
Ийнхүү Монгол Улсын санаачлагаар байгуулж буй Улаанбаатарт төвтэй олон улсын статус бүхий байгууллагын тухай хэлэлцээрт манай улс гарын үсэг зурсан анхны улс болов. Уг хэлэлцээр нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгаа хийх чадавхийг сайжруулах, эдгээр улс оронд бодлогын чанартай зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий олон улсын байгууллагын эрх, үүргийг зохицуулах зорилготой юм. Хэлэлцээрт 10 улс гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн албаны /UN-OHRLLS/ Дээд төлөөлөгч Ч.Диарратай уулзав. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд болсон Ази, Номхон далайн бүс нутгийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр түвшний бодлогын зөвлөдөх уулзалтын дүн, уулзалтаас гарсан баримт бичгийн талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны тодорхой зарим асуудлаар санал солилцов. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дээд төлөөлөгч Ч.Диарраг Монгол Улсад энэ оны хоёрдугаар хагаст айлчлуулахаар зарчмын хувьд тохиролцов.
Энэ жил Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд уг ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас НҮБ-тай хамтран зохион байгуулах зарим арга хэмжээний талаар Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар НҮБ-ын Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч К.Акасакатай мөн уулзав.
Манай улс энэ оны 7 дугаар сараас эхлэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалахтай холбогдуулан Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар НҮБ-ын Ардчиллын сангийн тэргүүн Роналд Рич, БНСУ-ын Байнгын төлөөлөгч Парк Ин Кук нартай уулзаж харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Соросын сангийн тэргүүн Жорж Соростой уулзав гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв