МАХН-ынхан цагдаа нарыг манав

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

МАХН-ынхан цагдаа нарыг манав

Ард  түмний их хуралдайн төлөөлөгчид  уржигдар орой Сүхбаатарын талбайд 20 гэр нэмж барихаар  ачиж яваад  цагдаа нарын эсэргүүцэлтэй тулгарсан. Харин  өчигдөр МАХН-ын түр штабын гадаа арав гаруй цагдаа буу зэвсэгтэй  ирж хүрээлжээ. Тэд УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг “Эмх замбараагүй байдал үүсвэл хариуцлагыг хүлээнэ” гэх бичигт гарын үсэг зуруулахаар шаарджээ. Харин УИХ-ын гишүүн Н.Шинэбаяр болон Их хуралдайн төлөөлөгчид болсон явдлын талаар протокол үйлдэж, түүндээ мөн л цагдаагийнхнаар өөрсдөөр нь гарын үсэг зуруулахаар хариу “шантааж” хийсэн байна. Үүнээс болж цагдаагийнхан ч МАХН-ын штабыг орхиж чадалгүй, Ц.Шинэбаяр гишүүн ч намаа дээд шүүхэд бүртгүүлэхээр Улсын дээд шүүх рүү явалгүй, бүтэн нэг өдрийг бие биеэ манаж өнгөрөөв. Болсон явдлын талаар УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяраас тодрууллаа.

-Таныг цагдаагийнхан гарын үсэг зуруулахыг шаардсан гэсэн. Тухайн үед та хаана байсан, юу болсон талаар тодруулаач?

-Цагдаа нар ирэх үед  шөнийн 00.00 цаг болж байсан. Би намынхаа түр штаб дээр байсан юм. Дөрвөн цагдаа орж ирээд албан ёсоор асуудлаа тавиагүй. Намайг дуудаж гаргасан. Цагдаа нар шууд бичлэг хийж, “Их хуралдайн төлөөлөгчид  эмх замбараагүй байдал үүсгэвэл хариуцлага хүлээнэ” гэх бичигт  гарын үсэг зур гэсэн. Тэд асуудлаа албан ёсоор тавиагүй учраас би гарын үсэг зураагүй. Дараа нь шөнийн 03.30-04.00 цагийн үед Нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэй гэрүүдийг битүүм­жилнэ гээд цагдаа нар дахиад ирсэн. Харин манай хүмүүс гэрүүдээ битүүмжлүүлээгүй байна лээ.

-Гэр барихыг завдсан нь  хууль зөрчсөн үйлдэл юм биш үү?

-Бид ямар ч хууль зөр­чөөгүй. СБД-ийн засаг дарга Г.Баярмагнай­гаас энэ сарын 22-нд Сүхбаатарын талбайд гэр барих зөвшөөрөл авсан шүү дээ. Би гэрүүдээ 25, 26, 27 гээд гурван өдөр барих  зөвшөөрөлтэй. ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Т.Сайнжаргал биднийг гэрүүдээ Богд ууланд барь гэсэн. Дархан цаазтай ууланд гэр барих нь хууль бус шүү дээ. Гэхдээ одоо цагдаагийн хурандаа хүн бидэнд гэр барих газар зааж өгч байгаа бол тэнд нь барьсан ч яахав. Гол нь хууль зөрчсөн үйлдлийн хариуцлагыг Т.Сайнжаргал хурандаа  хүлээх үү. Энэ асуудлаар ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ч.Сандаг-Очиртой уулзана гэж бодож байгаа.

-УИХ-ын гишүүн хүн хууль зөрчөөд, шөнө гэр барих гээд явж болох уу?

-Манай намын нөхөд тэнд байхад би явахгүй яах юм. Би хууль зөрчөөгүй. Өөрийнхөө юмыг хамгаалах гэж явсан. Бүх зүйлийг анхнаасаа хуулийн дагуу хийгээд байхад олигархууд садаа хийж байна. Тэднийг ийм заваан юм хийдгийг мэднэ. Харин орон нутгаас ирсэн олон зуун төлөөлөгчид  энэ хууль бус үйлдэлтэй эвлэрч чадахгүй байна.
 
-Өнөөдөр /өчигдөр/ зэвсэг­лэсэн цагдаа нар штабыг бүсэлсэн тухай Их хуралдайнхнаас мэдээл­сэн. Ямар зориулалттай буу байсан юм бэ?  

-Бид түр штаб дээрээ өглөө шуурхай зөвлөгөөнөө хийж байтал машинтай цагдаа нар бууж, тэднийг н.Алтансүх гэгч дарга нь жагсааж зогсоосон. Тэднийг хаанаас, ямар зорилгоор явж байгаа,  хэн болохыг нь  асуухад өөрсдийгөө танилцуулаагүй.  Өөрий­гөө дэд хурандаа н.Алтансүх гэж танилцуулсан хүн сумгүй хийн буу гэж тайлбарласан. Тухайн үед шалгуулахад цагдаа нарт хийн буу, макаров маркийн галт сумтай байлдааны буу  байсан. Нэг цагдаагийн бууны магазимыг шалгахад зургаан ширхэг галт сум гарч ирсэн. Хамгийн гол нь ямар ч эмх замбараагүй байдал үүсгээгүй, цагдаа дуудаагүй байхад өөрсдөө ирчихээд биеийн байцаалтаа ч үзүүлэхгүй байгааг юу гэж ойлгох вэ. Бид тэднийг хэн болохыг  шалгаж өгөхийг ЦЕГ, ТЕГ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газраас хүссэн боловч ямар ч хариу алга. Манай хүмүүс болсон процессыг баталгаажуулсан болохоор протоколд цагдаагийн талаас гарын үсэг зуруулахыг хүсч  байгаа юм. Одоо болтол /2011.04.26 18.30 цаг/ хэн гарын үсэг зурах нь тодорхойгүй байна.

-Та чинь Улсын дээд шүүхэд хандана гэсэн. Чухам ямар асуудлаар хандах гэж байгаа юм  бэ? 

-Ард түмний их хуралдайгаас гарсан гуравдугаар тогтоолд МАХН-ын нэрийг  өгүүлэх тухай орсон. Энэхүү тогтоол ганц минийх биш, 1000 гаруй хүний гаргасан шийдвэр. Энэ шийдвэрийг  Улсын дээд шүүх  хурдан биелүүлэхийг  шаардаж, тогтоолоо өгөх болно. Уг нь  өнөөдөр/өчигдөр/ өгөх байсан ч цагдаа нартай холбоотой асуудал их байснаас амжсангүй. Шаардлага агуулгаараа бол Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд элдэв шахалт үзүүлэхээ зогсоогооч  гэж байгаа юм. Хууль дүрмийн  дагуу явахаар бүтэхгүй байна. Одоо бид хуралдайгаас гаргасан тогтоолын дагуу л явахаас өөр аргагүй.

-Их хуралдайн төлөөлөгчид цаашид яах вэ. Гэрээ барьж чадахгүй бол асуудал хүндрэх байх?

-Одоогоор МАХН, Их хуралдайн хоёр түр штаб, талбай дээрх найман гэртээ байрлаж байна. Тогтоолын хариуг өгөхгүй удвал байдал хүндрэх нь тодорхой. Асуудал хүндрэх эсэх нь биднээс биш, эрх баригчдаас л шалтгаална.

ШААРДЛАГЫН ХАРИУГ ХЭН, ХЭЗЭЭ ӨГӨХ ВЭ?
МАХН,
“Эх орон, шу­дар­га ёс” хөдөлгөөнөөс хотын төв талбайд зохион байгуулж
байгаа бүх ард түмний “Их хуралдай” хэмээх эсэргүүцлийн хөдөлгөөн гурав
дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр Сүхбаатарын талбайд цугласан
хөдөлгөөнийхөн тө­рийн ордныг тойрон гороолж, УИХ, Засгийн газрыг
огцруу­лахаар шаардсан билээ. Хө­дөл­гөөний зүгээс УИХ, Зас­гийн газарт
хүргүүлсэн шаардлагад нь УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулахаас
эхлээд Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах, Тавантолгойн
ордыг 100 хувь төрийн мэдэлд авах, шинээр байгуулагдсан МАХН-ыг улс
төрийн элдэв дарамт шахалтгүйгээр Улсын дээд шүүхэд бүртгэж авах зэрэг
шаардлагууд багтсан бай­гаа. Хугацаагүй тавьсан энэ шаардлагынхаа хариуг
аль болох богино хугацаанд авахыг хүсч байгаагаа тус хөдөлгөөний
зохицуулагчдын нэг Д.Батцогт өчигдөр мэдэгдсэн.

Тиймээс бид УИХ-ын төвшинд дээрх шаардлагад хэзээ хариу өгөхөөр бэлтгэж байгаа талаар холбогдох зарим хүмүүсээс тодрууллаа.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: ӨМНӨХ АЖЛАА ХҮЧРЭХГҮЙ БАЙНА

-“Эх
орон, шудар­га ёс” шудар­га ёс хөдөлгөөнөөс бүх ард түмний “Их
хуралдай” гэг­­­чийг зохион бай­гуулж, УИХ-д тодор­хой шаардлага
хүр­­­гүүлсэн. Ямар ч байсан Мон­го­лын иргэдийн нэг хэсгийн шаардлага
гэж үзээд хариуг нь УИХ-аас өгөх ёстой байх. Шаардлагын хариуг хэзээ
өгөх вэ, ямар процедураар өгөх ёстой юм?

-Шаардлагын хариу
бодох сөхөө бидэнд алга, өмнөх аж­лаа хүчрэхгүй байна. Бид чинь дээрээ
удирдлагатай улс. УИХ-ын дарга лав энэ асуудлаар ямар нэг асуудал оруулж
ирээгүй, манай намын бүлэг дээр ч яригдаагүй.

-Даргын зөвлөл хурал­даагүй юу?

-Хэрэв
тэр шаардлагыг нь хүлээж авсан хүн байгаа бол УИХ-ын Тамгын газраар
дамжаад УИХ-ын даргад очих ёстой. Магадгүй УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл
хуралдаж, шийдвэр гаргах байх. Одоогоор хурал зарлаагүй байна.

Ц.ШАРАВДОРЖ: УИХ-ЫН УДИРДЛАГАД УЛАМЖИЛСАН

-УИХ-д тавьсан шаардлагыг УИХ-ын дарга хүлээж ав­­сан болов уу, шаардлагын хариуг хэзээ, ямар хэлбэрээр өгөх вэ?

-Бид
шаардлагыг хүлээж аваад УИХ-ын удирдлагад улам­жилсан. Хэзээ, ямар
байдлаар хариу өгөх талаар мэдэхгүй байна. Тамгын газар лав үүнд хариу
өгөх боломжгүй.

-УИХ-ын даргын зөвлөл хэзээ хуралдах вэ?

-Мэдэхгүй.

Л.ГАНТӨМӨР: АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ХУРАЛДААГҮЙ

-Шаардлагыг
да­ваа гари­гийн үдээс хойш УИХ-д хүргүүлсэн гэж би ойлгосон. Үүнээс
хойш Ардчилсан на­­мын бүлэг хурал­даа­гүй, бүл­гийн байр суурийг хэлэх
бо­ломж­­гүй байна. Би ч бас тавьсан шаард­лагын талаар боди­той,
тодорхой мэдээлэл аваагүй байна. УИХ дээр энэ асуудал орж ирээгүй.

Б.ГАЛ, С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж