“Реал” алдагдсан нэр төрийнхөө төлөө

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

“Реал” алдагдсан нэр төрийнхөө төлөө

Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн шилдэг хагас шигшээ тулаан гэгдэж буй “Реал Мадрид” болон “Барселона” багийн тоглолт энэ үдэш “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд болно. Талбайн эзэн “Реал Мадрид” Ла лигтээ цом өргөх нь бараг л “шидэт үлгэр” болсон учир Европын тавцан дахь хамгийн нэр хүндтэй тэмцээнд бүхий л анхаарлаа хандуулж, хүчээ нөөж байна.
Эзэн хааны багийг дасгалжуулж буй Жозе Моуриньо өнгөрсөн жил Италийн “Интер Милан”-ыг удирдаж байхдаа яг энэ шатанд “Барселона”-г мулталж байсан. Түүнчлэн “Барса”-д тав дараалан хожигдсон “Реал”-ын хар цувралыг таслан зогсоож чадсан. Тэгэх тэгэхдээ Копа дел Рейн финалд мөнхийн өрсөлдөгчөө буулган авсан билээ. Гэхдээ тэрбээр анх “Реал”-д ирээд “Барса”-д 5:0-ээр бут ниргүүлж байснаа хэзээ ч мартдаггүй гэнэ. “Би таван сарын өмнө “Барселона”-д 5:0-ээр хожигдож байснаа хэзээ ч мартдаггүй. Тэд хөлбөмбөг гэж юу байдгийг бидэнд мэдрүүлсэн. Харин энэ удаад бид алдаанаасаа суралцаж, илүү хөдөлмөрлөх болно” хэмээн “Онцгой нэгэн” өгүүлжээ.
“Реал” vs. “Барса”, товчхондоо бол “Эль Класико” энэ жил зургаан удаа болох нь тодорхой болсон. Эзэн хааны цомыг хүртсэн “Реал” Ла лигийн аварга цолыг бараг л “өвөртөлчихөөд” байгаа “Барса”-тай Испанийн супер цомын төлөө ирэх наймдугаар сард тоглох болно. Түүхэн дэх 212 дахь, харин өнөө шөнө болох энэ улирлын дөрөв дэх “Эль Класико” хоёр багийн Аваргуудын лигт таарч буй долоо дахь учраа болж байна.
Багийн мэдээллээс харахад, “Барселона”-гийн довтолгоог зогсоох гол тоглогч болох Сами Хедира талбайд гарахгүй хэвээр байгаа бол Эммануэль Адебайор, Анхель ди Мария нар тоглолтод оролцох боломжтой гэнэ. Харин Рикарду Карвальо торгуулийн улмаас өнжиж байгаа бол Рональду, ди Мария, Серхио Рамос, Рауль Албьоль нар шар хуудас авах эрхгүй тоглох болоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж