С.Баяр өмгөөлөгчийн хамт тайлбар өгнө

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

С.Баяр өмгөөлөгчийн хамт тайлбар өгнө

Ерөнхий сайд асан С.Баяр өмгөөлөгч хөлслөх болсон талаар “Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт мэдээлсэн байна. Тэрээр Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Ганбаатарыг өөрийн өмгөөлөгчөөр ажиллахыг хүсчээ. С.Баяр өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа долдугаар сарын 1-нийг тойрсон үйл явдалтай холбоотой шинэ баримтуудыг гаргаж тавьсан. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрийг шахаж, шаардсныг дагуу онц байдал зарласан гэх мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тухайн өдөр цагдаагийнхны галт зэвсгийн хэрэгсэлд байдаггүй жижиг калибрь буугаар иргэдийг буудсан байсан, улсын дугаартай фургон машинаар шатах бодис, чулуу зөөсөн, хурц гэрэлтэй хар машинтай залуус хүмүүс рүү буудаж байсан зэрэг мэдээллийг одоо яагаад шалгахгүй байгаа талаар ярилцлагадаа онцолж байсан. Энэ тухай байр сууриа илэрхийлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт гаргасан байна. Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас Ерөнхий сайд асан С.Баяраас дээрх ярилцлагатай холбогдуулан тайлбар авахаар болжээ. С.Баяр өмгөөлөгчийн хамт тайлбар өгөх гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж