Ардчилсан нам Засгийн газарт дүн тавихаа хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам Засгийн газарт дүн тавихаа хойшлуулав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар тодорхой дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны талаарх дүгнэлтээ өчигдрийн бүлгийн хуралдаанаар танилцуулсан байна. Тэд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хуульд орсон өөрчлөлтөөс шалтгаалан УИХ-аар анх удаа хэлэлцэх гэж буй учир бүлгийн гишүүдийн санал, дүгнэлтийг нэмж оруулах хэрэгтэй гэж үзжээ. Иймээс ажлын хэсгийнхэн гишүүдийн саналыг нэгтгэн ирэх долоо хоногийн бүлгийн хуралдаанаар хамтарсан Засгийн газарт үнэлэлт, дүгнэлт хэрхэн өгөхөө тайлагнах аж. Бүлгийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаарх байр сууриа ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар илэрхийлэх юм байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар УИХ дахь Ардчилсан нам, Ардын намын бүлэг хэлэлцсэн юм. Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Уул уурхайн салбарт стратегийн гэх нэр томъёо анх орж ирсэн. Харин уг хууль бусад салбарт стратегийн гэх утгийг оруулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувь хэмжээ ямар байх юм гэдэг үндсэн зохицуулалтыг хийх гэж байгаа. Бүлгийн гишүүдийн зүгээс стратегийн гэдэг нэрийн дор олон салбар чиглэлийг хамруулах нь хуулийг зохицуулах учир утгыг бүдгэрүүлнэ. Мөн энэ чиглэлийг хэтэрхий барих нь эдийн засгийн өсөлтийг хангах хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг хаачих вий гэсэн зарчмын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийн талаар “Хэлэлцэх нь зүйтэй” гэж үзлээ” гэлээ. Харин Ардын намын бүлгийн дэд дарга Д.Дондог “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Ө.Энхтүвшин нар санаачилсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг Үндэсний аюулгүй байдалтай холбогдуулж үзэх нь зүйтэй, хязгаарлалт байх хэрэгтэй. Ялангуяа тухайн салбарт зайлшгүй зөвшөөрөх хувь хэмжээ тогтоосон байх талаар ярьж байна. Хүнсний аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цөмийн салбар, агаарын нисэх хүчин, батлан хамгаалах салбар зэрэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах талаар хязгаарлалттай хандах хэрэгтэй. Бүлгийн хуралдаанаар гишүүд хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Харин ажлын хэсэг гаргаад хэлэлцэх хэрэгтэй гэж үзсэн. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Наранхүү  ахалж, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Н.Ганбямба нар ажиллахаар боллоо” хэмээв. 

Ардчилсан намын бүлгээр Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн юм. Бүлгийн зүгээс уг хуулийн талаар Засгийн газраас концепцийн хувьд өөр байр суурьтай байгаа аж. Төрийн оролцоо, зохицуулалт нэлээд их байгаа. Тиймээс хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг ашиглахын тулд төрийн оролцоотой шинэ бүтцээр дамжуулах нь учир дутагдалтай гэж үзэж байгаа юм байна. Харин хувийн хэвшилд тулгуурласан бүтцээр хийлгэе гэдэг санал гаргаж буй юм. Хөл дээрээ тогтох эхний хугацаанд төрөөс санхүүгийн болон бусад туслалцаа үзүүлэх хэрэгтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдлээ. Энэ концепцийн дагуу ажлын хэсэг саналаа боловсруулах хэрэгтэй гэж үзжээ. Санал боловсруултал хуулийн төслийн хэлэлцүүлгийг Ардчилсан намын бүлэг түр хойшлууллаа.

Ц.Энхцэцэг


Зохиогчийн эрх:

"Улс
төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж