Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Явган эргүүлд гарсан хоёр цагдаа гудамжаар алхаж явав. Тэгсэн нэгэн иргэн булан тойрон хар гүйхээрээ ирлээ. Манай хоёр “Яасан бэ. Хүн хөөгөө юу” хэмээн түүнд санаа тавихад “Үгүй ээ, тэнд хүмүүс нэг нь нөгөөгөө зодож байна” гэж иргэн аахилж, уухилан хариулав. “Аан. Таны араас хэн нэгэн хөөж байна гэж бодлоо шүү” хэмээн хоёр цагдаа хариулаад “Тэр зодолдсон хүмүүсийг өнөөдөр аз дайрч дээ. Бидний замд тааралдаагүй” гэж хээвнэг ярьсаар одлоо. Иргэн гайхаш тасран толгойгоо маажаад цааш яаран гүйв. Өөдөөс нь монгол дээл, гутлаар иж бүрэн гангарсан арвантавны цагдаа морьтойгоо алхуулж явна гэнэ. Тэгснээ өнөөх чинь иргэн рүү гараараа даллав. Иргэн ч баярлан болсон хэргийн талаар түүнд ярихаар яартал хажуугаар нь нэгэн дарга шуртхийн орж ирлээ. Мань цагдаа харин даргатай мэндчилсэн юм байж. Тэгсэн дарга иргэн рүү зургийн аппарат сарвайгаад арвантавны цагдаатай зэ­рэгцэн зогсч “патиар”-аа татуулахыг хүслээ. Иргэн толгойгоо дахин нэг маажаад тэдний зургийг дарж өгөв. Энэ үед хамгийн хөөрхөн дээрээ “тавьчихсан” зогсох арвантавны цагдаагийн нү­дэнд морьтой эргүүлд гарсан хоёр цагдаа харагдав.

Тэд дээл биш дүрэмт хувцас өмсчээ. Өө, тэгсэн чинь, шар үстэй, нэгэн европ нөхөр нөгөө хоёрыг чинь гайхан тойрч хараад байх юм гэнэ. Европ залуугийн хувьд Монголын байгалийг үзэж сонирхохоор ирсэн юм байж. Тэгээд явж байтал морьтон цагдаа нартай таарчээ. “Хүүе, сонирхолтой юм гээч” гэж бодсон мань жуулчин тэдэнтэй яриа өдөн саяхан сурсан хэдэн монгол үгээ эвлүүлэн мэнд мэдэв. Морьтон цагдаа нар “Ингээд байвал бид жуулчдын ан­хаарлыг татаж, гадаад хэлээ сайжруулж мэдэх юм” гэж хоорондоо ярилцлаа. Тэд Европын жуулчнаас салаад морио дугтчин цааш хэд алхтал явган эргүүлд гарсан хоёр цагдаатай тааралджээ. Тэгээд хэд гурван үг солилцлоо.

-Ажил хэр байна даа?
-Тавлаг. Хэрэг зөрчил бараг алга.
-Хэлээд юу гэхэв. Манайхан ч сайхан болж дээ.

Т.Элиса


Зохиогчийн эрх:

"Улс
төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж