Азийн гигантууд эрх ашгаа нэгтгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Азийн гигантууд эрх ашгаа нэгтгэлээ

Хүчирхэг эдийн засагтай Азийн гурван орон чөлөөт худалдааны гэрээ байгуулж, эдийн засгаа харилцан дэмжихээр болжээ. АНУ, Европын хэрэглээ хумигдах хандлагатай байгаа энэ үед Азийн зах зээлд түшиглэх нь илүү ашигтай гэж тэд үзсэн бололтой. Үүнтэй зэрэгцээд байгалийн гамшигт үзэгдлээс болж хүнд байдалд орсон Японы эдийн засагт дэмжлэг үзүүлэх, экспортоо сэргээхэд нь тус дөхөм болох нэг алхам болж байна.

Япон, Хятад, Өмнөд Солонгосын Худалдааны сайд нар уулзаж, гурван талт чөлөөт худалдааны гэрээ байгуулсан юм. Энэ үеэр Азийн зах зээл рүү орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн, хүн амын урсгал нь Японы эдийн засаг сэргэхэд томоохон дэмжлэг болно гэж үзжээ. Токиод болсон энэхүү уулзалтын үер Японы Худалдааны сайд Банри Кайеда Японы экспортчлогчдын бүтээгдэхүүнээс цацраг идэвхт бодис илрэхээс сэргийлж, дотоодын зах зээл рүүгээ нэвтрүүлэхгүй байгааг шүүмжилсэн байна. Үнэхээр Японы эдийн засгийг дэмжье гэж бодож байвал экспортыг нэмэгдүүлэхэд томоохон алхам хийх ёстой мэт. Гэвч Хятад, Өмнөд Солонгосын албаны төлөөөлөгчид үүнтэй санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд ингэхээс өөр аргагүй байгааг онцолжээ. Эдгээр гурван улс 2007 оны эхээр гурван талт чөлөөт худалдааны гэрээ байгуулсан билээ. Харин одоо түүнийг илүү өргөжүүлж, гадаад худалдаагаа нэмэгдүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулах сонирхолтой байгаа юм. Японы хувьд цунами болохоос өмнө экпортоо нэмэгдүүлэхийг хичээж байсан. Тухайн үед иений ханшийн өсөлтөөс болж Японы үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар буурч, бараа, бүтээгдэхүүн нь өндөр өртөгтэйгөөр зах зээл рүү гарч байж. Тиймээс нэмэлт төсөв батлан иенийн ханшийг унагахыг хичээж байв. Байгалийн гамшиг нүүрлэсний дараа “Тоёота” тэргүүтэй компаниуд томоохон үйлдвэрүүдээ түр хугацаагаар хааснаас болж Японы экспорт өнгөрсөн сард 2.2 хувиар буурсан юм. Цаашид энэ үзүүлэлт улам багасна. Үүнтэй зэрэгцээд “Фукушима Дайчи” атомын цахилгаан станцаас ялгарч буй хорт бодисын тархалт ихэссэн билээ. Хилийн чанад дахь Японы бараа, бүтээгдэхүүнүүдээс цацраг идэвхт бодис илэрсэн нь Хятад, Өмнөд Солонгос тэргүүтэй томоохон гүрнүүд Японоос авах импортод хориг тавих гол үндэс болсон юм. Японы эрх баригчдын хувьд энэхүү хоригийг цуцлуулахын тулд нэлээд хүчин чармайлт гаргаж байна. Тус улсын Худалдааны сайд Б.Кайеда “Бид “Фукушима Дайчи” атомын цахилгаан станцтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг аль болох түргэн шуурхай олон нийтэд мэдээлж байх болно. Тэгж гэмээнэ дэлхий нийт нөхцөл байдал хэрхэн сайжирч байгааг ойлгож, манай импотод хориг тавихаа болино гэдэгт найдаж байна” гэжээ.

Одоогийн байдлаар Хятадын Засгийн газар албан ёсоор Токио хот болон Фукушима тэргүүтэй Японы арван мужаас хүнс, газар тариалангийн салбарын бүтээгдэхүүн импортлохыг хориглосон байна. Мөн цацраг идэвхт бодисын тархалттай холбоотой мэдээллийг яаралтай өгөхийг Японы Засгийн газраас цаг тутамд шаардаж байгаа аж. Ийнхүү Япон, Хятад хоёрын хооронд байгуулсан чөлөөт худалдааны гэрээнд сүүлийн үеийн үйл явдлууд нэлээд сөргөөр нөлөөлсөн юм. Ямартай ч одоогийн байдлаар Хятадын талаас шаардсан цацраг идэвхт бодисын тархалттай холбоотой мэдээлэл бүхий баримт, бичгийг хараахан өгөөгүй байгаа хэмээн Японы Газар тариалангийн сайд мэдээлжээ. Өмнөд Солонгосын хувьд Хятадтай харьцуулахад арай гайгүй, Фукушима болон түүнтэй ойролцоо орших дөрвөн мужаас авах бүтээгдэхүүний импортод хориг тавьсан юм. Тус улс Японтой 2004 оны арваннэгдүгээр сараас эхлэн чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Харин энэ удаагийн уулзалтаар тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний татварыг бууруулж, үнэ тарифт нь нөлөөлөх асуудал хэлэлцжээ. Японы зүгээс Хятадын талд газрын ховор элементийн экспортоо бууруулахгүй байх санал тавьсан байна. Газрын ховор элементийн нийт нийлүүлэлтийн 90 хувийг дангаараа хангадаг Хятад улс саяхнаас экспортоо 50 хувиар бууруулсан билээ. Энэ нь Японы компаниудад хүнд цохилт болсон юм. Ямартай ч Азийн тэргүүлэх эдийн засаг бүхий гурван орны хувьд худалдаа, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал, технологи, менежмент, эрүүл мэндийн салбаруудад хамтын ажиллагаагаа өргөтгөхийг зорьж байна.

Энэхүү уулзалтын эцэст Азийн тэргүүлэх гүрнүүд хамтын ажиллагаагаа өргөтгөж, дотоодын зах зээлдээ түшиглэх сонирхолтой байна хэмээн ажиглагчид дүгнэжээ. Түүнчлэн Хятад, Өмнөд Солонгосын хувьд Япон руу гаргах экспортоо нэмэгдүүлэх боломж эрэлхийлж байгаа нь нууц биш юм.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж