Л.Гүндалай гишүүний жуулчны баазыг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай гишүүний жуулчны баазыг илрүүлэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Харин энэхүү тогтоолын төсөлтэй хамтатган УИХ-ын нэр бүхий гишүүдийн мэдүүлсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ болон Ханх сумын зарим эдэлбэр газрыг байгалийн цогцолборт газрын хилийн заагаас чөлөөлүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэх шатанд томоохон маргаан дэгдсэн юм. УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хувьд дээрх газрыг байгалийн цогцолборт газрын хилийн заагаас чөлөөлүүлэхээр зүтгэсэн нь, Ханх суманд жуулчных нь бааз байрладагтай холбоотой байлаа. Эрхэм гишүүн жуулчны баазаа 1996 онд өмч хувьчлалаар өөрийн болгож авч байжээ. Жуулчны бааз байрлах газар нутгийг байгалийн цогцолборт газрын хилийн заагаас чөлөөлүүлэх гэж зүтгэсэн гишүүнийг ангийнхан нь зэмлэж, хатуухан үг ч хэлээд авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хэнтийн аймгийн Дадал сумын зарим газар нутгийг байгалийн цогцолборт газрын хилийн заагаас чөлөөлүүлэхээр болж, санал гаргатал элдвээрээ хэлүүлж байна, би. Тэнд надад жуулчны бааз байтугай амбаар ч байхгүй. Гол нь тус суманд амьдардаг иргэд олон жил амьдарсан газраа хувьчилж авч чадахгүй байсан учраас ийм санал гаргасан. Тэгэхээр Л.Гүндалай гишүүн ээ, таны жуулчны бааз Ханх суманд байдаг нь нэгэнтээ батлагдсан тул, энэ хуулийн төслийг хэлэлцэхэд оролцох шаардлаггүй, ашиг сонирхлын зөрчилтэй байна” гэв.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ч, Б.Бат-Эрдэнэ гишүүний саналыг дэмжиж байгаагаа хэлж, ухамсраараа энэхүү хуулийн төслийг хэлэлцэх шатанд оролцохгүй байх хэрэгтэй гэв. Харин Л.Гүндалай гишүүн дуугүй байсангүй  “Сүртэй ш дээ” гэсэн хариу барьснаар энэ удаагийн хуралдааныг дуусгасан юм.  
Дашрамд сануулахад, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөлд зааснаар  Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Баянзүрх сумдын нутагт орших Улаан тайгын байгалийн цогцолборт газрын талбайн хэмжээг дээрх сумдын зарим газар нутгаар өргөтгөж, ангилан дээшлүүлэн Улаан тайгын дархан цаазат газрын ангилалд оруулах. Ховд аймгийн Булган сумын нутагт орших Булган голын байгалийн нөөц газрыг Их, Бага онгог орчмын газар нутгаар өргөтгөж, ангилал дээшлүүлэн, Их бага, Онгог-Булган голын байгалийн цогцолборт газрын ангилалд хамруулахаар тусгасан байна. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ, Улаан-Уул сумдын нутаг дэвсгэрт орших Тэнгис-Шишгэдийн ай савыг байгалийн цогцолборт газрын, Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутагт орших Хантай, Зэд, Бүтээлийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын, Дорнод, Сүхбаатар аймгуудын Хөлөнбуйр, Булган, Мөнххөөн, Сүхбаатар сумдын нутагт орших Жаран Тогоон тал, түүний орчмын зарим газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд шинээр хамруулахаар тусгаад байна. Эдгээр газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд шинээр хамруулснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 25.6 сая га-д хүрч, нийт нутгийн 16.4 хувийг  эзлэх ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж