В.Путин хүчирхэгжилтийг амлаж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

В.Путин хүчирхэгжилтийг амлаж байна

Д.Медведев ардчиллыг, харин В.Путин хүчирхэгжилтийг амлаж байна

Д.Медведев, В.Путин хоёр шал өөр хүмүүс. Гэвч тэд өмнө нь үүний­гээ нуудаг байв. Ямар сайндаа л В.Путин их сургуулийн багш байсан Д.Медведевийн гараас хөтөлж, ол­ны өмнө гаргаж ирээд Оросын шинэ удирдагчаар тунхаглаж байх вэ. Нэгдсэн Орос намын далбаан дор, ардчилсан юм шиг хэрнээ дик­татурын дэглэм ноёрхсон Орос орны улс төрийн цорын ганц хүчирхэг на­мын тунхаг дор тэд нэгдэж байж. Тэгсэн чинь саяхнаас зөрчилдөж эхэллээ. Яасан бэ гэхээр, өнгөрсөн сард Д.Медведев Ливийн үймээнтэй холбоотой ОХУ-ын байр суурийг илэрхийлжээ. Гэвч мэдэгдлийнх нь араас В.Путин түүнийг шүүмжилж, эцэст нь “Тэгэхдээ яах вэ. Бид хоёр ойлголцоно” гэсэн юм.

Д.Медведев В.Путины хүн гэгд­дэг байсан Москва хотын дар­гыг “Хариуцлагагүй нэгэн” гэж цоллоод, ажлаас нь  халж орхисон. Үүнтэй зэрэгцээд “Роснефть”-ийн тэргүүн, Оросын “КГБ”-ийн ажил­тан асан, В.Путины дотны анд Игор Сечин бас л халаа, сэлгээнд өр­төх бололтой. Магадгүй энэ бү­хэн ирэх оны гуравдугаар сард бо­лох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сон­гуультой холбоотой. Товлосон хугацаа ойртохын хэрээр В.Путин, Д.Медведев хоёрыг харьцуулж, хоо­ронд нь өрсөлдүүлэх хүмүүсийн тоо олширч байна. Хажуунаас нь хатгаж, шордоод эхлэхээр хэн ч нэгийг бодож эхлэх нь мэдээж юм.

В.Путин саяхан Оросын нэгэн телевизээр дөрвөн цаг гаруй ярьжээ. Тэрбээр Оросын малчин, тариачнаас эхлээд цэнхэр захтан, эцэг эх, хөгшин, залуу хүн бүхэнд өөрийнхөө эргэж ирснийг тунхаглалаа хэмээн барууны хэвлэлүүд дүгнэсэн юм. Д.Медведев сүүлийн үед ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, одоогийн албаа үргэлжлүүлэн хаших сонирхолтой бай­гаагаа ил, далд хэлбэрээр илэрхийлэх нь олон болсон. Харин В.Путин дээрх мэдэгдлээрээ түүнд  хариу барьж байгаа бололтой. Тэрбээр өөрийгөө хүчирхэг Орос гүрнийг бүтээгч баатрын дүрээр тодотгож байна. Энгийн иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлнэ гэдгээ ам­лаж, “Манай улс хүчирхэг, тогт­вортой байж, аливаа хурц тэмцлээс зайлсхийх хэрэгтэй” гэсэн юм. Өдгөө 58 настай тэрбээр 2000-2008 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Харин дараа нь Д.Медведев түүнийг залгамжлан гарч ирсэн билээ. Харин ирэх сонгуульд Оросын төрийн эрхэнд байгаа энэ хоёр эрхэм хоёулаа өрсөлдөх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Д.Медведевийн хувьд Ерөнхий­лөгч байх хугацаандаа Оросын эдийн засгийг шинэчилж, улс төрийн бодлогын хувьд барууны орнуудтай нээлттэй харилцах, харилцаагаа сэр­гээх, хөгжүүлэх тал дээр цөөнгүй зүйл хийсэн. Ерөнхийдөө тэрбээр барууныхны найз гэх имижийг бүр­дүүлжээ. Эдийн засгийн шинэчлэл хийхийн тулд Орос улсад гадны хөрөнгө оруулалт хамгийн их хэрэгтэй байгаа энэ үед тэгэхээс ч аргагүй. Д.Медведевийн либераль мэдэгдлүүд Оросын боловсролтой, элит давхаргынханд хамгийн их таалагддаг. Харин тэдний хувьд улс төр, эдийн засаг дахь төрийн оролцоог дэмжсэн В.Путины бод­логод дургүйлхдэг. Тиймдээ ч “Д.Мед­ведев бол Орос орныг илүү ард­чилсан болгох хүн” гэж дүгнэх нь бий.

В.Путинд ч боломж бий. Тэр одоо ч хүчтэй удирдагч хэвээр байгаа. Барууныхныг хүчтэй эсэргүүцэж, тэдний эсрэг хатуу байр суурь баримталдаг нь жинхэнэ эх оронч дүр төрхийг бий болгожээ. В.Путин аугаа их Орос орны хүчирхэг байдлыг хадгалж чадах цорын ганц хүн мэт. Дэлхийн санхүүгийн хямрал 2008 оноос эхэлж, улс орнууд, тэр дундаа их гүрнүүд “хиар” цохиулж байв. Чухам энэ үед Оросын эдийн засгийн үзүүлэлтүүд сэргэж, өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орны тоонд зүй ёсоор багтах болсон. В.Путин “Хэрэв чи үлбэгэр, сул дорой байвал чамд заах хүн олон гарна. Энэ бол орчин үеийн ертөнц. Хүмүүс чамд сургахынхаа хэрээр дотоод асуудалд чинь хошуу дүрж эхэлнэ” гэжээ. Тэрбээр энэ үгээрээ “Бид хүчирхэг байх ёстой” гэдгийг сануулж байна. Мөн Оросын эдийн засгийг хэмжээгээрээ дэлхийд зургадугаарт бичигдэхүйц хүчирхэг болгохоо амлажээ. Энэ далимдаа муугийн жишээнд АНУ-ыг оруулж, тус улс ам.доллар олноор нь хэвлэж байгааг шүүмжлэхээ мартсангүй.
Д.Медведевийн хувьд сонгуульд нэр дэвших бодолтой байгаа юм бол В.Путинд хариу барьж, түүнийг телевизийн од болж байгааг болиулахаас өөр аргагүй. Энэ бол түүний Кремльд тогтож үлдэх эсэхийг шийдэх асуудал. Орос иргэ­дийн дунд явуулсан судал­гаагаар В.Путин, Д.Медведев хоёрын рей­тинг тун ойролцоо гарсан. ОХУ-ын Төрийн тэргүүнээр гурван жил ажил­ласан Д.Медведев хэдийнэ өөрийн дэмжигчдийг цуглуулж чаджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сон­гуульд В.Путин нэр дэвшиж, ялж гэмээнэ Орос оронд бүх зүйл  хуучин хэвэндээ орно. Тэр Д.Медведевийн хэрэгжүүлж буй эдийн засгийн шинэчлэлийг хийхээс илүүтэйгээр улс орноо нэгдсэн, нэг гарын дор зангидах нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, Д.Медведийн дөрвөн жилийн хөдөлмөр талаар болох юм.

Ажиглагчид Оросын улс төрийн нөхцөл байдлын талаар янз бүрийн таамаг дэвшүүлж байна. В.Путин, Д.Медведев хоёр аль, аль нь сонгуульд нэр дэвшиж магадгүй. Энэ нь хэтдээ Оросын улс төрийг хоёр намын тогтолцоотой болгох эхлэх болж мэднэ гэж зарим шинжээч дүгнэжээ. Мөн В.Путин ирэх жилийн сонгуулиар шинэ “Медведев” гаргаж ирэх нэг хувилбар байна. Гэхдээ энэ нь В.Путины хувьд тийм ч өөдтэй санаа биш. Учир нь шинэ хүн В.Путины хүч нөлөөг сулруулах бас нэг хүчин зүйл болно. Эрх мэдлийн амтыг мэдэрсэн Д.Медведев ч зүгээр суухгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ хувилбар бараг боломж­гүй гэж дүгнэж болох юм.

Д.Медведев бол илүү их либераль бодлого баримталдаг. Харин В.Пу­тин консерватив үзлийг дэмжих хандлагатай. Д.Медведевийн Орос улсад ардчилал, харин В.Путины Орост авторитари дэглэм ноёрхоно. Д.Медведев Хятадтай харилцаагаа сайжруулахаас илүү барууныхныг дэмждэг. Харин В.Путин Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэн орохыг эсэргүүцэж байсан. Оросын төрийн далбаанд эсрэг зүг рүү хандсан хоёр толгойтой бүргэдийн дүрс бий. Яг л В.Путин, Д.Медведев хоёр шиг. Гэхдээ тэд нэг далбаан дээр намирч байгаа бүргэдийн толгой шиг хамтдаа байх нь ашигтай ч байж болох юм.

 “Би В.Путины тухай яримааргүй байна. Ойлгомжтой юу. Тэр бол өөр хүн” хэмээн Д.Медведев “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа дурьдаж байв. Үнэхээр Д.Медведев, В.Путин хоёр өөр хүмүүс байж шүү.

Т.Элиса


Зохиогчийн эрх:

"Улс
төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж