Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Шударга ёсыг хайгсад

Төрийн удирдлагуудад шаардлага хүргүүлнэ, Сүхбаатарын талбайд нэмж гэр барина гэсэн мэдээллүүд сүүлийн долоо хоногт хэвлэлийн хуудсыг дүүргэж Гал үндэстэн холбоо, нэргүй намын /МАХН/  сүржин мэдэгдэл тархаж байна. Гавьяат дуучин С.Жавхлангийн тэргүүлдэг Гал үндэстэн холбоо улсын нийслэлийн төв талбайд эсэргүүцлийн суулт зарлаад хэд хонож байтал Ард түмний их хуралдай “Улаанбаатар палас”-ын тайзнаас буйр сэлгэн талбайд буудаллаадахав. Монголжуу авир ханхлуулсан морьтнуудын суултаар эхэлсэн эсэргүүцлийн арга хэмжээний үйл явц Их хуралдайтай давхцаж, тэднээс гарах хурц шаардлагаар үргэлжилсэн нь тохиолдлынх гэхэд эргэлзээтэй. Хаяа дэрлэн өрнөж буй дээрх хоёр эсэргүүцлийн арга хэмжээний эцсийн зорилго нь одоогийн УИХ болон Засгийн газрыг тараах. Гэхдээ үйл явц хэтэрхий хурдан өрнөж буйтай зэрэгцэн хэлж ярьж байгааг нь сонсоход тэдний  ард улс төрийн ашиг сонирхол явж байна уу гэх хардлага төрөхөөр.

Их хуралдайг зохион байгуулагчид “Эх орон-тусгаар тогтнол-шударга ёс” гэх хөдөлгөөнд нэгджээ. Магнайд нь УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр яваа. Түүнийг өнөөгийн улс төрд хэн бэ гэдгийг олон хүн мэднэ. Сайнаар яривал нэрээ авч чадахгүй яваа намын “матрасов”, тааруухнаар бол камерийн дуранд өртдөггүй УИХ-ын “хэлд ороогүй” гишүүн. Түүнийг 2012 оны сонгуулиар улаан зураасны доогуур жагсах гишүүдийн нэг гэж тооцдог гэх. Тиймээс ч нэргүй намын тугийг барьж, цагтаа цалгиж явсан их удирдагч Н.Энхбаярын гар хөл болох нь улс төрд удаан наслах сиймхий эрснийх гэлцдэг юм билээ.

Н.Энхбаярын хормойгоос зуурагсад түүгээр дуусаагүй. Л.Цог, Н.Удвал, Г.Уянга гэх мэтээр хөвөрч өгнө. Бүгд л аль нэг сонгуулиас ялагдал хүлээсний дээр албан тушаалгүй хоцорч, намдаа гомдолтой үлдэгсэд. Тухайлбал, Л.Цог МАН-ын өмнөх үеийн идэвхтэй гишүүдийн нэг гэдгийг сонингийн шар хуудас гэрчилнэ. Түүний улс төр дэх карьер богинохон. 1980 онд тухайн үеийн МАХН-д элсэж байсан бол 1996 онд Ардчилсан намд орж, удалгүй албан тушаалын эрхээр намаасаа гарч байжээ. Хэсэг хугацаанд Хууль зүйн сайд байж албан тушаалын амтыг мэдэрсэн тэр нам хэссэн, албан тушаал горилсон нэгэн гэж яригддаг. Тиймдээ ч өдгөө улс төрд байр суурь олохоор яваа улстөрч болгоныг даган гарч ирэх болжээ.

Сонгуулийн дараа албан тушаалгүй хоцорсондоо гомдлоо тайлж буй хүмүүсийн нэг бол Н.Удвал. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргад санаархаад бараагүйг намын нөхөд нь ярьдаг. Тэрбээр Их хуралдай дээр "Сүүлийн 20 жилд Монголд эх орноо гэсэн сэтгэлтэй нэг ч Засгийн газар, Ерөнхий сайд байгаагүй" гэж дүгнэж байх мөчид дээрх хугацаанд Ерөнхий сайдын сэнтийд заларч суусан Н.Энхбаяр, М.Энхсайхан нар шилэн хүзүүнээс нь хараад зогсч байсан. Юу ярих гээд юу яриад байгаа нь тодорхойгүй түүний энэ үг эзнээ албан тушаал горилогч гэдгийг бэлхнээ хэлээд өгч байна бус уу.

Г.Уянга болон Н.Энхбаяр түүний үй зайгүй найз М.Энхсайханы тухай цухас дурдах хэрэгтэй болов уу. Нэгэн үе авлигачдыг нэр зааж, иргэний хөдөлгөөний дунд нэгдэж явсан сэтгүүлч эмэгтэй аанай л дээрх хоёр эрхмийн байгуулсан намтай нөхөрлөх болсон. Тэрбээр ҮШН-ний хариуцлагатай нарийн бичгийн даргын албыг хашдаг. Авлигын загалмайлсан эцэг хэмээн цоллож байсан Н.Энхбаярыгаа тэр өдгөө өөрөө дагах болжээ. Одоо Их хуралдайг зарлан хуралдуулж, ядарсан бухимдсан иргэдээр бамбай хийж  улс төрийн карьерээ хөөцөлдөж байна. Сонгуулийг угтсан сурталчилгааг зарим хүн ийнхүү жагсаал цуглаанаар хийж байгаа бол албан тушаал хайсан хүмүүс хэн нэгний ивээл хайж мөн л дээрх аргад нэгджээ.

Нэг иймэрхүү л хүмүүсийн цуглараан нийслэлийн маань төв талбайд тухлаад хэд өнжиж байна. Хавар бүр л “огцор, тар” гээд суучихдаг, эсвэл “өлсөөд” эхэлдэг дүр зураг энэ удаад ч давтагдах нь. Эх орон, ард түмэн гээд урдаа барьдаг уриа лоозон нь ч хэвээр. Харамсалтай нь гардаг үр дүн гэвэл амьдрал тааруу, тэтгэмж тэтгэврийн голдуу хүмүүсийг хөлдөө чирч, хөлдүү цементэн дээр хэд хонуулаад л тардаг болж.

Эцэст нь хэлэхэд эрх баригчид ч бас бодолцож үзэхэд гэмгүй хэд хэдэн асуудал байна. Ажилтай, амьдралтай, бүх зүйл болж бүтээд байдагсан бол хэн тэднийг дагаж “хээрээр” гэр хийж, хэлтэй амтайчуудад “хэнхэг, галзуугаа” дуудуулах билээ. Асуудал байгаа учир л аргаа барахдаа тэднийг бараадсан хэрэг. Тэхээр “арчаагүй тэнэг” гэхээсээ өмнө “ард түмний минь нэг хэсэг” гэж  уулзаад, учир явдлыг нь сонсоод, ухуулж ойлгуулаад тараачихвал дээр байхаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж