Үндэсний хорооны асуудлыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Үндэсний хорооны асуудлыг хэлэлцэв

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны үйл ажиллагааны талаар ярилцлага, сонсгол хийлээ. Эдийн засгийн байнгын хороо болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь нэг зоосны хоёр тал байх ёстой хэмээн гишүүд онцолж, бодлого төлөвлөлтийг үйл ажиллагаатай уялдуулахад хууль эрх зүйн ямар орчин хэрэгтэй байгаа талаар саналыг нь сонслоо.

ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун “манайд мэдээлэл мониторингийн хувьд асуудал байхгүй. Харин төлөвлөлтийн хувьд хийгдэж буй зүйл бий. Одоогийн хуулиар салбарын сайд салбарын бодлогыг зохицуулдаг байхаар зохицуулсан байдаг. Манай хороо уг нь салбарын яамдаас давсан төлөвлөлт хийх ёстой. Жишээлбэл уул уурхайн салбарт 40 мянган хүн хэрэгтэй гэх тооцоо үүссэн гэх тооцоог Боловсролын яаманд өгөхөд энэ тооцоог албан бус байна хэмээн үйл ажиллагаандаа тусгах боломжгүй гэсэн” хэмээгээд төлөвлөлтийн харилцааг зохицуулах хуулийн төслийг боловсруулан Засгийн газарт хүргүүлж буйгаа хэлэв.
Мөн хуралдааны үеэр шүүмжлэлт байр сууринаас асуудалд хандаж байсан бөгөөд гишүүн Батж.Батбаяр “Өмнө нь төлөвлөгөөт Эдийн засгийн хороо гэж байсан. Одоо Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь зөвхөн “хүсэлт” тавих төдий үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв тийм бол энэ байгууллагыг татан буулгах ёстой” гэсэн байна. 

Үүний дараагаар Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд ийг хэлэлцэх эсэх талаар хуралдсан бөгөөд Д.Ганхуяг, Д.Тэрбишдагва нарын долоон гишүүн уг хуулийг төслийг өргөн барьсан аж.

Зарчмын хувьд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа боловч засаж, янзлах зүйл нилээдгүй байгааг хэд хэдэн гишүүн хэлэв. Хуралдаан үргэлжилж байна.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж