Одоо чанартай замтай л болъё

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Одоо чанартай замтай л болъё

Энэ жил улсын төсөв нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 73 км авто зам шинээр барих болон засвар шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Одоогоор зам засвар, шинэчлэлийн 10 ажил эхэлсэн бөгөөд цаашид шат дараатайгаар бусад замын ажлыг эхлүүлэх юм байна. Өнөөдрийн байдлаар 22-ын товчооны 10.6 км, Дарь эхээс Шадивлан хүртлэх 12.7 км,  Цайз захаас шар хадны эцэс хүртлэх 3.7 км, X хорооллын замаас Саппорогийн аюулгүйн тойрог хүртлэх 1.2 км, Бага тойруугийн 2.6 км замын ажил эхэлсэн. Мөн Сансарын ШТС-аас Дамба хүртлэх 6.7 км, Дамбын замаас Сэлбийн зүүн эргээр Шадивлан хүртлэх зургаан км, Чингисийн өргөн чөлөөг нарны замтай холбох 1.6 км, ТЭЦ-4-ийн 6.4 км замын ажил тус тус эхэлсэн байна. 

Түүнчлэн 22-ын товчоо чиглэлийн 10,6 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил энэ сарын 18-нд эхэлсэн. Өмнө нь долоон метрийн өргөнтэй  байсан энэ замыг 21-27 метр өргөн болгох юм. Ингэснээр хоёр урсгал, зургаан эгнээтэй болж байгаа аж. “Замын траст орсон 36 аж ахуй нэгж зам чөлөөлөх ажил 80 хувьтай байна. Өргөтгөл хийх хуучин хөрсийг хуулж шороо асгаж, газрыг индүүдэх, тэгшлэх ажил хийж байна” гэж нийслэлийн Авто замын хяналтын инженер Т.Оюунбилэг ярилаа. Энэ замын ажлыг “Чи Чи Ха Ар хот төлөвлөлт инженеринг” ХХК гүйцэтгэж байгаа. Замын хажуугийн хөрсийг хуулж, зориулалтын гэх чулуу буулгаж тэгшилж байлаа. Зам ирэх аравдугаар сард ашиглалтанд орно гэж хариуцсан мэргэжилтэн хэлэв. Одоогоор замын шинэчлэлд орсон аж ахуй нэгжийн үйл ажиллааг зогсоож, газар чөлөөлөх, замын өргөтгөлийг хийж байна. Сайны хажуугаар саар гэгчээр замтай ойрхон обьекттой зарим аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж, газраа чөлөөлж өгөөгүйгээс зогсонги байдалд оржээ. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл төлөвлөсөн хугацаандаа ашиглалтанд орох нь байтугай жил дамнаж мэдэх нь.

Тэгвэл нэг замыг хийхэд дунджаар хэдэн төгрөг зарцуулах талаар хамтдаа сонирхоё. Дамбадаржаагийн замаас сэлбэ голын зүүн эргээр Шадивлан зуслан хүртлэх зургаан км шинэ замд нийт зургаан тэрбум төгрөг төсөвлөгджээ. Энэ замын өргөн нь 14 метр, машин зорчих хэсэг нь есөн метрийн өргөнтэй. Хоёр талдаа явган хүний замтай агаад өргөн нь 1.5 метр. Мөн 54.8 метрийн урт гүүрийг дайрах учраас шинэчлэх ажил хийх юм. Харин асфалтьбетон хучилтын зузаан нь долоохон сантиметр, явган хүний хучилтын зузаан нь 3 сантиметр гэж байгаа. Гадаргын доор хийх чулуун суурийн зузаан 15, хөлдөлтөөс хамгаалах үеийн зузаан нь гурван метр гээд бодохоор 21 сантиметрийн зураантай зам барина гэсэн  үг.

Тэгвэл 22-ын товчоо чиглэлийн замыг хамгийн их ачаалалтай гэдэг. Хөдөөгөөс хотыг зоригсод, хөдөө явагсад бүгд л энэ замаар явдаг учраас өдөрт хэдэн зуу, бүр мянга мянгаараа машин цувна. Тиймээс ч энэ мэт замыг хааж засах нь иргэдийн бухимдлыг бишгүй төрүүлнэ. Гэхдээ хэсэг хугацаанд хаахыг мэдээж тэсээд гарна. Харин дараа жил нь зассан замаа дахиад засах вий гэдэг л санаа зовоосон асуудал. Засвар хийж буй замын ойролцоох  айлууд энэ үеэр шороонд булуулж, түгжрэлд дарагддаг. Харин энэ жил ийм явдал болохгүй гэж хотын дарга амлаж байсан. “Энэ жилийн замын ажлыг хийхдээ иргэдэд хүндрэл учруулахгүй, бухимдуулахгүй ажлыг хийж гүйцэтгэхийг холбогдох хүмүүст нь үүрэг болгосон” гэж түүний хэлснийг харж л суух үлдлээ. Иргэдэд хүндрэл учруулахгүй байх талаар нийслэлийн Авто замын газар болон зам засвар хийж буй компаниуд хамтарч ажиллаж байгаа гэж Авто замын газрын орлогч  дарга Г.Баттогтох хэлэв.  
Улсын хэмжээнд мөрддөг зам засварын стандартын дөрвөн боть  байдаг бөгөөд энэ стандартын дагуу зам засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэдэг гэнэ. “Чанартай чанаргүй зам ярихаас өмнө төсөв, хөрөнгийг ярих хэрэгтэй. Жишээ нь, Монол Улс ОХУ-ын нэг километр замд зарцуулдагаас 2-3 дахин бага мөнгө төсөвлөдөг. Нэг км замд дунджаар 700 саяаас нэг тэрбум төгрөг, хөдөөгийн замд 400-500 сая төгрөг төсөвлөдөг” гэж нийслэлийн Авто замын газрын орлогч дарга Г.Баттогтох хэлж байна. Энэ мөнгө нэг км замыг бүрэн шинэчлэх буюу явган хүний зам, шугам сүлжээний зэрэг ажил хийхэд зарцуулдагдах төсөв аж. Түүний хэлснээр бол төсөвт нь тааруулж тааруухан зам хийдэг бололтой.

Өөр бас нэгэн чухал зам засварын ажил бол Сүхбаатарын талбайн хоёр талын зам. Энэ замын доорхи шугам сүлжээ сүүлийн тавин жил шинэчлэгдээгүй учраас шинэчлэх, засварлах шаардлагатай. Тиймээс хэсэгтэй л хаана гэсэн үг.

Хамгийн гол нь жилийн жилд хааж байгаад л зам засварын ажил хийдэг. Харамсалтай нь олны цаг завыг барж, зунжингаа түгжрүүлж байж зассан зам дараа жил нь эвдэрч, онгойдог нь гайхмаар зүйл биш. Энэ хариуцлагагүй, чанаргүй зам засдаг ажлыг хэзээ зогсоох талаар нийслэлийн Авто замын газрын орлогч дарга Г.Батогтох  “Өнгөрсөн жил их олон зам хийсэн. Үүнээс 100 айлын зам, Москва хорооллын урд талын хос гүүр асуудалтай байгаа. Бусад зам нь зүгээр байна. 100 айлын зам хөрс нь намагтай учраас асуудал үүсгэдэг. Гэрээний дагуу дутуу хийсэн, муу хийсэн компанид арга хэмжээ авах, замыг шинэчлэх, нөхөх ажлуудыг хийлгэдэг” гэлээ. Мөн өнгөрсөн онд асуудал үүсгэсэн Бага тойруугийн замд “Ворлд Еруна” ХХК дахин засвар хийж, Москва хорооллын өмнөх 36 урттай хос гүүрийг “Гангүүр” ХХК дахин хучилт хийхээр болсон байна. Зам барьж, засч болно оо. Гэхдээ хэн хэдэн жилийн баталгаа гаргаж байгаа юм бэ? Замынхаа ажлыг хэзээ чанаржуулах вэ?

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж