Хөрөнгө оруулагчдын түрэмгийлэл

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдын түрэмгийлэл

Хавтгай дэлхийн эдийн засаг Монгол Улсыг хөөрөгдөж “Дэлхийн хамгийн баян орон” гэсэн тодорхойлолтоор “дэгэн дэрвүүлж” байна. Яг л хөлд орж буй хүүхдийн гэнэн сэтгэхүйгээр хаа сайгүй тэмтчиж, дэгэн дэрвэхийг нь харсан хөрөнгө оруулагчид “өхөөрдөм сайхан”-ыг нь магтан дуулж, эгээтэй л тэвэрч үнсэх нь холгүй тохуурхацгаах аж. Үүнийх нь балгаар бид ч хөрөнгө оруулагчаас сайхан хүн үгүй мэт аашилж, өөрөө өөрсдийгөө тоглоомын талбарт үнэд хүргэсэн мэт оодорцгооно. Гэвч үүний ард хөрөнгө оруулагчдын түрэмгийлэл газар авч, хаа сайгүй гадаад түншийн ноёрхол та биднийг нөмрөх нь тэр. Нэг л мэдэхэд хятад хүнгүй орон сууц, солонгос ноёнгүй цайны газар, канад эзэнгүй уул уурхайн компани гэж үгүй боллоо. Мэдээж зах зээлийн эдийн засгийн харилцаанд дурлагч та бидний хувьд үүнээс төвөгшөөж, үзэн ядах хэрэг үгүй. Гагцхүү эх орны аюулгүй байдлын гол хэмжүүр болох түлхүүр нь хаа байгаа нь мэдэгдэхээ болих цаг ойртож буй бололтой.

Дэлхийн эдийн засгийн уналт нэгэн үеийг бодоход сэргэх сэжим рүү дөтөлж, шинэ санхүүжүүлэгчдийн нүүдэл Монгол руу чиглэж байна. Их хотыг бараадсан малчин олны нүүдэл мэт хөврөх тэдний шинэ суурин нь Монгол Улс болох нь гарцаагүй. Малчид хөдөө орон нутгаас нийслэлийн аж амьдралд яарах мэт туйлшралтай давхцсан хөрөнгө оруулагчдын их нүүдлээс бид юу хожих ёстой вэ. Энэ асуултын хариулт мэдээж хөгжил. Үүний зэрэгцээ юу өгөх вэ гэдэг нь ч бас ойлгомжтой. Байгалийн баялгаа сэргэж буй дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болгон өгнө.
Дэлхийн эдийн засгийн хамгийн сүүлийн мэдээлэл хийгээд тооцооноос харахад Япон, Герман, Америкийн эдийн засагт илт сэргэлт гарч байна. Зөвхөн Америк гэхэд өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт нь 1.25 хувиар өсч Мөн хөгжиж буй орнуудын хувьд ДНБ-ийх нь өсөлт таван хувьд хүрээд байгаа. Урд хөрш Хятад гэхэд л үйлдвэрлэлийн өсөлт нь огцом дээшилсэн. Эргээд энэ нь Монголын эдийн засгийг хөхүүлэх хөдөлгөгч хүч болж буй. Нэг хэсэг саарч байсан хөрөнгө оруулагчдын цуваа энэ удаа хурдасч, “Танайд хөрөнгө оруулмаар байна” гэх хүсэлт эрчимжих болж. Үүнийг Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийн мэдээллээс харж болно. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн босгыг доод тал нь 100 мянган ам.долларт хүргэсэн ч хөрөнгө оруулалтын хэмжээ нь гурав орчим тэрбум ам.долларт хүрсэн. Үүнийг 2015 он хүртэл тооцоолоход 10 тэрбум ам.долларт хүрнэ. Зөвхөн жилийн хугацаанд 300 орчим сая ам.доллараар өснө гээд бодоход хөрөнгө оруулагчдын Монголын эдийн засагт оруулах хувь нэмэр хэр байхыг тооцоолоход хялбар болно.
Гэтэл үүний цаана нийтлэлийн эхэнд дурдсан хөрөнгө оруулагчдын түрэмгийлэл хаана хүрэхийг харин төсөөлөх аргагүй юм. Өдгөө манай Засгийн газар “Алтан Дорнод Монгол”-ын шахалтаар олон улсын арбитрын шүүхийн үүдэнд шийдвэр хүлээн “зогсч” буй. Тэдэнд боломж бололцоо олгож, эргээд бодоогүй олгосон боломжоо буцааж авахыг хүссэн нь ийн олон улсад элэг доог болгож байна. Үүниийхээ төлөө ч зургаан тэрбум төгрөгийг үр дүнгүй зарлагадаж суугаа. Дараагийн нэг зарлагадагч нь “Голдмэн сакс” банк. “Монгол газар” компанийн “Олон овоот”-ын лицензээс үүдэлтэй энэ маргаанаас хохиролгүй гарахыг хүссэн тус компани ил тодоор Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан бичгээ ирүүлсэн байгаа. Ингэхдээ “Голдмэн сакс” ч хуурамч бичиг баримт бүрдүүлж, ашиг сонирхлоо хамгаалахдаа үүнийгээ үл тоомсорлож буй гэх шүүмжлэл бий. Үүний араас Дарханы төмөрлөгийн үйлдвэр Хятадын хөрөнгө оруулагчдаас Төмөртэйн хүдрийн ордыг булаасныхаа төлөө бас л олон улсын арбитрт очихоор болсон мэдээлэл бий. Ийн Монголын төрийн үе үеийн удирдлагуудын алдаанаас болж манайх олон улсын арбитрын шүүх дээр тусгай өрөө түрээслэх хэмжээний нөхцөл байдалд орох нь. Ингэж байтал Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани бас л олон улсад Монголын нэр төрийг унагах оролдлого хийж байна. Засгийн газар ч үүнд эртнээс бэлтгэж, нүхээ малтан “Хан ресурс”-тай үүсэх маргаанд бэлтгэх ажлыг холбогдох мэргэжилтнүүдэд нь даалгажээ. Энэ нь нэг талаас Монголын Засгийн газрын алдаа боловч хөрөнгө оруулагчдын түрэмгийлэл гэхэд алдаа болохгүй.
Тэд Монголын Засгийн газрыг ядуу гэдгийг мэдэж байгаа. Оюутолгойн хөрөнгө оруулагчид ч 250 сая ам.долларын зээлээ ямар их сүр дуулиантай гардуулж байна. Үүнийг нь манай төрийн өндөрлөгүүд ч ямар их ёслол төгөлдөр гардаж авав. Энэ нь дээрх хөрөнгө оруулагчдыг “Эд ядуу юм чинь дээ” гэсэн бяцхан хошигнол хийхэд хүргэж “Бидний хөрөнгө оруулалтын зардлыг төлж дийлэх үү” гэдэг дайралт хийлгэх аж. Мөн “Хүний хөгжлийн сан”-гийн мөнгө ч гадаадын хөрөнгө оруулагчдын халааснаас гарч байгаа. Тэд “Биднээс мөнгө авч иргэддээ тараадаг” гэдгийг хэнээс ч илүү сайн мэднэ. Харин манайхан “Монгол баян” гэж хэлэхээс өөр ямар ч гарцгүйгээр тэдний аманд орох нь халгүй найр тавихаа зогсоохгүй нь харамсалтай.

Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас үүдэж манай улсын алтны олборлолт огцом буурсан. Гэхдээ зөвхөн Монголбанканд тушаах алтны хэмжээ. Тэгсэн хэрнээ “Бид явна” хэмээн айлгаж байсан хөрөнгө оруулагчдын нэг нь ч гарч яваагүй. Тэгсээр атал алт тушаалтын хэмжээ буураад байхад Засгийн газар ямар ч шийдвэртэй алхам хийж чадаагүй. Гааль дээр ганц нэгхэн нууж гарах гэсэн алт олж ирлүүлснийг эс тооцвол. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг хянаж шалгах, нягталж судлах ажлаа төр хийгээгүй гэдгийг та бидэнд баталж өгнө. Улс орнууд хөгжөөд байхад Монгол яагаад ядуу хэвээр үлдээд байгаагийн хариулт нь ч үүнтэй холбоотой. Шинэ зуунд дэлхийн эрдэс түүхий эдийн хэрэгцээ 25 хувиар өсөөд байхад манайд орж ирж байгаа бодит хөрөнгө оруулалт нь алга. “Байгалийн баялгаа үндсэн баялаг болгож ашиглана” гэдэг урианаас өөр юу ч үгүй. Хоолны зах зээлээ Өмнөд Солонгос, худалдааны зах зээлээ Хятадад, байгалийн баялгаа Канад, Америк, Хятадад атгуулчихсан. Үр дүнд нь боловсролгүй монголчууд нь хямд ажиллах хүчин болохоос хэтрэхгүй. Ийм байхад хөрөнгө оруулагчдын түрэмгийлэлд хяналт тавьж, харилцан ашигтай байхыг чухалчлах цаг иржээ. Эс бол зүгээр түрэмгийлүүлээд л суух хэрэгтэй биз. Сохрын газар сохор, доголонгийн газар доголон гэдгээр…

Г.Отгонжаргал /Улс төрийн тойм сонин/.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж