
Сонгууль явуулсан комиссоос мэдээлж байгааг үзвэл нийт 83 мянга гаран төвд хүн санал өгөх эрхтэй байснаас 49 мянган хүний санал тоологджээ. Санал асуулгын дүнгээс үзвэл Лувсан Сангайн дараагаар өөр нэг өрсөлдөгч болох Далай ламын АНУ дахь төлөөлөгч Дэнзэн 37 хувийн санал авч удаалсан бол гуравдахь нэр дэвшигч нь зургаахан хувийн санал авсан байна.
Далай ламын улстөрийн замналыг үргэлжлүүлэхээр сонгогдсон Лувсан Сангай нь одоо 42 настай бөгөөд Энэтхэгт төржээ. Түүний эцэг Төвдийн засгийн газар нутаг орноосоо хөөгдөж байх тэр үеэр Дээрхийн гэгээний нэгэн адилаар эх орноо орхисон нэгэн аж.
Лувсан Сангай шинэ ажил үүргээ гүйцэтгэхийн тулд Дармасалад очихоо мэдэгдээд Далай ламын баримталж байсан улстөрийн чиг шугамыг үргэлжлүүлнэ гэж хэлсэн байна. Тэрээр, “ Дээрхийн гэгээний баримталж байгаа “дундын байр суурь” буюу хэрэв Төвдөд бодитойгоор автономит эрхийг өгвөл Хятад улсын үндсэн хуулийн хүрээнд автономит эрхтэйгээр оршин байхыг зөвшөөрөх” байр суурин дээр байхаа зарлажээ.