Сангийн яамнаас уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Сангийн яамнаас уралдаан зарлалаа

Монгол Улсад Сангийн яам байгуулагдсан хийгээд санхүү эдийн засгийн алба үүсэн хөгжсөний 100 жилийн ойг угтан, сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдаан зарласнаа өнөөдөр мэдээллээ. Уралдааныг дөрөвдүгээр сарын 15-наас ирэх арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд зарлаад байна.

Эдийн засгийн хурдацтай хөгжлийн өнөө үед энэ чиглэлийн үнэн бодитой, цэгцтэй мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх, сэтгүүлч  уран бүтээлчдийг дэмжих, тэдний ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дээрх уралдааныг Сангийн яам нь Парламентын сэтгүүлчдийн холбоо, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа аж.

Уралдаанд сойх бүтээл нь хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, төсөв төлөвлөлт, төсвийн тогтвортой ил тод байдал, эдийн засгийн өсөлт, банк санхүү, хөрөнгийн зах зээл, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, өрсөлдөх чадвар, инноваци кластер, бизнесийн таатай орчин, татварын орчин, хүн амын орлогын албан татвар гэсэн олон сэдвийг хамарч болох аж.  

Уралдаанд ирүүлэх бүтээлийг телевиз, сонин гэж хоёр ангилан, шалгаруулах аж. Тэргүүн байр эзэлсэн бүтээлд тус бүр нэг сая төгрөгийн шагнал хүртээх бол хоёрдугаар байрыг 700 мянган төгрөг, гуравдугаар байрыг 300 мянган төгрөг хүлээж байна. Мөн тусгай байр тус бүр хоёрыг шалгаруулна. Шагнал нь 150 мянган төгрөг ажээ.

Түүнчлэн эрдэмтэн судлаачид, оюутан залуусын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар болжээ. Эхний шатанд ирсэн нийт илтгэлүүдээс 10 илтгэлийг шалгаруулна. Тэдгээрийг  хоёрдугаар шатны шалгаруулалтад оруулж, шүүгчдийн оноогоор шалгаруулж, байр эзлүүлэх аж. Эрдэм шинжилгээний хуралд ирүүлэх илтгэл нь төрийн албанд ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмжийг цалин хөлстэй уялдуулах, Мөнгө болон сангийн бодлогын уялдаа холбоог хангах нь тэтгэвэр даатгалын тогтолцоо, цаашдын хандлага гэсэн сэдвийг хамарсан байх ёстой гэнэ. Илтгэл хүлээн авах хугацааг ирэх тавдугаар сарын 15-наар хязгаарлаж байна. 

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж