”Сод Монгол”-ынхон ШТС-аа хүссэн үедээ л хаана

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

”Сод Монгол”-ынхон ШТС-аа хүссэн үедээ л хаана

“Сод Монгол” группийнхэн нийслэлийн холбогдох албан тушаалтнуудын зам засварын ажилтай холбогдуулан гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй байхаар шийджээ. Хэзээ биелүүлэх эсэх нь ч тодорхойгүй байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Авто замын газрын удирдлагууд замын траст орсон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг гаргасан билээ. Энэхүү шийдвэрийн дагуу Таван шарын уулзвараас Орбит, Толгойтын уулзвар хүртэлх зам дагуу байрладаг “Сод Монгол”, “Петровис, “Шунхлай”, “Бадрах” гэсэн дөрвөн шатахуун түгээх станц зам засварын ажил дуусгахаар төлөвлөсөн аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллах ёсгүй. Дээр дурьдсан шатахуун түгээх станцууд нь зам засварын ажилд саад учруулж байсан аж. Тиймээс шатахуун дүгээх станцууд албаны хүмүүсийн шийдвэрийг биелүүлж байгаа эсэхийг сурвалжиллаа.

Таван шарын эцсийн буудлаас холгүй, замынхаа хоёр талд “Шунхлай”, “Петровис”, “Сод Монгол” компанийн шатахуун түгээх станцууд байрладаг. Замынхаа  урд талд байдаг “Петровис” шатахуун түгээх станцынхан үйл ажиллагаагаа хэдийнэ зогсоожээ.  Зам өргөтгөлийн ажлыг хийх тендерт шалгарсан “Улаанбаатар зам засвар, арчлалт” компанийнхан уг шатахуун түгээх станцын урд талын хэсгээр зам өргөтгөх ажлаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байв. Харин үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргаад долоо хонож байгаа энэ үед “Сод Монгол” шатахуун түгээх станцын ажилчид бензин, түлшээ борлуулсан хэвээр байлаа. Урд талынх нь замын хажуугаар өргөсгөх хэсгийг цагаан уяагаар тэмдэглэсэн байв. Машин орохыг хориглосон тэмдэг, замын хаалт огт алга.

 “Сод Монгол” шатахуун түгээх станцаас өчигдөр 12.30 цагийн орчимд хоёр ч үйлчлүүлэгч бензин аваад хөдлөв. Шатахуун түгээгчээс нь одоог хүртэл ажиллаж байгаагийн учрыг лавлавал “Шатахуун түгээх станцын эрхлэгчээс асуу” гэв. Тэрбээр хаах, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх шийдвэрийг гаргах эрхгүй болохоор энэ талаар тодорхой зүйл мэдэхгүй ажээ. Шатахуун түгээх станцын эрхлэгч эмэгтэй нэг их санаа зовсон шинжгүй “Манайх иргэдэд үйлчлэхгүй байгаа шүү дээ. Үйл ажиллагаагаа түр зогсоочихсон байгаа. Зам дээр хаалт тавьчихсан. Тэрийг хар л даа” хэмээн байна. Заасан зүгт нь харвал машин орж, гарах хоёр хэсгийн гарах уулзварын буланд хаалт төмөр тавьжээ. Хоёр метр орчим урттай хаалт үүргээ огт гүйцэтгэхгүй аж. Хажуугаар нь хэд, хэдэн автомашин саадгүй гараад явчихав. Ачааны машин ч торох юмгүй хажуугаар нь гараад төв замруугаа орох аж. Шатахуун түгээх станцын эрхлэгч эмэгтэйд “Танайх ажиллаж л байгаа юм байна шүү дээ” гэхэд “Дотоод ажлаа хийж байгаа юм. Бичиг, цаасны гээд хийх ажил их байна. Иргэдэд үйлчлэхгүй ч гэсэн бид дотоод ажлаа хийж байна” гэсэн хариултыг өглөө.

“Улаанбаатар зам засвар, арчлалт” компанийн ажилчидтай уулзвал “Сод Монголын шатахуун түгээх станц л ажиллаж байгаа. Машинууд орж, гарсан хэвээр. Бусад нь нийслэлийн Засаг даргын тамгын газраас шийдвэр гаргасны дараахан үйл ажиллагаагаа зогсоочихсон” гэлээ. Таван шарын уулзвараас Орбит, Толгойтын уулзвар хүртэлх 2.5 километр замд хийх засварын ажлыг нийслэлийн Авто замын газрын мэргэжилтэн н.Жаргалсайхан хариуцаж байгаа ажээ. Түүнтэй уулзахаар очсон боловч ажлын байран дээрээ эзгүй байв. Утсаар холбогдвол “Сод Монгол” компанийхан үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэрийг биелүүлэхгүй байгаа талаар мэдээгүй байгаа бололтой “Энэ талаар санал, гомдол ирээгүй байна” гээд утсаа тасалсан юм.

-“Сод Монгол групп” ХХК-ийн хуулийн албаны ажилтан Б.Батболдоос дараах асуултад хариулт авлаа.

-Таван шарын эцсийн буудлын цаана байрладаг шатахуун түгээх станцын үйл ажиллагааг яагаад зогсоохгүй байна вэ. Энэ тухай шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан шүү дээ?
-Үйл ажиллагаагаа зогсоогоогүй байгаа. Таван шарын шатахуун түгээх станцын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байгаа нь зам засварын ажилд одоогоор ямар нэгэн саад учруулахгүй байгаа. Тэгээд ч энэ бол шатахуун түгээх станцыг хааж байж шийдэхээр ажил биш гэж бодож байна. Одоо замын хоёр урсгалын нэг нь нээлттэй байгаа. Тэр хавьд байдаг аж ахуйн нэгжүүд ч гэсэн үйл ажиллагаагаа урьдын адил үргэлжлүүлж байгаа шүү дээ. Хүмүүс шатахуун түгээх станц гэдэг утгаар нь ач холбогдол өгөөд байх шиг байна. Бид нийслэлийн удирдлагуудад хүсэлт тавьсан. “Зам засварын үйл ажиллагаанд саад болохгүйгээр тухай, тухайн үед нь үйл ажиллагаагаа зогсоох асуудлыг зохицуулаад явъя” гэсэн. Зам засварын ажил дуустал ажиллахгүй байх нь эдийн засгийн хувьд алдагдалтай байгаа юм.

-Хүсэлтийн хариуг ирүүл­чихсэн юм уу?

-Одоохондоо ирээгүй байна. Бид тэр хавийн замыг засч, өргөсгөж байгааг дэмжиж байгаа. Холбогдох шийдвэрийг биелүүлнэ. Гэхдээ тухай, тухайн үед нь тохирсон арга хэмжээ авах хэрэгтэй байна.

-Ямар арга хэмжээ авна гэж?
-Одоохондоо зам засварын ажлыг саатуулахгүй байгаа. Замын урд хэсэг дээр идэвхтэй ажиллаж байгаа юм билээ. Замын урд хэсгийг засах үеэр үйл ажиллагаагаа тодорхой хугацаагаар тэртээ тэргүй зогсооно шүү дээ. Шаардлагатай үед нь хаагаад бусад нь үед нь нээгээд явна.

Т.Урангэрэл


Зохиогчийн эрх:

"Улс
төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж