль авбал Засгийн газрын тэтгэлэг авна.

-Эрэгтэй, эмэгтэй тамирчидтай ажиллах юугаараа ялгаатай байна вэ?
-Маш их ялгаа байгаа. Би энд дандаа л эрчүүдтэй ажилладаг байсан. Харин Тайваньд холимог багтай. Эрчүүдтэй бол шулуухан ярьж болно шүү дээ. Гэтэл бүсгүйчүүдийг хамаагүй загнаж болохгүй, аль болох аргадах маягаар ажиллана. Тэгэхгүй бол хэцүү. Бэлтгэлийн төвшин ч гэсэн арай өөр л дөө.

-Монголд ирлээ. Шавь нартайгаа уулзах цаг зав гарч байна уу?
-Өө тэгэлгүй яах вэ. Ж.Чулуунбат, Э.Ням-Очир хоёр маань намайг тоссон. Б.Наранбаатар намайг хоёр тамирчинтай минь хамт гэртээ урьж, сайхан дайлж, цайллаа. Миний хувьд монголдоо ирээд ёстой сайхан байна.

-Хэзээ буцах вэ?
-Нээлттэй тэмцээн дууссаны дараа тав хоногийн хамтарсан бэлтгэл хийнэ. Тэгээд л буцна даа.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Баярлалаа. Намайг эх орондоо ирэхэд ийм сайхан хүлээж авч байгаа бүх хүнд баярласнаа хэлье. Монголын дасгалжуулагч нар маань надад зааж, зөвлөж байна. Цаашид ч гэсэн байнга холбоотой байна. Манай Монголын дасгалжуулагч нар бүгд чадвартай шүү. Тэмцээн маань сайхан болох шинжтэй байна. Тэмцээнийг зохион байгуулагчдад бүгдэд нь амжилт хүсье. Манай тамирчид өнгөлөг харагдаж байгааг хэлмээр байна.

Б.Мөнхзул
Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж