
Mercedes Benz компани Шанхайд болсон авто үзэсгэлэнгийн үеэр A-Class авто загварыг танилцууллаа. Германы автомашин үйлдвэрлэгч өөрийн шинэ загварын автомашиныг шинэ эриний эхний цохилт хэмээн тодотгосон бөгөөд шинэ загвар нь дөрвөлжин хэв маягаас татгалзаж, хотод тохиромжтой овор бага, илүү урт капоттой болж, илүү спорт загварыг бүрдүүлснээр өмнөх загвараас ялгаатай болжээ. Mercedes-Benz-ийн ерөнхий дизайнер Гордэн Вагнерийн тодорхойлсноор “A-Class загварыг нисэх хүчний инженерчлэлийг ашиглан, сэвэлзэх салхины биеийг төлөөлүүлж бүтээсэн” гэжээ.
Дахин шинэчлэгдсэн A-Class загвар нь дөрвөн цилиндр бүхий турбо хөдөлгүүртэй болсноор түлшинд хэмнэлттэй, илүү хурдан, тохилог болсон байна. Дээврийн хувьд илүү өргөн болсон тул хурд авахад илүү хөнгөн мэдрэмж төрүүлэх аж. Түүнчлэн радиолокацид суурилсан ослын анхааруулгын системтэй болсноор гэнэт болж болох ослын талаар урьдчилан анхааруулж, тормоз автоматаар ажиллах ажээ. Ингэснээр араас мөргөх ослоос хамгаалагдах магадлал нь энгийн автомашинаас 20 хувиар илүү болсон байна.
Б.Энхцэцэг