Хэрэгтэй бол сэлэм эргүүлж тэмцэнэ дээ

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Хэрэгтэй бол сэлэм эргүүлж тэмцэнэ дээ

“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаярыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Би тантай 2005 онд Архангай аймгийн Цэнхэр сум руу томилолтоор явж байсан. Тухайн үед “Ал­­тан дорнод Монгол” бо­­лон “Монгол газар” ком­­­панийн уурхайн үйл ажил­­лагаатай танилцаж байсан Ц.Мөнхбаяр гэдэг хүн өнөөд­рийнхөөсөө хувь илүү тайван, хүлээцтэй, аядуу зөөлөн хүн байсан юм уу гэх бодол төрж байна. Тэмцлийн тань хэлбэрээс үүдээд шүү дээ?
-Би энэ үйл хэрэгт зүтгэх болсноор арван жил өнгөрсөн байна. Бүтэн байсан нутаг минь тал болж, тал болсон нутгаа бүтэн байх ёстой гэсэн тэмцэлд зориулсан миний арван жилийн амьдрал хялбар байсангүй. Хувь хүнийхээ хувьд өөрийн тань хэлснээр өөрчлөгдсөн минь үнэн байх.

-Өөрчлөлтийг та өөрийн­хөө хувьд хэрхэн тодор­хойлох вэ?

-Хувь хүнийхээ хувьд хурцлагдсан байх. “Эхний үед учрыг нь олж болох юм байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг” гэсэн зарчмаар явж бай­сан. Гэтэл тэгж тэмцэх нь биш юм байна гэдгийг би ойл­госон. Тэмцлийн олон хэлбэр бай­даг. Тэр бүхнийг ашиг­лахад болохгүй зүйл байх­гүй гэж бодож байна. Гэхдээ монголчуудынхаа амгалан тай­ван байдлыг алдагдуулахыг хүсэхгүй байна. Тэмцлийн өөр хэлбэр сонгож байна гээд эх орноо юу ч үгүй болгож орхимооргүй байна. Буруутай хүмүүс нь өөрсдөө гэмээ хүлээж, ойлгож, уучлалт гуйгаад албанаас буух тийм замыг сонгоосой гээд хүлээж байна.

-Тэд таны хэлж байгаагаар бол бүтэн нутгийг тал болгосноороо буруутай юу?
-Тийм ээ. Өвөг дээдсийн минь бидэнд үлдээсэн нутаг тал болж, оршихуйн үндэс болсон газар нутаг минь устаж, барьцаалагдаж, алга болж байна. Тусгаар тогтнол, аюулгүй байдал алдагдлаа. Төр засаг үүний төлөө ажиллаж байна.

-Та газар нутгийн бүрэн бүтэн байдал гэдэгтэйгээ зэрэгцээд “Монгол Улс хөгжих ёстой” гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?
-Хөгжих ёстой. Гэхдээ хөгжинө гэдгийг өөрөөр авч үзэх хэрэгтэй.

-Та нийтлэг тайлбарыг хүлээн зөвшөөрдөггүй бололтой?

-Тийм ээ. Манайхан байшин барилга барьж, зам тавьж, утас барих орчин цагийн хэрэглээгээ хөгжил гэж үздэг. Энэ бол буруу. Гадныхны явж байгаа замаар ингэж явахыг бид хөгжил гэж хэлэхгүй. Хэлбэр талдаа хөгжил мэт боловч гажуудал. Дэлхий нийт үүнийг хүлээн зөвшөөрч байна. Бид энэ төөрөгдлийг дагаж хөвөх бус одооноос сэрж ухаарах хэрэгтэй.

-Таныхаар хөгжил гэж юуг хэлэх болж байна?

-Хөгжил гэдэг шууд утгаараа өвөг дээдсийн минь агуу их үзэл санаа байсан тэнгэр үзэл юм. Энэ бол
“Мөнх тэнгэр эцэг минь
Хөрст дэлхий ижий минь
Хүй элгэн садан минь ээ” гэж дээдэлдэг тэр ухаан. Энд ертөнцийн мөн чанар, ертөнцийн зүй тогтлыг илэрхийлсэн байдаг. Бид энэ монгол ухаанаа алдчихсан.

-Та байгалийг байгаль чигээр нь авч үлдэх нь хөгжлийн мөн чанар, хөгжлийн илэрхийлэл гэж хэлэх гээд байна уу?

-Наадхи чинь л байхгүй юу.

-Тэгвэл зам, тээвэр, утсан харилцаа гээд хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон шинжлэх ухааны ололтууд огт хэрэггүй гэсэн үг үү?
-Жаахан мушгиж бодвол тэгж ойлгогдоно. Ер нь бүхэл зүйлийг үгүйсгээд байгаа юм биш. Японд гэхэд л хүнээр бол жаахан чимхээд авахад тэнд ямар их сүйрэл болж байна. Бараг ч сүйрлийнхээ зам руу явж байх шиг байна. Энэ бол нэг дохио. Шинжлэх ухаан гэдэг балчир ухаанаар бүхнийг хэмжиж, цаашхи зүйлийг нь харахыг хүсэхгүй болж байгаад их том асуудал байгаа юм.

-Гавьяат жүжигчин С.Жавх­лангаас үүдээд “Гал үндэстэн” холбооныхон бөө нарын үгийг чухалчилж, яриад байна” гэх хүн нэгээр тогтохгүй  байх шиг байна. Үүнээс үүдээд зарим нэг хүн “Согтуу бөөгийн үгийг үг болгодог” ч гэж байсан?

-Тийм юм байхгүй. Би гэхэд тэнгэр үзлийг дээдэлдэг. Гэхдээ хэзээ ч бөө дээр очиж “Надад туслаач” гэж гуйж байгаагүй. Харин ганц нэгтэй нь уулзаж, та нар үнэхээр тэнгэрийн элч, улаач юм бол “Өнөөдөр Монголын байгаль дэлхий юу болоод байна вэ” гэдэгт хариулт өгөөч гэж ярилцаж байсан тохиолдол бий.

-С.Жавхлан та нартай хамт хэвээрээ юү?
-Хамт байгаа. Манай холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Мань хүн манайхаас хийгээд байгаа чан­гадуу ажиллагаанаас татгалздаг. Тэр чинь хувь хүний байр суурь. Иймд бид шахахгүй. Бусад үед бол хамтдаа л байгаа.

-С.Жавхлан нэгэн клипэндээ гарынхаа алгыг хутгаар зүсч байгаа харагдсан. Тэр үйлдлийнх нь хажууд Сүхбаатарын талбайд морьтой орох нь харин ч хөнгөн зүйл биш үү. Мэдээж энэ асуултыг С.Жавхлангаас асуух хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа ч өөрийн тань байр суурийг сонсоход буруудахгүй болов уу гэж бодлоо?
-Тийм л дээ. Гэхдээ өөрөөс нь асуусан нь дээр байх аа.

-Морьтой жагсаалыг шоу үзүүлбэр гэж дүгнэвэл та эсэр­гүүцэхгүй биз дээ?
-Тэгж хэлж болно оо, болно.

-Гол нь С.Жавхланг “Гал үндэстэн” хөдөлгөөнөөсөө тус­гаарласан гэх яриа гараад байгаа?
-Тэгж их сүр болгоод байхаар хоёр тийшээ болсон юм байхгүй. Манай Удирдах зөвлөлийн гишүүд “Энэ ч биш байна аа. Энд оролцохгүй ээ” гэж үзвэл татгалзах эрхтэй. С.Жавхлан гэхэд дуугаа дуулаад, оюутан сурагчдад лекц уншиж, өөрийнхөөрөө тэмцээд л явж байгаа.

-Сүхбаатарын талбайд та бүхэн хэчнээн морь “хаваржуулчихсан” бэ?
-Эхний удаад 11 морь байсан. Сая 150 морьтой орж ирсэн. Дараагийн цугларалт дээр мянган морьтой ирнэ гэж  төлөвлөж байгаа. Мянган хүний уухай, мянган морины төвөргөөнийг дэлдүүлээд болохгүй бол түмэн морьтонд хүргэнэ дээ. Одоохондоо харин сэлэм барихыг тэвчээд л байна. Зөвхөн ташуураа бариад л явахад болж байна. Харин хүн дайраад ирвэл цохихгүй байж болохгүй байх.

-Заамраас гэхэд таван морьтой залуу “Өдрийн 20 мянган төгрөг өгнө гэсэн” гээд наашилсан сураг дуулдсан?
-Иргэд ажилгүй байна. Иймд яагаад эх орноо хамгаалах гээд ирж байгаа хүмүүст өдрийн томилолтын хэмжээний мөнгө өгч болохгүй гэж. Болно шүү дээ.

-Тэгэхээр 20 мянган төгрөг өгч байгаа нь үнэн гэсэн үг үү?

-Үгүй ээ, 20 мянга гэдэг чинь их байна. Морьтнууддаа 15 мянган төгрөг өгч байгаа. Тэд чинь цэргүүд гэсэн үг шүү дээ. Мөн моринд нь 10 мянгыг өгсөн.

-Нийлээд 25 мянган төгрөг юм биш үү?
-Тийм ээ.

-Танайхан хоол цайгаа энэ мөнгөнөөс авч байгаа юу. Дээр нь моринд тавьж өгөх өвсний асуудлыг яаж шийдсэн юм бэ?

-Хоолыг нь бид хийж өгч байгаа. Тэгэхгүй бол хоолондоо 10 мянгыг нь үрчихнэ шүү дээ. Өвсийг нь ч гэсэн бид хангасан. Өнөөдөртөө ширүүсээгүй л болохоос бус Монголын ирээдүйн морин цэргүүд бүрэлдэж байна гэсэн үг. Бид эмх журамтай, цэгцтэй байгаа. Ташуураа бариад явж байгаа. Сэлэм барина гэж өнөөдөртөө хэлэхгүй. Амихандаа мориныхоо байдлаар, уухайн түрлэгээр ойлгуулах гээд байна.

-Уухайн түрлэгээс эрх баригчид юуг ойлгох ёстой гэж?

-Ерөнхийлөгч гарч ирж бидний үгийг сонсох ёстой. Засгийн газар, УИХ-ын гишүүд сайн дураараа албанаасаа буух өргөдлөө өгөх хэрэгтэй.

-Дараагийн сайд, УИХ-ын гишүүн нь тэгээд хэн байх вэ. Та болоод таны хамтран зүтгэгчид үү?
-Ингэж хэлэх хүн олон байгаа байх. Тэдэнд хэлэхэд бид болохгүй. Бидэнд тийм хүсэл байхгүй. Ерөнхийлөгч үлдэж, асуудлыг зохицуулах ёстой.

-Ямар ч тохиолдолд Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийг үлдээнэ гэсэн үг үү?
-Ц.Элбэгдоржийг үлдээж ч болно, үлдээхгүй байж ч болно. Ямар ч байсан УИХ тарж, Засгийн газар огцрох боллоо гэхэд тэд ээлжит бус сонгууль зарлах ёстой. Бас боломж олгож байгаа биз. Гэхдээ тэр ээлжит бус сонгуулийг намгүйгээр явуулах хэрэгтэй. Ард олны дунд энэ хоёр асуудлаар санал асуулга явуулахыг бид шаардана.

-Олон нийт одоогийн “УИХ, Засгийн газрыг сонгуулийн хугацаа дуустал ажиллах хэрэгтэй” гэж үзвэл та бүхэн өөрсдийн саналыг татаж авах уу?
-Тэгвэл бидний хийж байгаа тэмцэл буруу гэсэн үг. Тэр тохиолдолд бид ингэж дөвчигнөх хэрэггүй болно.

-Та өнөөдрийн тэмцлээ дөвчигнөлт гэж үзэж байгаа хэрэг үү?
-Ард олон бидний саналыг “Буруу” гэж үзвэл бид яалт ч үгүй дөвчигнөсөн л хэрэг болно. Тэр утгаар нь хэлсэн.

-Дараагийн мянган морьтнууд хэзээ ирэх юм бэ. Одоогоор Сүхбаатарын талбай “адуу”-гүй байгаа шүү дээ?
-Нийслэлийн Цагдаагийн газраас бидэнд “Морио гаргаач” гэдэг санал тавьсан. Ард түмний их хуралдай болохтой зэрэгцээд бид ч морио гаргахгүй бол Сүхбаатарын талбайд байрлуулсан энэ нүсэр хөгжмийн дор байлгаад хэрэггүй гэж шийдсэн. Бас хэцүү шүү дээ.

-Төр та бүхэнд “Энд жагсаал болох тул морио гаргачих аа” гэж гуйж. Та нар “Өнөөдөр гаргачихаад маргааш оруулаад ирнэ ээ” гээд сууж байна. Үүнээс үүдээд би хувьдаа “Монголын төр хэт хүчгүйдээд байгаа юм биш үү” гэж бодож байна. Та бүхнээс гуйж морь гаргана, оруулна гэдэг бол яг үнэндээ их утгагүй хэрэг. Төр зарим тохиолдолд хүчээ илэрхийлж, хатуурхах ёстой байдаг даа?

-Үнэнд гүйцэгдэнэ гэдэг л болж байна. Тэд бидний хүслийг нийт монголчуудын хүсэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

-Та шууд Монголын төрийн буулт гэж хэлэх үү?
-Буулт мөн л дөө.

-Та өнөөдөртөө ташуур барьж байна гэсэн. Хэрэгтэй бол сэлэм барина гэж ойлгож болох уу?

-Барина.

-Юун төлөө?
-Хэт саад болж байгаа хүнтэй тооцоо бодохын тулд бидний өвөг дээдэс сэлэм хэрэглэж байсан биз дээ. Тэр жишгээр л хэрэглэнэ.

-Гэхдээ тэр үе ард үлдсэн гэдгийг та үгүйсгэхгүй биз дээ?
-Эртний үе биш ээ. Тэр үе чинь харин ч одоо ирчихээд байна. Ялгаа алга. Монгол хүний, монгол морины гүйцэтгэх үүрэг яг хэвээрээ байгаа. Харин ч бүр их хэрэгцээтэй болж байна гэж үзэж болно.

-Сэлмийг бусдыг устгахын төлөө урладаг гэдгийг энд сануулах хэрэгтэй байх?
-Тийм ээ. Хэрэв бидний өөдөөс хүч хэрэглэх, илт басамжлах тохиолдолд бид нар хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй биз дээ. Түүнээс бус юу, юугүй нэг нөхрийн толгойг бөнжигнүүлэх гээд байгаа зүйл алга.

-Гэхдээ л таны бодлыг олон хүнд бүү “халдварлаасай” гэж хүсэх хүн нэгээр тогтохгүй гарах байх аа?
-Энэ бодол халдварлах бий гэхээс айх хэрэггүй. Харин айдастай байгаагаасаа айх хэрэгтэй. Өвөг дээдсээс үлдээсэн энэ сайхан нутгийг харийнханд өгч, юу ч үгүй болгож байгаадаа л бид айх ёстой. Ийм нөхцөл байдал бэлэн болчихоод байхад бид зүгээр сууж чадахгүй. Энэ бүхний өмнө өөрсдийгөө “Яасан ч яах вэ” хэмээн золиослоод зогсч байгаа манай залуус бол үнэхээр гавьяатай хүмүүс.

-Та бүхэн тэгвэл тэдэнд санхүүгийн ямар эх үүсвэрээр  өдрийн 25 мянган төгрөг өгөөд байгаа юм бэ. Дээр нь хоол, өвсний зардал байна?
-Өөрсдийнхөө төдийгүй амьтан, ах дүүгийнхээ халаасыг шавхаж байгаа.

-Таны халаас гэхэд тийм зузаан гэж үү?
-Минийх шалихгүй ээ. Би нөгөө Голдмэний шагнал авснаас хойш байраа зарж, мөнгийг нь хөдөлгөөнийхөө ажилд зарцуулсан. Одоо айлын хажуу өрөөнд амьдарч байгаа. Гэхдээ болно оо.

-Танайх хэдэн хүүхэдтэй юм бэ?

-Дөрвөн хүүхэдтэй.

-Сүхбаатарын талбайд хүн хоололж, цалинжуулчихаад эх­нэрээ дөрвөн хүүхдийнх нь хамт айлын хажуу өрөөгөөр дагуулаад явах нь та зөв гэж итгэж байна уу?
-Зүгээр ээ. Манайх гэхдээ гэртэй. Хөдөөний гэр маань Хар усан тохойд байгаа. Улс орон ийм хүнд байхад хаана ч амьдарсан яах вэ дээ.

-Үр хүүхэд, хань ижилд тань хэцүү биш үү?

-Хэцүү биш ээ.

-Та байраа зараад мөнгийг нь дуусгаж, бусад нь тэгээд юугаараа санхүүжүүлж байна?
-Найз нөхөд, дэмжигчид өгч байна. Дээр нь бизнесийн бүлэглэлээс өгч байгаа. Тэд чинь бас “Юм эргэх гээд байна” гэж бодоод байх шиг байна.

-Алсын хараа гэсэн үг үү?
-Тэгж хэлж болно байх.

-Тэд төрд ч адилхан хандив өргөж байгаа шүү дээ?
-Хамаагүй ээ. Хоёр талд өгч л байна биз. Гол нь бид хөдөлж л байх ёстой.

-Тэд өгснийхөө төлөө та бүхнээс юу хүсч байна вэ?
-Тэдэнд хүсүүлэхгүй ээ. Баярлалаа л гэдэг юм.

-Гадны санхүүжилт байхгүй юу?
-Тийм юм ёстой байхгүй. Бид шууд зайлсхийнэ.

-Танайх Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хөдөлгөөнд нэгдэх үү?
-Учиргүй яг таг ярилцсан зүйл алга. Гэхдээ Монголын төр засгийг өөрчлөх эхний зорилгынхоо төлөө бид хамт л байх ёстой. Энэ бусармаг төрийг буулгахын төлөө хамтарна.

-Н.Энхбаяр хэн гэдэг нь чухал биш гэсэн үг үү?
-Тэр хамаагүй ээ. Монгол төрийн энэ муу, муухайг арилгаж, энэ бүлэглэлийг арилгахын төлөө бол “Тэр хүн ийм”, “Энэ хүн ийм” гэх мэт олныг бодох хэрэг алга. Гол нь эхний зорилго нэг байгаа нь л чухал. Монгол хүн болж төрснийхөө хувьд бид Монгол Улсынхаа төлөө үүнийг хийх хэрэгтэй.

Г.Отгонжаргал


Зохиогчийн эрх:

"Улс
төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж