Амьжиргааг 103 мянган төгрөгөөр үнэлж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Амьжиргааг 103 мянган төгрөгөөр үнэлж байна

Иргэн та сард 103 мянган төгрөгийн орлоготой бол ядуу гэсэн ангилалд багтахгүй. Өөрөөр хэлбэл, таны амьжиргаа ердөө л иймхэн хэмжээний мөнгөөр баталгаажих юм гэнэ. Энэ бол төрөөс тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшин юм.

Статистикийн тухай хууль, Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн дагуу дээрх хэмжээг жилд нэгээс доошгүй удаа шинэчлэн тогтоодог. Эдгээр хуулийн дагуу амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоож, энэ сарын 1-нээс эхлэн мөрдөж байгаа юм. Үндэсний статистикийн хорооны даргын 2011 оны 01/53 тоот тушаалд “Амьжиргааны баталгаажих доод түвшин баруун бүсийнхэнд 104 300, хангайн бүсийнхэнд 105 100, төвийн бүсийнхэнд 106 600, зүүн бүсийнхэнд 103 500, нийслэлийнхэнд 118 100 төгрөг байна” хэмээжээ. Уг нь хүн амын амьжиргааны доод түвшин нь хөдөлмөрийн хөлс, тэтгэврийн доод хэмжээтэй уялдах учиртай. Гэтэл эдгээр нь өөр хоорондоо эрс ялгаатай байгаа юм. Засгийн газар төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх шийдвэр гаргаж өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Мөн энэ сард хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 108 мянган төгрөг байсныг 140 400 төгрөг болгон 30 хувиар нэмсэн билээ. Гэтэл хүн амын амьжиргааны доод түвшинг дорвитой дээшлүүлсэнгүй. Өмнөх жилүүдэд энэ үзүүлэлтийг нэмэхдээ ёс төдий өөрчилж байв. Жишээ нь, нийслэлийнхний амьжиргааг 2008 онд 94 800, 2009 онд 101 100, 2010 онд 101 600 төгрөгөөр баталгаажна хэмээн үзэж байсан юм. Харин энэ жил хамгийн өндөр хувиар буюу 16 500 төгрөгөөр нэмсэн байна. Гэхдээ энэ мөнгө амьдралд хүрэлцэнэ гэж үү. Хүрэлцэх хүрэлцэхдээ амьжиргааны баталгаа болж чадна гэдэг үнэхээр санаанд багтахгүй байгаа юм. Ер нь өнөөдөр Улаанбаатар хотод амьдарч буй иргэд 118-хан мянган төгрөгөөр амьдралаа залгуулах ямар ч боломжгүй шүү дээ.

Одоогоос 5-6 жилийн өмнө Эрүүл мэндийн сайдын баталсан нэг стандарт байдаг. “Монгол Улсын иргэн эрүүл саруул аж төрөхийн тулд сард хамгийн багадаа 115 600 төгрөгийн хүнс тэжээл хэрэглэх шаардлагатай” гэж. Уг стандартыг дахин шинэчлээгүй. Харин энэ хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өссөн. Тэгэхээр бид эрүүл аж төрөхийн тулд сард дор хаяж 230 мянган төгрөгийн хүнс хоол хэрэглэх шаардлагатай гэсэн үг. Гэтэл төр “Таны амьдрал 100 мянга гаруйхан төгрөгөөр баталгаажна” гээд байгаа нь үнэхээр хачирхалтай. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авдаг хүмүүс хүртэл хангалттай хэмжээний хоол хүнсээ худалдан авч чадахгүй нь байна шүү дээ. За яахав, ажилтай хүмүүс нь яаж ийгээд амьдраад байж болох байх. Угаасаа сарынхаа цалинг урьдчилж зээлээд өрнөөс өрний хооронд гэлдрээд болоод байдаг. Тэгвэл ажилгүйчүүдийн хувьд ямар ч шаанс байхгүй.

Энэ оны эхний улирлын байдлаар ай­маг, нийслэлийн хөдөлмөр, халам­жийн үйлчилгээний хэлтэст бүртгэл­тэй ажилгүй иргэдийн тоо 40.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 3649 хүнээр буюу бараг 10 хувиар өссөн байна билээ. Өөрөөр хэлбэл, ийм тооны хүн амьжиргааны баталгаажих түвшний орлогогүй, эрүүл саруул амьдрах боломжгүй гэсэн үг. Мөн статистик үзүүлэлтэд хамрагдаж байгаа ажилгүйчүүд бол зөвхөн бүртгэлтэй хүмүүс гэдгийг мартаж болохгүй. Ажил идэвхтэй хайж, холбогдохгүй байгууллагад бүртгүүлээгүй хэдэн мянган хүн байгааг тааж хэлэх аргагүй юм. Магадгүй Засгийн газар үүнд “Иргэд ажилтай, ажилгүй байхаас үл хамаараад сар бүр 21 мянган төгрөг зүгээр авч байгаа шүү дээ” гэсэн тайлбар өгч болно. Ер нь тэдний ганц хэлж чадах үг нь л энэ шүү дээ. Гэвч 21 мянган төгрөг чинь амьжиргааны баталгаажих түвшний орлогоос 5-6 дахин бага тоо. Үндсэндээ бүтэн жилийн мөнгө нь л эрүүл саруул байхын тулд сард хэрэглэх хоол хүнсэнд дөнгөн данган хүрэлцэхээр байна.

Ер нь манай төрийн байгууллагуудаас гаргаж буй мэдээлэл, судалгаа хийгээд бодлого, шийдэрүүд өөр хоорондоо огт уялдахгүй байна. Жишээ нь, төв банк болон Сангийн яамныхан ойрноос “Инфляци нэг оронтой тоонд багтаж, найман хувь болсон” гэх болсон. Албан ёсны цахим хуудастаа хүртэл ингэж мэдээлээд байгаа юм. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар хүнсний гол нэрийн барааны үнэ сүүлийн долоохон хоногийн дотор бараг таван хувиар өсчээ. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, зарим эрдэм шинжилгээний байгууллага, хөндлөнгийн экспертүүд “Монгол Улсад инфляци 11 хувьтай байна. Засгийн газар бодлогын шийдвэр гаргаж, алдаагаа засахгүй бол бүр 20 хувьд ч хүрэх эрсдэл ойрхон байна” хэмээн нэгэн дуугаар сануулж байгаа. Инфляци 11 хувьтай байна гэдэг нь иргэдийн худалдан авах чадвар тийм хэмжээгээр доройтсон гэсэн үг. Гэтэл доройтох тусам нь сайжирсан гээд байгааг ойлгоход үнэндээ бэрх байна. Чухамдаа нийгэм ийм байхад хошин урлагийнхан “Монгол Улс мандан бадраад ч байгаа юм шиг, балран доройтоод ч байгаа юм шиг, дарга нарын яриад байгаа зүйл зөв ч юм шиг, буруу ч юм шиг…” хэмээн хошигнохоос ч яах билээ.     

Ямартай ч хүн амын амьжир­гааны баталгаажих доод түвшинг илэрхийлж буй тоо бодит байдал­тай огтхон ч нийцэхгүй байна. Монголын төр иргэдийнхээ амьжир­гааг хангалттай хэмжээнд баталгаа­жуулж чаддаггүй юм гэхэд ядаж өөрс­дийнхөө баталсан хууль, дүрэмд нийцүүлдэг байвал уг нь зүгээр­сэн. Хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоох тухай хуулийн зургадугаар зүйлд “Нийг­мийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлс, нөхөн олговор тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд хүн амын амьжиргааны доод түвшинг жишиг бол­гон зохих хууль тогтоомжоор зохицуулна” гэж заасан байдаг. Харамсалтай нь, амьжиргааны доод түвшин хэмээх үзүүлэлтийг хуульд заасан энэ агуулгаар нь тодорхойлох бус, жилээс жилд ор нэр төдий нэмсэн болж аргацааж байна. 

Ч.Дашдэлэг


Зохиогчийн эрх:

"Улс
төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж