“МанЮ” финалд шалгарах эхний даваагаа давлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

“МанЮ” финалд шалгарах эхний даваагаа давлаа

Европын хөлбөмбөгийн топ төвшний өрсөлдөөн Аваргуудын лигийн хагас шигшээд учраа таарсан Английн “Манчестер Юнайтед” болон Германы “Шальке 04” багийн эхний тоглолт өнгөрсөн шөнө Гельзенкирхен хотын “Фельтинс Арена”-д боллоо. Энэ улиралд талбайдаа ганц ч ялагдал хүлээгээгүй, 100 хувийн амжилттай тоглож буй “Шальке 04”-ийн төгс амжилтын буухиаг зогсоож, “Улаан чөтгөрүүд” 2:0 харьцаатай талбайд нь буулган авснаар сүүлийн дөрвөн жилд гурав дахь удаагаа финалд шалгарах замаа заслаа. Тоглолтын хоёрдугаар хагаст Рьян Гиггс, Уейн Рүүни нар гоолдсоноор багтаа ялалт авчирсан. Айлын талбайд хоёр ч гоол оруулж дөнгөсөн тэд ирэх лхагва гаригт “Олд Траффорд” цэнгэлдэхдээ хийх хариу тоглолтын өмнө давуу байдлыг бий болгож чадлаа.

Английн шигшээ багийн довтлогч Рүүни цагийг нь олж, Гиггст ухаалаг дамжуулалт өгснөөр тоглолтын 67 дахь минутад Гиггсийн солгой хөлөөрөө цохисон бөмбөг Мануэль Нойерийн хаалгыг мялаажээ. Ийнхүү Гиггс, Хавьер Занеттигийн амжилтыг эвдэж, Аваргуудын лигт гоолдсон хамгийн ахмад тоглогч болсон юм. Багтаа тэргүүлэл авчирсан эхний гоолыг бэлтгэж өгсөн Рүүни өөрөө гуравхан минутын дараа гоолдож, тооны харьцааг 2:0 болгожээ.

Нэгэнт тоглолтын хувь заяа “Улаан чөтгөрүүд”-ийн талд эргэсэн учир дасгалжуулагч Сэр Алекс Фергусон гол довтлогчид болох Хавьер Эрнандез, Уейн Рүүни, Пак Чи-Сон нарыг сэлгээнд суулгаж, ням гаригт “Арсенал”-ын талбайд хийх тулааны өмнө шилдэг довтлогчдодоо бага ч болов амрах боломж өгсөн. Өнгөрсөн шөнийн тоглолт Шотланд мэргэжилтний хувьд Европын тавцанд дасгалжуулагчийн хувиар хийсэн 100 дахь зочлон тоглолт байлаа. Одоо тэднийг ирэх долоо хоногт “Мөрөөдлийн театр”-таа хийх хариу тоглолт хүлээж байна. Энэ давааг амжилттай давбал Аваргуудын лигийн цомын төлөө Испанийн “Реал Мадрид”, “Барса” нарын ялагчтай “учирна”.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж