Г.Уянга: Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Г.Уянга: Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө

БОАЖ-ын сайд Л.Гансүхийг гүтгэж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр Амлалт нэхэх ард түмний холбооны удирдах  зөвлөлийн гишүүн  Г.Уянгад эрүүгийн хуулийн 111, 111.2 зүйлд зааснаар түүнд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ. Дээрх асуудлаар Г.Уянгаас тайлбар авахаар түүнийг БГД-ийн цагдаагийн хэлтсийнхэн өнөөдөр 11.30 цагийн үед албадан  авч явсан юм. Түүнийг хоёр цаг саатуулаад 14.00 цагийн үед суллалаа. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дөрвөн цагдаа түүнийг  хүчээр машинд суулгаж, өвдөглүүлсэн аж. Г.Уянга цагдаагийн хэлтсээс гарч ирэхдээ өмднийх нь  өвдөг шавар болсон байв. Жагсагчдын төлөөлөл БГД-ийн Цагдаагийн хэлтсийн гадаа цагаан хойлойгоор Г.Уянгыг суллахыг шаардаж, хэрэв суллахгүй  бол жагсагчид төв зам хаана хэмээн орилж байв. БГД-ийн цагдаагийн хэлтсээс Г.Уянга суллах үед түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Цагдаагийнхан тайлбар авах тухай танд урьдчилан мэдэгдээгүй хэрэг үү?

-Би  үнэхээр шоконд орлоо. Өглөө Их хуралдайнхаа ажлаар Тусгаар тогтнол эвслийн тэргүүн  Г.Баярхүү ах, манай нөхөр А.Баатархуяг бид хэд гэрээс гарч явсан юм. Би тэднээс түрүүлээд явж байсан. Гэтэл  зогсоол дээр байсан ногоон микро машин хурдтай гарч ирээд дөрвөн том биетэй цагдаа  намайг хүчээр дамжилж машиндаа оруулсан. Тэд явуут дундаа машиныхаа хаалгыг хаагаад, газарт шууд өвдөглүүлээд цагдаагийн хэлтэст авчирлаа.

-Таниас урьд нь тайлбар мэдүүлэг авах мэдэгдэл хүргүүлж байсан гэсэн?

-Намайг төрөөд удаагүй байхад гэрт хүчээр орж ирж байсан шүү дээ. Би мэдүүлэг өгөх боломжгүй гэдэг учир  байдлаа хэлсэн.

-Сая таниас ямар  тайлбар авсан бэ. Бараг хоёр цаг боллоо шүү дээ?

-Би ямар ч тайлбар, мэдүүлэг өгөхгүй гэдгээ хэлсэн. Гэнэт  албадан авчирсан болохоор балмагдаж байна. Өмгөөлөгчөөс зөвлөгөө авч байж,тайлбар өгөх болно. Энгийн иргэн байсан бол суллахгүй бололтой. Их хуралдайн төлөөлөгчид жагсаж, төв зам хаана гэсэн болохоор  намайг суллалаа гэв.

Харин БГД-ийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Н.Баттөмөрөөс дээх асуудлаар  тодруулсан юм.

-Г.Уянгыг яагаад хүч хэрэглэж авч явсан юм бэ. Урьдчилж мэдэгдэж болоогүй юм уу?

-2010 оны зургаадугаар сараас хойш Г.Уянгыг мэдүүлэг тайлбар өгч, хэрэгтэйгээ танилцахыг бичгээр, өөрийн биеэр болон утсаар удаа дараа мэдэгдэж  байсан. Гэвч нэг ч удаа өөрийн биеэр ирээгүй учир бид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу албадан ирүүлэх арга хэмжээ авлаа. Хүч хэрэглэсэн  зүйл байхгүй. Өмнө нь бас манай цагдаагийнхан гэрт нь очиход иргэний хөдөлгөөнийнхөн, сурвалжлагч нарыг дуудаад асуудал үүсгэж байсан. Түүнээс хойш дахиад л тайлбар өгөхийг  мэдэгдээд л  байгаа. Гэтэл ирдэггүй.

-Хэзээ тайлбар мэдүүлэг авахаар болов?

-Сая хавтаст хэрэгтэйгээ танилцаад, тайлбар өг гэсэн боловч татгалзлаа. Дараа өөрөө өмгөөлөгчтэй ирж мэдүүлэг өгнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир суллаж байна. Түүнээс биш Г.Уянгыг баривчилж, цагдан хорих гээд байгаа зүйл огтхон ч байхгүй. Бид Г.Уянгыг эрүүгийн хэрэгт шалгагдаж буй хугацааных нь дагуу л дуудсан. Г.Уянгатай холбоотой асуудал СБД-ийн цагдаа дээр ч бий.

-Ард түмний их хуралдай хийж байх үед саатуулсан нь жагсагчдын дургүйцлийг төрүүлэх шиг боллоо?

-Энэ нь жагсаал цуглаан, ард түмний их хуралдайтай ямар ч холбоогүй. Г.Уянгаас удаа дараа тайлбар авахыг хүсэхэд ирээгүй учир хуулийн хүрээнд тайлбар авахаар авчирсан. Г.Уянга өөрөө тайлбар өгнө гэсэн болохоор хэн хэнээ хүндэтгэн  үзэж байна гэсэн  юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж