Цэцэд ашиг сонирхол байна гэж хардахад хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Цэцэд ашиг сонирхол байна гэж хардахад хүргэж байна

Дээд шүүхэд МАХН-ын нэр бүртгүүлэх тухай асуудал хөндөгдөж эхэлснээс хойш Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дахь заалтын талаар маргаан дэгдэж эхэлсэн билээ. Уг заалтын талаар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн МУИС-ын Хууль Зүйн Сургуулийн Эрх зүй, төрийн онол-түүхийн тэнхмийн багш, хууль зүйг ухааны доктор /Ph.D/, дэд профессор Х.Сэлэнгэ Үндсэн Хуулийн Цэцэд  гомдол гаргасан байна. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Та саяхан Улс төрийн намын тухай хуулийн заалтын талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан гэсэн. Яг ямар үндэслэлээр хандсан юм бэ?

Би МУИС-ын Хууль зүйн сургуульд  хууль зүйн шинжлэх ухааны суурь үндэс, онол арга зүйг тодорхойлох “Эрх зүйн филсофи” буюу “Шударга ёсны онол”-ыг ирээдүйн хуульч болох оюутнуудад зааж, тэдэнд хүний эрхийг дээдэлж, эрх зүйт ёсыг хэрэгжүүлэхийг сургадаг багш хүн. Тиймээс Монгол Улсын Их Хурлаас 2005 оны нэгдүгээр сарын 28-нд баталсан “Улс төрийн намын тухай” шинэчилсэн хуулийн хэд хэдэн заалтыг эрх зүйн бус гэж үзэж, Үндсэн Хуулийн Цэцэд 2005 оны гуравдугаар сарын 07-ны өдөр өргөдөл өгсөн. Учир нь дээрх хуулийн 6.3, 8.6 дахь заалт нь хүний үзэл бодол эвлэлдэн нэгдэх эрх, сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн  гэсэн үндэслэлээр хандсан. Уг хоёр заалтыг Үндсэн Хуулийн Цэц хэлэлцээд хүчингүй болгосон. Гэтэл  саяхнаас улс төрийн намуудын үйл ажиллагаатай холбоотой  мөн “Улс төрийн намын тухай” хуулийн 15.6 дахь заалт сөхөгдөн гарч ирлээ.  Энэ байдлаас харахад миний 2005 онд Үндсэн Хуулийн Цэцэд уг хуулийн талаар гаргаж байсан асуудал бүрэн шийдэгдээгүй байна гэж  үзэн өөрийн ажлын үр дүнг үргэлжүүлэх үүднээс дахин өргөдөл гаргасан юм.

Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийн 15.6, 6.3 гэсэн энэ хоёр заалт юугаараа ижил төсөөтэй вэ. Яагаад та 15.6 гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв?

-Уг хоёр заалтын ижил төсөөтэй тал нь улс төрийн нам шинэчлэгдэн өөрчлөгдсөн тохиодолд дахин  нэрийг нь хэрэглэхийг хориглосон заалт. 2005 онд шинэчлэн найруулагдсан хуулийн 6.3 дахь заалт нь намын нэрийг 24 жилээр хэрэглэхийг хориглоно гэж заасан бол 15.6-д  “Нам  энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга тэмдэг, нэр, бэлгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмлчөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт. Өөрөөр хэлбэл энэ хоёр заалт хоёулаа намыг нэрийг хэрэглэхийг хориглосон байдаг. Тэгэхээр 15.6 дахь заалтыг үндсэн хууль зөрчсөн гэж үзэн өнгөрөгч гуравдугаар сарын 04-ны өдөр Үндсэн Хуулийн цэцэд гомдол гаргасан. Гэтэл миний гаргасан гомдлийг хууль зүйн шинжлэх ухааны үүднээс авч үзэлгүй,  Үнлсэн хууль зөрчөөгүй гэсэн хариултыг өгсөн байгаа. Ингээд би дахин өргөдөл гаргасан.

-Хэрэв ижил төсөөтэй заалт юм бол та яагаад 2005 онд дээрх хуулийн 6.3 дахь заалтыг хүчингүй болгох талаар гомдол гаргахдаа 15.6 дахь заалтыг хамтатган хөндөөгүй юм бэ?

-Тэгэхээр “Улс төрийн намын тухай” хуулийн 15.6 –г  нэг талаас нь харахад намын нэрийг өмчлөхийг хориглох нь зөв юм шиг мөртлөө нөгөө талдаа Үндсэн хууль зөрчсөн гэх мэт харагдаж байгаа юм. Би тухайн үед Улс Төрийн намын тухай хуулийн 6.3-аас гадна хэд хэдэн заалтыг талаар ҮндсэнХуулийн Цэцэд өргөдөл гаргаж байсан юм. Уг 15.6 дахь заалт эргэлзээ төрүүлсэн учраас орхисон болов уу. Харин саяхнаас улс төрийн намын үйл ажиллагаатай холбоотой энэхүү заалтын талаар  маргаан гарч эхлэсэн учраас яах аргагүй сөхөх шаардлага гарч байна.  15:6 дахь заалт нв мөн 6.3 дахь заалттай адил Үндсэн хуулиар олгогдсон  хүний  эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн тул хүчигүй болгож өгөх тухай өргөдөл гаргасан.

-Дээд шүүхээс ч мөн 15.6 гэсэн заалтыг тайлбарлуухаар Үндсэн хуулийн цэцэд хандсан юм билээ. Тэгэхээр таны гомдолтой хамт хэлэлцэх хууль зүйн үндэслэл бий юу?

-Байлгүй яахав.  Тэгэхээр би өнгөрөгч гуравдугаар сарын 04-ны өдөр Үндсэн Хуулийн цэцэд “Улс төрийн намын тухай” хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай гомдол гаргасан. Харамсалтай  нь Үндсэн хуулийн цэц миний өргөдлөөс татгалзсан. Тэр хариултаа ч  надад албан ёсоор  өгөөгүй.  Яагаад  миний гомдлын хариултыг Үндсэн Хуулийн Цэцээс албан ёсоор надад мэдэгдээгүй талаар лавлахад “ Бусад өргөдөл гаргасан хүмүүст хариултыг нь өгсөн тул таныг мөн авсан гэж бодсон” гэсэн тайлбар өгсөн. Гэтэл би энэ өргөдлийг  бусад хүнтэй хамтарч өгөөгүй. Би энэ асуудалд хандахдаа хүний эрхийн үүднээс, хууль зүйн шинжлэх ухааны үүднээс зайлшгүй шаардлагатай гэж үзэн өргөдөл өгсөн. Ямар нэгэн ашиг сонирхол байхгүй.  Гэтэл миний өргөдлөөс татгалзсан нь  Үндсэн Хуулийн Цэц улс төрийн ашиг сонирхол байна уу гэж хардахад хүргэж байна.  Учир нь 15.6-тай яг адил төсөөтэй заалтыг Цэц 2005онд 6.3 заалтыг хүчингүй болгосон хэр 15.6 ижил заалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн нь хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь хардахаас өөр аргагүйд хүргэж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж