Ц.Нямдорж Н.Энхбаяртай ”шатар” тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж Н.Энхбаяртай ”шатар” тоглоно

Намбарын хүү Цэндийн хүүг онилов. Ц.Нямдорж “Энхбаяр улс төрийн тэтгэвэрт гарах цаг бол­сон” гэж зүв зүгээр хэлчихээд Х.Тэмүү­жинтэй улаан цайм хэрүүл хийж явахад нь Н.Энхбаяр түүн рүү дурангаа чиглүүллээ. Экс Ерөн­хийлөгч чуулганы танхимд “Брэнд шоппинг” хийхээр шийджээ. Мэдээж хэрэг, хамгийн чухал сонголт нь парламентын брэн­дүүдийн нэг бо­лох Ц.Нямдорж. Баруун хязгаарын хорон үг ихт Ц.Нямдорж барцад ихтэй улстөрч юм. Улс төр хэмээх их усан түүнийг эрх мэдлийн зах хязгаарт хүргэж ч байсан. Басхүү сэлж гарч дийлэмгүй эргүүлэг рүү шидсэн нь ч бий. Н.Энхбаяр өөрийг нь олигархиудын тоонд оруулсанд тэрбээр “Амны билгээс ашдын билэг“ хэмээн хоржоонтойхон хэлж яваа дуулдана.

Ц.Нямдоржийн ярьснаар, Н.Энх­баяр бол хийдэг. Харин Цэн­дийн хүү хэлдэг нь. Экс Ерөнхийлөгч хийсэн учраас парламентын брэнд маань Үндсэн хуулийн Цэцэд дуудагдаж, үеийн нөхөр Ж.Бямба­доржтойгоо муудалцаж байсан удаатай. Тэр үед дуугаа хурааж, дүнсгэр царайлан явсан экс спикер гэнэтийн шийдвэр гаргасан. “Урт шар дээлт” хор гүйлгэж, намайг УИХ-ын даргын албанаас огцроход хүргэлээ” гэж. Албан тушаалаасаа огцорсон зарим нь амиа хорлохоос наахнуур юм болдог бол Ц.Нямдорж “Луйврын 250 сая ам.долларын асуудлыг би тас цохих гэж өөрөө өөрийгөө золиосолсон” хэмээн нэг л удаа их чанга хашгирч билээ. Ардын жүжигчин А.Долгортой “Аав, ээж хоёр минь”-ийг хоршин дуулж, төгөлдөр хуур тоглон ач нараа эрхлүүлсэн шиг суугаа Ц.Нямдорж энэ удаад ямар тэсрэлт хийх нь сонирхол татна. Анд бололцож явсан Н.Энхбаяртаа улс төрийн цаг дууссаныг нь шуудхан анхааруулсан тэрбээр гавьяаны амралтад гарахаар бэлтгэж эхэлснээ нэг биш удаа дуулгасан билээ. Гэвч хүссэн ч, эс хүссэн ч түүнд Н.Энхбаяртай “шатар” тоглох мөч тохиов. Тэдний чухам хэн нь уран бэрсийн нүүдэл хийж ялах бол… 

С.Баттулга


Зохиогчийн эрх:

"Улс
төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж