Африкт монгол оюутан амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Африкт монгол оюутан амь үрэгджээ

Африкийн нэгэн улсад мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хэсэг залуус монгол оюутны  аминд хүрсэн тухай эх сурвалж мэдээлэв.

Бидэнд олдсон эхний мэдээллээр Монгол Улсын харьяат, 19 настай Э гэгч оюутан эмэгтэй Африкийн Марокко улсын Марракеши хотод Лалын шашны сургуульд нэг  дэх жилдээ суралцаж байжээ. Хэрэг гарах өдөр буюу өнгөрөгч  гуравдугаар сарын 17-ны өдөр Э оршин суудаг дотуур байрнаасаа  номын санд суухаар гарч яваад  24 цагийн турш сураггүй алга болсон байна. Түүнийг алга болсныг мэдсэн дотуур байранд  хамт амьдарч байсан монгол оюутнууд тус хотын хууль сахиулах албанынханд мэдэгдсэнээр талийгаачийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Ингээд тус улсын  цагдаагийн албан хаагчид  бүтэн  өдрийн турш эрж хайсны эцэст оюутан эмэгтэйн цогцсыг Марракеши хотын захын дүүргээс  олсон байна. Талийгаач дотуур байрнаасаа гарах үедээ хэн нэгэнтэй маргалдсан зүйлгүй гэнэ. Харин өөр нэг эх сурвалж талийгаач Э-г өнгөрөгч гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнийн 04.00 цагийн орчим /орон нутгийн цагаар/ автомашины осолд өртөж, амь насаа алдсан гэх мэдээлэл өгч байна. Талийгаачийн аминд хүрсэн автомашины жолоочийг цагдаагийн ажилтнууд аль эрт баривчилж, одоогоор хэргийг нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй гэсэн мэдээллийг дээрх эх сурвалж хэлж байгаа.

Уг хоёр эх сурвалжийн мэдээллийг үнэн эсэхийг тодруулахаар өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягт  хандсан боловч “Марокко улсад монгол оюутан нас бараагүй” гэсэн тайлбарыг бидэнд өгсөн юм. Ингээд бид мэдээллийг дахин тодруулахаар  тус яамд хандан бичгээр  хүсэлт гаргасны дүнд өчигдөр дараахи мэдээллийг өглөө.

Үүнд, “Африкийн Марокко Улсад Монгол Улсын иргэн 19 настай оюутан автомашины осолд өртөн  нас барсан гэсэн мэдээлэл манай Гадаад харилцааны яамны Консулын газарт   Маракко улсаас Кувайтад суух Элчин сайдын яамаар дамжин албан ёсоор ирсэн” гэж бичсэн байв. Ямар ч байсан тэр "Худлаа мэдээлэл байна" гэж хэлснийхээ хэд хоногийн дараа бидний асуултад үнэнийг хэлсэн нь энэ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягтийн ярьснаар монгол  оюутан охиныг амь үрэгдсэний дараахан мэдээлэл нь ирсэн бөгөөд тус яамнынхан тэр даруйд нь ар гэрийнхэнтэй нь холбогдсон байна. Улмаар  талийгаачийн ар гэрийнхнийг Маракко улс руу Кувайтэд  суугаа Элчин сайдын яамаар дамжуулан явуулсан аж. Ар гэрийнхэн нь талийгаачийн цогцсыг чандарлан, Монголд авчирсан гэх мэдээллийг ч мөн ГХЯ-наас өгч байна. 

Мөн түүнээс монгол оюутны амь насанд халдсан гэмт хэрэгтнүүдийг олсон эсэхийг тодруулахад “Тус улсын Цагдаагийн байгууллагынхан эл хэргийг хэрхэн шалгаж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй. Ямар ч байсан бид цогцсыг Монголд авчирсан” гэлээ.

Харин  мансууруулах бодис хэрэглэсэн хэсэг бүлэг залуус монгол оюутны аминд хүрсэн нь үнэн эсэхийг өөр эх сурвалж няцааж байгаа бөгөөд Марокко улсын хууль сахиулах албанынхан  авто осол үйлдсэн этгээдэд шинжилгээ хийхэд эрүүл гарсан гэх мэдээлэл өгч байна. Мөн талийгаач охины цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүнгээр Э ямар  нэг төрлийн согтууруулах болон мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй нь тогтоогдсон гэнэ.

Гэхдээ энэ хэргийн талаар, охины амь үрэгдсэн шалтгааны талаар албаны зарим эх сурвалжууд албан ёсны мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна. Бидний тодруулснаар бол Мараккод улсад Монголын 17 оюутан Лалын шашны сургуульд суралцдаг, тэдний ихэнх нь Баян-Өлгий аймгийн харьяат иргэд байдаг гэхээс өөр тодорхой мэдээлэл манайд алга.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж