“Төрийн мэдээлэл” эмхтгэл хэвлэлтээс гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхтгэл хэвлэлтээс гарлаа

  Эмхтгэлийн шинэ дугаарт Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалаас огцруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.
    Түүнчлэн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Уг тогтоолоор “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороо”-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, Үндэсний хороо, түүний ажлын албаны үйл ажиллагааны зардлыг тусган санхүүжүүлэхийг холбогдох сайдуудад даалгажээ.

    “Цэргийн албан хаагчдад тэтгэмж олгох журам”, “Цэргийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх журам”, “Цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журам”-ыг баталсан Засгийн газрын тогтоолтой “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцах боломжтой. Тэтгэмж, орон сууцны дэмжлэг авахыг хүссэн цэргийн албан хаагч, түүний гэр бүлийн бүрдүүлэх материал, бусад нөхцөлийн талаархи мэдээлэл зөвхөн эмхтгэлд бий.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Уг тогтоолоор сумын хүн ам, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, төрийн үйлчилгээний байгууллагуудын ажиллах хүрээг харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 1500 хүртэл хүн амтай суманд 11, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 13, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 14, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 16, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 19, 20001-ээс дээш хүн амтай суманд 21 байхаар тус тус тогтоожээ. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 85 хүртэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 40 хүртэл, нийслэлийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 43 хүртэл, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр 40 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 32 хүртэл, Багахангай дүүрэгт 23 хүртэл байхаар тогтоосон байна.

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай Засгийн газрын тогтоолоор Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд баяжуулах үйлдвэр, далд уурхайн 2 дугаар босоо амны цамхаг, цэвэршүүлээгүй усны хоолой,  уурхайн дэд бүтцийн бусад барилга байгууламж барих ажлыг гүйцэтгэх болон далд уурхайн 1 дүгээр босоо амны хөндлөн малталт, нэвтрэлт дээр ажиллах “Оюутолгой” төслийн инженер техникийн болон мэргэжлийн 6949 гадаадын ажилтанд 2011 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад даалгасан байна.

Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолоор “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”, “Ан амьтны нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн хэмжээ”-г хавсралтаар баталжээ. Эдгээр хавсралтуудыг эмхтгэлд бүрэн эхээр нь нийтэллээ.

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци
2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж