Инфляци гэрлийн хурдаар буурч байна

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Инфляци гэрлийн хурдаар буурч байна

Оны эхэнд инфляци улсын хэмжээнд 13, Улаанбаатарт 14.8 хувьтай байсан. Гэтэл сүүлийн хоёрхон сарын дотор тормосгүй машин уулын уруу өнхрөх мэт хурдтай бууж эхэллээ. Тодорхой хэлбэл, өнөөдөр улсын хэмжээнд найм, нийслэлд бүр 7.4 хувь болтлоо буурсан байна. Баярламаар мэдээ шүү. Үндсэндээ УИХ-аас өгсөн “Инфляцийг нэг оронтой тоонд барь” гэсэн үүргийг Монголбанк бүрэн дүүрэн биелүүлжээ. Гэхдээ энэ бол цаасан дээрх тоо. Бодит амьдрал дээр иргэдийн худалдан авах чадвар үнэхээр ийм хурдацтай дээшилж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Уг нь инфляци буурч байвал хэн бүхэнд хэрэгтэй. Гэхдээ инфляци богино хугацаанд хурдан өсдөг болохоос тийм амар буугаад байдаг зүйл биш. Ерөнхийдөө нэлээд зууралдаж байж доошилдог гэдгийг мэргэжлийнхэн андахгүй байх. Яагаад гэвэл ямар нэгэн хүчин зүйлээс шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр өссөн бол маргааш нь эргээд буудаггүй шүү дээ. Үнийн өсөлтийг эргүүлж буулгах бус, цалин орлогын өсөлт, эрэлт, нийлүүлэлтийн балансаар л арайхийж гүйцэж авдаг. Үүнд нэлээд их хугацаа шаардлагатай. Басхүү цалин, тэтгэвэр нэмэх зэрэг арга нь ч эргээд инфляцийг өсгөх хүчин зүйл болдог адармаатай. Энэ олон бэрхшээлийг зохицуулах гэж дэлхийн бүх улс орон элдэв янзын арга хэрэглээд, алдах нь алдаж, онох нь онодог. Ингэхдээ мөн л ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулна. Ер нь инфляци зах зээлийн зарчимд захирагдах бус, төрийн оновчтой бодлого, зохицуулалтын үр дүнд буурдаг нь тогтсон жишиг. Тэгвэл Монгол Улсад тэр нийтлэг жишиг огт үйлчлэхгүй бололтой. Төрөөс инфляцийг хязгаарлах ямар ч алхам хийгээгүй байхад өөрөө доош өнхрөөд байгаа нь үнэхээр хачирхалтай. Тэгэхдээ бүр хоёрхон сарын дотор бүхэл бүтэн 7-8 хувиар өм цөм буурсан байгаа юм. Ийм таатай мэдээ Монголбанкны албан ёсны цахим хуудаст байгаа учраас итгэмээр л байна. Гэвч ямар учраас ингэж буурсан нь тодорхойгүй. Мөн санхүүгийн бусад байгууллагуудын мэдээлэл эрс тэс ялгаатай байдаг. Жишээ нь, Дэлхийн банкнаас гаргадаг “Монгол Улсын эдийн засгийн улирлын тойм”-д Монголд инфляци буураагүй. Харин ч өсөх нөхцөл, шалтгаан хангалттай их байна гэдгийг сануулсан хэвээр. Мөн Олон улсын валютын сангийнхан “Инфляци чинь удахгүй 20 хувиас давна шүү” хэмээн байн байн айлгасаар байгаа. Эдгээр мэдээлэлд Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал “Олон улсын валютын сан шинжээч биш. Тэдний хэлсэн тоо зайлшгүй бодитой байх албагүй. Инфляци хэдэн хувьтай байх нь бидний яаж ажиллахаас л хамаарна” гэсэн тайлбар хийж байсан удаатай. Тэр үнэн. Монгол Улсын иргэдийн худалдан авах чадвар ямар түвшинд байх нь Монгол төрийн бодлогоос  хамаарах нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ төрийн нэг институци нь “Өргөн хэрэглээний үнэ тогтмол өсч байна” гэж мэдээллээд, нөгөө нь “Монголчуудын худалдан авах чавдар эрс сайжирч байна” гээд байхаар толгой эргэчих юм.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 20-ны байдлаар нийслэлийн хүнсний зах, дэлгүүрт худалдаалж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулж үзэхэд ердөө ганцхан хувиар буурчээ. Харин өмнөх долоо хоногийнхоос тав орчим хувиар өсчээ. Энэ бол Үндэсний статистикийн хорооноос гаргасан албан ёсны мэдээлэл. Төв банк ч статистикийн мэдээлэлд тулгуурлаж, инфляци хэдэн хувьтай байгааг илэрхийлдэг. Тэгвэл яагаад үнэ өсөхөд иргэдийн амьжиргаа дээшилдэг билээ. Саяхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 хувиар нэмсэн болохоор тэгж байгаа юм уу. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх нь орлогын өсөлтөд огт хамаарахгүй. Харин ч нэмэх тэмдэгтэй мэдээлэл учраас үнэ хөөрөгдөх эрсдэлийн нэг болдог. Сонин биш гэж үү. Өглөө харсан инфляцийн түвшин орой нь дахиад буурчихсан байх юм. Инфляци ямар сонгуулийн санал хураалтын дүн биш дээ. Валютын ханш ингэж хөдөлж байгаа бол өөр хэрэг. Ёстой гайхалтай. Ямар ч байсан иргэн бүр Тавантолгойгоос 536 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болсон гээд инфляци буураагүй л байлтай.  

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж