Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайг УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон ч ногоон гэрлээр энэ суудалд томилогдоход нь олон нийт ам сайтай байгаагүй. “Зам тээврийн салбар биш, техникч, тээврийн инженерээр яах билээ” гэсэн хүн цөөнгүй байсан. Үнэхээр түүний улс төрийн карьер ч гэх үү, албан тушаал дагасан зам дэндүү дардан. Ёстой л “нэг хүнд хэтэрсэн аз биш үү” гэдэг шиг диспетчерээс баазын орлогч, тэгээд л дандаа дарга, бас дахин дарга. Улмаар группийн дэд ерөнхийлөгч, Улаанбаатар хотын ерөнхий менежер, тэгснээ гэнэт УИХ-ын гишүүн, дахин өрсөлдөөд ялагдсан ч Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд. Ховор тохиол шүү. Анзаарсан бол сүүлийн хоёр том суудлыг эс тооцвол дандаа хоёрдугаар хүн болсон байгаа юм.
Улстөрчийн хувьд МАХН доторх хотын фракцийнх, М.Энхболдын хүн гэсэн хаягтай. Гэхдээ хэн ч биш нэгэн гэж болохгүй. Хорчдын томоохон төлөөлөл гэдэг нь хэнд ч тодорхой байв. Хожим нь хоёрдогч овгоо сольж, Н.Энхбаярын хүн болсон. Архангайнхан гэж нутгархдаг байж болох ч чамгүй хэдэн лан ембүү хадагтай барьж, нөмөр нөөлөгт нь орсон байх гэж дотны хүмүүс нь ярьдаг юм билээ. Тухайн үед МАХН-ын хэдэн улстөрч “Хадгаламж” банкны 14.3 тэрбум төгрөгөөр казино тоглосон нь баригдахад Т.Бадамжунайгийн нэр дунд нь цохиж явсан. Тавь гарсан залуу улстөрч ч гэж юу байхав, татаас сайтай тулдаа л мултарсан байх. Харин одоо С.Батболдын хүн болж чадсан эсэхийг бүү мэд. Ер нь салхи эргэвэл хамгийн түрүүнд хийсч мэдэхээр байдалд байгаа гэхэд хилсдэхгүй. Эдүгээ тэр яамандаа бол ¹1 хүн яах аргагүй мөн. Гэхдээ багаа бүрдүүлсэн байдлаас нь харвал базаалтай биш санагдаад байгаа юм. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн хөрөнгийг баруун солгойгүй цацаж, баяжиж хөлжсөн олигархуудын нэг Ч.Пэрэнлэйг зөвлөхөөрөө авсан нь цаанаа учиртай. Ч.Пэрэнлэй сайддаа юу зөвлөдөг нь ч ойлгомжтой. Хэрэв тэдний “зөвлөгөөн” дандаа салбарын сайн сайхны төлөө байдагсан бол өдийд тариаланчид мөнгөө нэхэж, бослого гаргах шахаж баймааргүй.
Мөн тус яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга нь “МАХН-ын Онц их хурлын төлөө хөдөлгөөн” гэгчийг зохион байгуулж, улстөрчдийн гар хурууны үзүүрт гүйсээр энэ суудалд ирсэн түүхтэй. Одоо түүний тендер будилаантуулдаг сезон нь хөдөлчихөөд тун завгүй яваа.
Нийт дөрвөн тэрбум 260 сая төгрөгийн төсөвт багтаан 29 комбайн нийлүүлэх энэ тендер томоохонд тооцогдоно. Тендерт арваад компани оролцож, ОХУ-ын “Енисей”, Белоруссийн “Палесья” зэрэг дэлхийд танигдсан комбайнуудаа санал болгосон ч “тэнцсэнгүй”. Тэр тусмаа 80 жилийн түүхтэй, жилд 5000 комбайн үйлдвэрлэдэг, дэлхийд комбайны хэрэгцээний 16 хувийг бүрдүүлдэг “Ростсельмаш” компани олон жилийн түншлэлээ бодоод “зад хямдруулж”, 29 комбайн авах төсвөөр нь 32 –ыг нийлүүлэхийг санал болгосон байлаа.
Тэдний санал болгосон “Вектор-410” комбайн л гэхэд дэлхийд хэдийнэ брэнд болсон, ОХУ-д нэг бүр нь гурван сая рублийн үнэтэй, манайхаар бол 100 мянган ам.долларын үнэтэй байдаг аж. Гэтэл хямдруулаад нэг бүрийг 133 сая төгрөгөөр бодож 32-ыг нийлүүлье гэсэн байхад, чанарын үзүүлэлтээр түүнээс доогуур комбайныг нэг бүрийг нь 149 саяар, 29 ширхэгийг авах гэж зүтгэх нь ямар учиртай юм бол.
Үүнийг гайхаж лавласан тендерт оролцогчдод “Танай комбайн зарим талаар хэтэрхий сайн үзүүлэлттэй байна. Гэхдээ бид заавал “Жон Дийр” компанийн нийлүүлснийг авах сонирхолтой байна. Энэ бол бодлогын чанартай шийдвэр” гэсэн хариу өгчээ. Тэгвэл яах гэж тендер зарласан хэрэг вэ. Тендерийн шалгаруулалтын гол үзүүлэлт нь хамгийн хямд үнэ, чанартай бүтээгдэхүүн биш гэж үү хэмээн гайхширч байна.
Энд яамны ямар нэг бодлого гэхээсээ илүү хувийн ашиг сонирхол байгаа нь ойлгомжтой. Тендерт ялсан мэдэгдлээ гардан аваад байгаа “Жон Дийр” компанийн комбайныг Харбин дахь салбараас оруулж ирдэг бөгөөд зарим эд ангийг нь БНХАУ-д угсарч үйлдвэрлэдэг байна. Монголд оруулж ирж, тендерт саадгүй ялдаг тэр адтай бизнесмэн нь Т.Гантулгын дунд сургуулийн найз, “Гацуурт” компанийн захирал Б.Чинбат юм. Өмнөх жилүүдэд БНХАУ-аас нийлүүлсэн комбайнууд ид ажлын үеэр ачааллаа даагаагүйгээс Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, хуучнаар “Найрамдал” сангийн аж ахуйн тариалангийн талбайд гал гарч байжээ. Энэ мэдээллийг газар авахаас урьтаж тэр даруй БНХАУ-аас гал унтраах машин хүртэл авчирсан байгаа юм. Тендерт муу комбайн шалгаруулж авчихаад, гал гарахаар машинаар унтраачихаад ажилладаг ийм арга барил, төрийн бодлого гэж байх уу.
Т.Бадамжунай сайдын багийнхан нэг иймэрхүү л байдлаар төрийн хэргийг залгуулж байна. Засгийн газраас “Атрын IV аян” гээд сүр дуулиантайгаар ажлаа эхэлнэ. Ачаалал даахгүй комбайн авахаар болсон ч зорьсондоо хүрсэн тус яамны төрийн нарийн бичгийн дарга сайдаа, сайд нь Ерөнхий сайдаа, Ерөнхий сайд нь ард түмнээ “Бүх ажил сайн” гэсэн мэдээллээр хуурах нь тодорхой.
Төрийн албыг шударга хашиж чадахгүй, яамны төдийгүй улс орныхоо нэр хүндийг унагаж яваа авлигачдаас салаач ээ, Ерөнхий сайд аа!
У.Оргилмаа /Улс төрийн тойм сонин/.