Бербатов “Шальке”-гийн эсрэг тулаанд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Бербатов “Шальке”-гийн эсрэг тулаанд оролцохгүй

Аваргуудын лигийн хагас шигшээд учраа таарсан “Шальке 04” болон “Манчестер Юнайтед” багийн эхний тоглолт өнөө шөнө Германд болох билээ. Харин тус тоглолтод Манчестерын “Улаан чөтгөрүүд” мэргэн бууч Димитар Бербатовын дэмжлэггүйгээр оролцох болж байна. Цавины гэмтлийн улмаас Премьер лигийн хүрээнд бямба гаригт “Эвертон”-ы эсрэг хийсэн тоглолтыг өнжсөн болгар довтлогч энэ үдшийн тоглолтыг ч мөн өнжихөөр болжээ.

Гэхдээ “МанЮ”-гийн бүрэлдэхүүн дэх гол тоглогчдоос өөр гэмтэл бэртэлтэй тоглогч байхгүй талаар Сэр Алекс өгүүлжээ. Бямба гаригт “Олд Траффорд”-д болсон тоглолтыг сэлгээний суудалд өнгөрүүлж, бага ч болов амарсан багийн ахлагч, төвийн хамгаалагч Неманья Видич болон хагас хамгаалагч Пак Чи-сон нараас гадна тус тоглолтын төгсгөл хавьцаа сэлгээнээс гарч тоглосон хамгаалагч Патриц Эвра, хагас хамгаалагч Майкл Каррик нар өнөө шөнийн тоглолтод гараанаас гарч тоглох гэнэ. Түүнчлэн Рьян Гиггс ч гарааны бүрэлдэхүүнд багтах нь дамжиггүй. Тэгснээр тэрбээр Европын тавцанд хамгийн олон тоглолтод оролцсон Британи хөлбөмбөгч болох юм.

Мөн Премьер лигийн шилдэг хаалгачдын нэг Эдвин ван дер Саар хөлбөмбөгийн ертөнцийн дээд амжилтуудад хүрэх боломжтой. Тодруулбал, “Челси” болон “Реал Мадрид”-д хүчин зүтгэж байсан хагас хамгаалагч Клод Макелелегийн Аваргуудын лигийн хагас шигшээд 13 удаа тоглосон амжилтыг давтах, мөн Европын топ төвшний өрсөлдөөнд 50 тоглолтод хаалгандаа гоол алдаагүй анхны хаалгач болох боломж ван дер Саарын өмнө нээлттэй.

Энэ улиралд 22 гоол оруулснаар “МанЮ”-гийн мэргэн бууч болоод буй Бербатовын эзгүйд Сэр Алекс Фергусон довтлогч Уейн Рүүни болон Хавьер Эрнандез гэсэн хослолыг урдаа тоглуулах биз. Тэд энэ улиралд нийтдээ 32 гоол оруулснаас мексик довтлогч бямба гаригийн тоглолтод 19 дэх гоолоо оруулсан билээ. Харин үлдсэн 13 нь Рүүнигийн нэр дээр бүртгэгдээд буй.

Хоёр багийн тоглолт Монголын цагаар 02.45 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж