Ардчилсан намын бүлэг ширээ, сандал хөөцөлдөөгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг ширээ, сандал хөөцөлдөөгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа  таван асуудлыг авч хэлэлцжээ.  Энэ талаар бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн юм. Бүлгээр хэлэлцсэн эхний асуудал  нь Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл байсан аж.  Эл төслийг бүлгийн гишүүд зарчмын хувьд нь дэмжсэн, гэхдээ  стратегийн гэх нэрийнн дор олон салбарыг  хамруулах нь төслийн утга агуулгыг  бүдэгрүүлэх талтай хэмээн үзжээ. Мөн эдийн засгийн өсөлтийг хангах,  хувийн хэвшлийн үйл ажиллагааг боомилох, гадны хөрөнгө оруулагчид орж ирэхэд хаалт болох вий гэдэг болгоомжлолыг гаргасан байна.

Хоёрдугаарх нь,  Хөдөө аж ахуйн гаралтай бараа,  түүхий эдийн  биржийн тухай хуулийн төсөл аж.  УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар тойргууд дээрээ ажиллах үед энэ хуулийн зохицуулалтыг хэрхэн хийх вэ гэдэг дээр судалгаа хийжээ. Эцэст нь  Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржтэй эргэж холбогдоход заавал төрийн оролцоотой бүтцээр дамжуулах нь учир дутагдалтай, хувийн хэвшил дээр тулгуурласан бүтцээр хийх боломжтой гэж үзсэн байна. Гэхдээ биржийг хөл дээр нь  тогтох хүртэлх  эхний хугацаанд төрөөс санхүүгийн болон бусад туслалцаа дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай гэж үзжээ.  Тухайлбал, төрөөс өнгөрсөн гурван жилийн хугацаанд газар тариалангийн салбарыг хөгжүүлэх зорилгоор тодорхой дэмжлэг үзүүлж ирсэн. Үр дүнд нь  газар тариалангийн салбар сэргэсэн. Түүнтэй нэгэн адил Хөдөө аж ахуйн гаралтай,  түүхий эдийн бирж дээр эхний үед нь төрөөс дэмжлэг үзүүлчихвэл  заавал төрийн нүсэр бүтэц,  дамжлага бий болгохгүйгээр хувийн хэвшилд үндэслээд байгуулаад явах бололцоотой хэмээн үзжээ.  Тийм учраас  ажлын хэсгийг энэ чиг үүргийг барьж,  саналаа боловсруулах үүрэг хүлээлгэсэн юм байна.  Харин ажлын хэсгийнхнийг санал боловсруулж дуустал хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулахаар болжээ. 

Бүлгээр энэ өдөр Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томилох тухай, УИХ-ын дэд хороодын дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулжээ. Шалт­гаан нь уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэгтэй зөвшилцөх шаардлагатай хэмээн үзсэнтэй холбоотой аж. Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчид түүнээс дараах асуултад хариулт авсан юм.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл дээр танай бүлэг завсарлага авсан. Хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Хууль батлагдахаас урьтаад Улаанбаатар хотын дүүргүүдэд хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор шинэ бүтэц бий болгосон байсан. Энэ нь хууль зөрчсөн үйл явдал болсон учраас  Ардчилсан намын бүлгийн хувьд хууль зөрчсөн үйлдлийг засч залруулах шаардлагатай гэж үзэн завсарлага авсан.  Нэг бол Ерөнхий сайд хууль зөрчсөн үйл ажиллагааг дэмжсэн захирамжийг хүчингүй болгох, эс бөгөөс Улаанбаатар хотын Засаг дарга өөрөө алдаагаа засах ёстой гэж үзсэн. Тийм учраас бүлгээс Ерөнхий сайдад хандан албан бичиг илгээж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэсний дараа хуулийн төслийг  хэлэлцээд явах боломжтой.
УИХ дахь МАН-ын бүлгийн нэг гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ардчилсан намын бүлэг ширээ сандал хөөцөлдөөд,  энэ асуудлыг яриад байна гэсэн утгаар асуудалд хандсан байсан. Үүнтэй ямар ч холбоогүй.  Аль ч  хууль, ямар ч салбар дээр хэрэгжих ёстой гэдэг үүднээс асуудалд хандаж байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

-УИХ дахь МАН-ын бүлэгт төдийгүй, Ардчилсан намын бүлэгт Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг гишүүн цөөнгүй. Энэ байр сууриа танай бүлгийн гишүүн Д.Ганхуяг илэрхийлснийхээ төлөө элдвээр хэлүүлж байна. Бүлэг ямар байр суурь баримталж байна вэ, гишүүнийхээ бүрэн эрхийг хамгаалах асуудалд?

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс аль нэг гишүүнийхээ байр суурь руу халдах дайрах, дэмжих зүйл байхгүй. Гэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрх рүү нь халдах хүртэл байдал үүсвэл бүлэг хамгаалахаас өөр арга байхгүй, нам хамгаалахаас өөр арга байхгүй. Бүлгийн хувьд  27 гишүүн цуглаад, асуудлаа тал бүрээс нь ярьж байгаад олонхиороо шийдвэрээ гаргадаг. Засгийн газар болохгүй байна, хангалтгүй ажиллаж байна гэсэн  олонхийн санал гарах юм бол тэр саналынхаа дагуу Ардчилсан намын бүлгийн байр суурь  дүгнэгдээд явна. Өнөөдөр бид яг энэ зүйлийг ярьсан. Олонхиороо яг энэ асуудлыг хэлэлцсэн, ажлын хэсэгт чиглэл өгсөн. Ирэх долоо хоногт албан ёсоор бид чуулганы нэгдсэн хуралдаанд байр сууриа илэрхийлээд явна. Ямар нэг асуудал байхгүй.

-Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг татах тухай асуудал дээр бүлэг аль талыг илүү барьж байна вэ. Сүүлийн жилүүдэд Монгол Улс дотоодынхоо компанид хатуу хандаад, гадныханд хэт найр тавьж ирлээ?

-Стратегийн хөрөнгө оруулалттай ач холбогдол бүхий аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулалт дээр бид нэг хязгаараас нөгөө хязгаар руу хамаагүй үсэрч болохгүй. Өнгөрсөн 20 жил гадны хөрөнгө оруулалтыг дотоодын хөрөнгө оруулагчдаас хамаагүй илүү нөхцөл тавиад, байнга уриалан дуудаж байсан. Одоо бол байр суурь өөрчлөгдөөд ямар нэг давуу тал гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулагчдын дунд хэнд ч байхгүй болсон, хууль эрх зүйн хүрээнд. Өөрөөр хэлбэл, хэнд нь ч илүү гарсан нөхцөл байхгүй. Харин үүнийг хэтрүүлээд гадны хөрөнгө оруулалт муу муухай зүйл, байх ёсгүй зүйл гээд дахиад нөгөө туйл руу нь аваачиж болохгүй. Улс орон хөгжихдөө гадна,  дотны хөрөнгө оруулалт зөв балансаар л хөгждөг. Тийм учраас аль салбар дээрээ гадны хөрөнгө оруулалт хэдэн хувиас илүүгүй байх ёстой юм, энэ зохицуулалтыгаа хэн хянаж байх юм, ямар журмаар явж байх юм гэдгээ хуульчилдаг. Өнөөдрийн бидний ярьж байгаа энэ төслийн хүрээнд зохицуулалтыг хийх гэж байна. Тийм учраас аль салбар дээр хэдэн хувийн зохицуулалт байх юм, хяналтаа яаж тавих юм, хэрэгжүүлэлтээ яаж хийж байх юм гэдгийг л зохицуулах гэж байгаа.

-Ард түмний их хуралдайгаас таныг олигархи гэж нэрлэсэн байсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Өнөөдрийн хэвлэлүүдэд гарснаар 14-т нь жагссан шиг байна, Д.Дэмбэрэл дарга миний ард байх шиг харагдсан. Олигархи гэдэг  шинэ нэр авсандаа өөрөө би гайхаад сууж байна. Ямар үндэслэлээр, ямар шалгуураар гаргасан гэдгийг нь хэлж мэдэхгүй юм. УИХ-ын гишүүнийхээ хувьд хуульд заасныхаа дагуу жил бүр Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгдөг. Хөрөнгө орлогын мэдүүлэг маань урьд жилүүдийнхээсээ өөрчлөгдсөн зүйл байхгүй. Яасан ч их хожуу шалгаруулдаг юм, хэдэн жилийн өмнө шалгаруулахгүй. Миний бүх юм хэвээрээ байгаа, бүх юм нээлттэй. Харин олигархи гэдэг үндэслэлд нь яагаад орчихсоныгоо ер ойлгоогүй.

Улстөрчийнхөө хувьд хийх тайлбар байна. УИХ дахь хоёр дахь том намын бүлгийг ахлаад явж байгаагийнхаа хувьд орсон юм болов уу  даа. Сонгодог утгаараа олигархи гэдэг дотор нь би яваад орчихвол надтай хамт олон хүмүүс орох шаардлагатай л болох байх.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж