Сирийн эрх баригчид харгислалын тухай ташаа мэдээлсэн гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Сирийн эрх баригчид харгислалын тухай ташаа мэдээлсэн гэв

Бямба гаригт өмнө эсэргүүцлийн жагсаалд оролцон амиа алдагсдыг нутаглуулжээ. Гашуудлын арга хэмжээ нь шинэ эсэргүүцлийг гаргахаар болж байлаа. Амь үрэгдэгсдийн дурсгалд зориулан католикийн сүмд ном хуржээ. АНУ, Франц жагсагчдыг хөөн тараасныг эрс буруутгалаа. Сирийн эрх баригчид хүчирхийллийг гэмт хэргийн бүлгийнхэн өдөөсөн, 112 хүн амь үрэгдсэн гэх жагсаалын зураглал нь эвлүүлэг байсан гэж мэдэгджээ.

Бямба гаригийн эсэргүүцэл өмнөх шигээ өргөн цар хүрээтэй байсангүй. Сиричүүд амь үрэгдсэн ахан дүүсээ оршууллаа. Бямба гаригийн шөнө Сирийн Христийн сүм хийдэд ч мөргөл болов. Сирийн нийслэл Дамаск хотод оршуулгад оролцсон хүмүүсийг мэргэн буучид буудсан байна. Дамаскийн дагуу Дума хотод дөрвөн хүн алагджээ. Барзах дүүрэгт гурван хүн амь үрэгдлээ.

Баасан гаригийн мөргөлийн дараа Дамаск, Дераа, Моадамия, Латакия, Баниас, Камышлы ба бусад хотуудад өргөн цар хүрээтэй эсэргүүцэл болов. Жагсагчид Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг огцрохыг шаардан “Эрх чөлөө! Эрх чөлөө!”, “Бурхан, Сири, эрх чөлөө” гэсэн уриатай жагсчээ.

“Сири Иранаас жишээ авчээ”

Сөрөг хүчнийхэн, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн яриагаар аюулгүйн албаныхан тэднийг жинхэнэ сумаар буу­дан резинэн бороохойгоор зо­дож байжээ. Хүний эрхийн тө­лөө тэм­цэгчдийн хэлснээр амь үрэгдэгсдийн дунд  10 хүүхэд, 70 настай өвгөн бай­жээ гэж Al-Arabiya сонин бичсэн байна. Сирийн аюулгүйн албаныхан ням гаригийн шөнө сөрөг хүчнийхнийг нууцаар баривчлан үл мэдэгдэх газар руу зөөж байгаа тухай Reuters мэдээлжээ.

Сүүлийн мэдээгээр бямба гаригийн оршуулгын ёслолд байсан хүмүүсээс үрэгдэгсдийн нийт тоо 12 хүн боллоо. Даваа гаригийн өглөөгүүр Дераа хотод цэрэг, хуягт техникийг оруулжээ.Цэргийнхэн жагсагчдын эсрэг гал нээсэн тухай мэдээ байгаа ч хохирлын хэмжээг мэдээлээгүй байна. Мөн гэрч нарын яриагаар Дамаск хотын дагуул дүүргүүдэд цэрэг оруулжээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама жагсагчдын эсрэг хүч хэргэлснийг “дургүйцэл төрүүлсэн” хэрэг гээд ийм зүйлийн эсрэг “хамгийн хүчтэйгээр дур­гүйцлээ гаргадаг” гэсэн байв. Түү­ний хэлсэнээр Башар Ассад “өөрийн ард түмнээ сонсоогүй” бөгөөд “жаг­сагч­дын эрхийг хүндэтгэхээс татгалзсан” болжээ.

АНУ нь Сирийг алан хядагчдыг ивээ­дэг орон гэж тооцож ирсэн ба сүүлийн үед Дамаскийн эсрэг хатуу үйл ажиллагаа явуулах тухай чангаар яригдаж эхлэв. Хэрэв Ассад засгаа алдвал Ираны дотно түнш учраас АНУ-д ашигтай байх юм.

Сирид болж байгаа явдалд Франц ихээхэн түгшиж буйгаа мэдэгдлээ. Энэ гэмт хэргийн буруутнуудыг тогтоож, шүүх ёстой хэмээн Францын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Кристин Фаж мэдэгдэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун жагсагчдын эсрэг ажиллагааг эрс буруушааж хүчир­хийллээ “нэн даруй зогсоохыг” шаардсан байв.

Шилтэй цус

Сирийн эрх баригчид та­л баасан гаригт жагсагчид цөөн  байсан, хүчирхийллийг гэмт хэргийн бүл­гийнхэн хийсэн гэв. Цугларсан хүмүүсийн эсрэг аюулгүйн алба­ныхан зөвхөн нулимас асгаруулах хий, усан буу хэрэглэн мөргөлдөөн гар­гахаас урьдчилан сэргийлэх арга хэм­жээ авсан гэжээ.

Албан ёсны хэвлэлд нь цагдаагийнхан олон тооны дижитал аппарат хураан авсанд нь хүчирхийллийн тухай сурвалжлага, зургуудийн эвлүүлэг байсан гэж бичсэн байв. Гэмт хэргийн бүлэг шилтэй цусыг хүртэл ашигласан гэж тэд бичжээ.

Башар Ассад бараг тавин жил үйлчилж байсан онц байдлыг цуцалсны дараагийн өдөр эсэргүүцлийн жагсаал гарсан юм.

Хөрш Ливанд

Сирийн сөрөг хүчнийхнийг хөрш Ливаны исламистууд дэмжихээр шийдсэн байна. Ливаны хоёр дахь том хотод хэт даврагчдын Хизб аль-Тахрир  бүлэглэл жагсаал зохион байгуулан Сирийн эрх баригчдын бодлогыг эсэргүүцлээ. Эсэргүүцлийн ажиллагаа гурван цаг үргэлжлээд тайвнаар таржээ.


Энэ үеэр Дамаскт автобусаар очдог ливанчуудаас Daily Star сонины сурвалжлагч ярилцлага авсан байв. Сөрөг хүчнийхний эсэргүүцэл тэдний бизнест ямар нэгэн нөлөө үзүүлээгүй гэж тэд яриад Дамаскт онцын үймээн самуун алга гэжээ.

Хэд хоногийн өмнө  Дамаскт очоод ирсэн сиричүүд мэдэгдэхдээ Сирийн тухай олон улсын хэвлэл худал мэдээлж байна гээд «Al-Jazeera» ба «Al-Arabiya» зэрэг араб телевизүүдийг “худалч ноход” гэж хэлсэн байв.

Ойрхи Дорнодын үймээн

Эцгийгээ нас барсны дараа 46 настай Башар Ассад 2000 онд ерөнхийлөгч болсон юм. Өнгөрсөн жилийн сүүлээр Ойрхи Дорнодод үймээн жагсаал эхлээд Тунис ба Египетийн ерөнхийлөгч нарыг засгаас зайлууллаа. Йемены ерөнхийлөгч тохиролцоонд орон халдашгүй дархани эрхээр тушаалаа сольж байна. Ливид Муаммар Каддафи ба сөрөг хүчнийхний сөргөлдөөнд олон улсын хүчин оролцож эхлэв. НҮБ Триполийн эсрэг хориг арга хэмжээ аваад НАТО-гийн онгоцнууд Жамахирийг бөмбөгдөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж